2009.06.28

"Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хямралыг даван туулах ухаалаг сонголт мөн "

Дэлхийн хүн амын өдөрт зориулв
Эрхэмсэг Ноёд, Хатагтай нар аа,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн Хүн Амын өдрийг энэ жил "Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хямралыг даван туулах ухаалаг сонголт мөн" сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байгаа нь улс орнуудын Засгийн газар, ард иргэдийн зүгээс Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд эмэгтэйчүүдийн амьдрал, нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Энэ оны дөрөвдүгээр сард Лондон хотод болсон Их Хорийн дээд хэмжээний уулзалт дээр "...Эдийн засгийн хямрал хөгжиж байгаа орнуудад хамгийн хүчтэй нөлөөлөхийг онцлон анхааруулсан" билээ. Газрын тос болон хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс үүдэн нийгмийн эмзэг бүлгийнхэн, түүний дотор ахмадууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн амьдралд эдийн засгийн дарамт ачаалал ихээр мэдрэгдэх боллоо. Энэхүү хямралын үр нөлөө дэлхийн олон улс орнуудад хүндээр тусч байна. Энэхүү хямралын үр нөлөө манай улсыг ч тойрон гарсангүй.

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ цаг үед эмэгтэйчүүдийг чадавхжуулж, тэдэнд оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалт хийх нь ухаалаг сонголт болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Монголчууд бид Үндсэн хуулиараа эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг тунхаглаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс улс төр, эдийн засаг, нийгэм соёлын бүхий л хүрээнд болон гэр бүлийн харилцаанд ижил тэгш эрхтэй оролцохыг хуульчилсан ард түмэн. Монголчууд бид Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогодоо эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэднийг бүх талаар хөгжүүлэн чадавхижуулах, гэр бүлийг бэхжүүлж, хот хөдөөгийн амьдралын түвшний ялгааг арилгах, эмэгтэйчүүдийн хөгжлийн үйл явцад тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, алслагдсан бүс нутгийн хүн ам ялангуяа малчин эмэгтэйчүүдэд нийгмийн цогц суурь үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа ард түмэн билээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр зэрэг хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, хүйсийн тэгш байдлыг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Монгол орныхоо эмэгтэйчүүдийн талаар хэдэн тоо баримтыг энд хэлэхийг хүсч байна. Монгол улсын хүн ам жилд дунджаар 1,4 хувиар өсч, бид өнөөдөр 2,7 сая боллоо. Нийт хүн амын 51,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас хөдөлмөрийн насны хүн амын 50,4 хувь; нийт ажиллагсдын 49,4 хувь; дээд боловсролтай хүн амын болон нийт багш нарын 70 гаруй хувь; эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувь; төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувь; бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд тус тус эзэлжбайна1.

Бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх, эрүүл хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх, гэр бүлийн өдөр тутмын амьдралыг зохицуулах үүргийг манай ажилсаг, зарчимч, ухаалаг, гэгээлэг бүсгүйчүүд гүйцэтгэж байна. Монгол оронд ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх үйл явц эрчимжихийн хирээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, тэдний хөгжил дэвшилд гүйцэтгэх үүрэг роль өссөөр байна.

Гэвч харамсалтай нь өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн хямралтай нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс үүдэн эмэгтэйчүүд эдийн засгийн дарамт ачаалалд ихээхэн өртөж, Монголын ядуурал илүү эмэгтэйлэг хандлагатай болоод байна.

Эмэгтэйчүүд ядуу байх тусмаа жирэмсний болон төрөхийн хүндрэлийн улмаас эндэх, гэр бүл салах, аливаа дарамт хүчирхийлэлд өртөх нь илүүтэй байна. Тухайлбал: Манай улсад жилд дунджаар шинээр 34.0 мянга орчим гэрлэлт бүртгэгдэж байгаа ч гэр бүл цуцлалт 28.5 хувиар өссөн дүнтэй байна. 2009 оны эхний хагас жилд 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 82.7 хувьтай байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон 72 хүний 59 буюу 81.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Өнөөдөр дөрвөөс дээш олон хүүхэдтэй гэр бүл 80 гаруй мянга, өрх толгойлсон эмэгтэй 73.0 мянга орчим байгаа нь манай орны нийт өрхийн 11,6 хувийг эзэлж байна. Ажилгүйчүүд, орлого багатай иргэдийн бараг 60 шахам хувь нь эмэгтэйчүүд байгаагийн 17,8 мянга нь 25-35 насны эмэгтэйчүүд байна3. Нийт хүн амын 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт, тэдгээрийн 52 хувь нь ядуу зүдүү байдалд аж төрж байгаа эмэгтэйчүүд байна4. Энэ нь эдийн засгийн хямрал, бэрхшээл эмэгтэйчүүдэд илүү тусч байгааг илэрхийлсэн тоо баримт юм. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн гэрийн хөдөлмөрийн ачаалал хот суурин газрын эмэгтэйчүүдийнхээс хэд дахин их байна. Энэ нь хөдөөд дэд бүтэц сул хөгжсөн, хөдөлмөр хөнгөвчлөх техник, тоног төхөөрөмж нэвтрээгүйтэй ч зарим талаар
1 хүн амын ажил эрхлэлт. Үндэсний Статистикийн Хороо, 2009 он
2 Эрүүл мэндийн яамны Хяналт Үнэлэгээний газрын судалгаа, мэдээлэл. 2009 он
3 Хүн амын ажил эрхлэлт. Үндэсний Статистикийн Хороо, 2009 он
4 Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал. ҮСХ. 2009 он

