“Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойших 15 жилд” Үндэсний чуулганыг нээж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн үг
2009.09.08

“Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойших 15 жилд” Үндэсний чуулганыг нээж УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн үг

oyunhorol_dЭрхэм хүндэт, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ.
Эрхэм хүндэт, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч, хатагтай Дебора Комини
Эрхэм хүндэт, НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ноён Хосе Феррарис

Ноёд, хатагтай нараа,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье.
Одоогоос 15 жилийн тэртээ, дэлхийн 179 орны төлөөлөгчид Египтийн Кайр хотод “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал”-ыг зохион байгуулж 20 жилийн хугацаанд хэрэгжих “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг баталсан нь хүн төрөлхтний хөгжлийн асуудлаарх түүхэн шийдвэр болсон билээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт манай оронд ямар үр дүнд хүрсэнийг дүгнэн цэгнэж, цаашид анхаарлаа төвлөрүүлэх асуудлуудыг тодорхойлон үндэсний хэмжээнд хэлэлцэхээр бид энд хуран цуглараад байна.

Хүн төрөлхтөний хөгжлийн үзэл баримтлалд хүнийг хөгжлийн төвд тавих шинэ хандлагыг онол арга зүйн талаас нь нухацтай авч үзэн дэвшүүлж, хүний эрхийн тухай ойлголтыг нөхөн үржихүйн болон бэлгийн амьдралтай холбоотой эрхийн асуудлаар өргөжүүлэн тодруулсан энэхүү хурлын шийдвэр зөв байсныг цаг хугацаа батлан харуулж, энэ чиглэлд үйл явц амжилттай урагшилж байна.

Манай улс Кайрын хуралд өөрийн төлөөлөгчдөө оролцуулж, түүний үзэл санааг бүрэн дүүрэн дэмжсэн бөгөөд уг үйл явц нь улс төр, эдийн засаг, нийгмийн эрс өөрчлөлтийн амаргүй үетэй давхцаж байсан ч амжилттай хэрэгжиж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал “ Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Монгол Улсын Мянганы Хөгжлийн зорилтууд”, ”Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг бодлогын олон баримт бичгийг батлан гаргаж, энэхүү түүхэн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд зохих анхаарал тавьж ирсэн юм.

Төрийн зүгээс хүний хөгжлийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд бодлогын болон хөрөнгө нөөцийг хуваарилахад гаргаж буй хүчин чармайлт, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын хандивлагчид, түүний дотор НҮБ-ын Хүн амын сангийн санхүү, техникийн тусламж дэмжлэг бүхий хамтын ажиллагаа чамлахааргүй үр дүнд хүрч байгааг тэмдэглэхэд таатай байна.

Монгол хүний хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулж буй дотоод, гадаадын бүх байгууллага, түншүүддээ энэ чуулганы хүндэт индрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Сүүлийн арван жилд эхийн болон нялхсын эндэгдэл тууштай буурч, 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэх сайхан төлөв харагдаж байна.

Хөгжлийн төлөвлөлтөнд хүний хүчин зүйлийг тусгах чиглэлд ч нааштай эхлэл тавигдаж байна. Бидэнд олон ололт, амжилт байгаа ч хот хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн үйлчилгээг алслагдсан хүн амд цаг алдалгүй хүргэх зэрэг анхаарал хандуулах шаардлагатай олон асуудал ч шийдлээ хүлээж байна.

Хүний хөгжлийг хангахад жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийн баталгааг буй болгох зарчимд суурилах, хөгжлийн бодлого боловсруулахад эрэгтэй, эмэгтэй иргэдийн оролцоог жигд хангах, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх, хүн амын эмзэг бүлэгт чиглэсэн үр дүнтэй хөгжлийн стратеги боловсруулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, гэр бүлийн хөгжил бэхжилтийг дэмжиж хүүхэд, залуу үеийн хөгжил ,иргэний төлөвшлийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхэд их зүйл санаачлан хийх хэрэгтэй байна.

Хот, хөдөөгийн болон олон улсын байгууллагуудын өргөн төлөөлөл оролцсон энэхүү чуулган тулгамдаж байгаа асуудлуудыг ул суурьтай гарган тавьж, хамтын шийдвэрт хүрч, Кайрын олон улсын хурлын хүнд ээлтэй хүний эрхэд суурилсан үзэл санааг хэрэгжүүлэх ажил шинэ шинэ агуулгаар баяжин монгол хүний хөгжилд их хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэж байна.

Чуулганы ажиллагаа Монголын Парламентын хөгжлийн бодлогоо боловсруулах ажилд шинэ санаа, туршлагаа хуваалцах, дэлхийн хандлага, туршлагын талаар өргөн мэдээлэл авах боломж олгож байгаад талархаж байна.

Энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар, бүх талын дэмжлэг үзүүлсэн НҮБ, НҮБ-ын Хүн Амын Сан, түүний Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт талархал илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа. Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.