холбоотой. Хот хөдөөгийн амьдралын түвшний ялгаа өдөр шөнө шиг ялгаатай байна.
Түүнчлэн аливаа улс орны Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх суудлын хувийн жин нь эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдрал дахь оролцооны нэг чухал илэрхийлэл болдог. Сүүлийн жилүүдэд манай улсын хууль тогтоох байгууллага, улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүд нийгмийн баялаг, хөгжлийн үр шимээс тэгш бус хүртэх нөхцөл бүрдэж байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна.
Эмэгтэйчүүд нийгмийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ өрх гэр, ах дүүсийнхээ дотор үнэлэгдээгүй хөдөлмөр эрхлэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эрүүл саруул, өв тэгш иргэн болгон төлөвшүүлэхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж, цаг завгүй хөдөлмөрлөж байна. Эмэгтэйчүүдийн бусдыг манлайлан, өрх гэрээ дэвжээж, улс эх орныхоо ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад оруулж буй нөр их үнэлэгдээгүй хөдөлмөрийг Монгол эмэгтэй бүрийн эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө хийж буй үндэсний томоохон хөрөнгө оруулалт хэмээн цохон тэмдэглэж байна.
Монголын төрөөс төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийгмийн салбарт эх, хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ хөгжлийн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа төдийгүй эмэгтэйчүүдийнхээ хүч оролцоог дайчилсан төр засгийн зөв бодлого, идэвхтэй үйл ажиллагаанд нийт эхчүүд, эмэгтэйчүүд бид баярлаж байдаг.
Энэхүү эдийн засгийн хямрал нэг өдөр шөнийн дотор бий болоогүй учраас өдөртөө шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Тиймээс эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийг ахиц дэвшилд хүргэх.өсвөр насны охидын хүмүүжил, эмэгтэйчүүдийн эрх.эрх чөлөө, эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулах нь нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, оюуны болон эдийн засгийн ухаалаг хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Сайд нар, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад эмэгтэйчүүдийн талаарх бодлого, үйл ажиллагааг онцлон анхаарч, хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлэх, хүн ам хөгжлийн асуудлаархи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалж байна. Түүнчлэн эмэгтэйчүүд олноороо ажилгүйдэл, ядуурал, хөдөлмөрийн зах зээл дээр ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа эдийн засгийн хямралын энэ үед эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх, гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэн бодит хөрөнгө оруулалт хийхийг Та бүхэнд уриалж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг хуульчилсан эрх зүйн зохицуулалт бүхий Жендэрийн тэгш байдлын тухай хуультай болж, хэрэгжүүлэх ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг Та бүхэндээ уриалж байна.
Сайн хөрөнгө оруулалтын үр дүн нь эмэгтэйчүүд амь, амьжиргаагаа тээгээд явах боломжийг бүрдүүлсэн эсэхээр хэмжигдэх учиртай гэж үзэж байна.
Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнууд эдийн засгийн хямрал, бэрхшээл, түүнийг даван туулахад шаардагдах
амьдралын ухааны талаар охид, эмэгтэйчүүддээ эерэг зөв мэдээллийг хүргэн сэтгэл зүйд нь нөлөөлөх, өөрийнхөө амьдралыг ухаалгаар зохицуулах чадвар эзэмшүүлэх чиглэлээр олон төрлийн бодит ажлуудыг зохион байгуулж, эмэгтэйчүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Нийгмийн энэ их үйлсэд эхчүүд эмэгтэйчүүдийн соргог торгон мэдрэмж, ажлын дадлага туршлага, хичээл чармайлт, мэргэжлийн мэдлэг, хүнлэг энэрэнгүй сэтгэл, идэвхтэй шударга зан чанар юу юунаас илүү үнэ цэнэтэй хувь нэмэр байх болно. Монгол эмэгтэйчүүдийн эх орныхоо хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө, нийгмийн сайн анхдагч үндэс болсон өрх гэрээ айлын дайтай авч явах хүндтэй үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийхийг уриалжбайна.
Эдийн засгийн хямрал хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд эмэгтэйчүүд бид эв нэгдэлтэй, нэгдмэл санаа зорилготой, зөв итгэл сэтгэл, хандлага, алсын хараатай байхыг эмэгтэйчүүддээ уриалж байна.
Эхчүүд, эмэгтэйчүүд одоогийн эдийн засгийн хямрал, бэрхшээлийг улс үндэстнийхээ өөрийн түүхэн уламжлалт арга туршлага төдийгүй бусад орны эмэгтэйчүүдийн ажлын туршлагаас сургамж авч даван туулах ёстой. Өрх гэрийнхээ орлого, зарлагаа бодитой тодорхойлж, оновчтой зарцуулалт хийж, өрх гэрээ санхүүгийн эрсдэлд оруулахаас сэрэмжлэх, бага ч гэсэн хэмнэлт гаргаж байх нь хөгжлийн гарц мөн. Гэр бүлийн санхүүгийн хэмнэлт нь гаднаас орж ирэх орлогыг нэмэгдүүлэхгүй ч тогтмол гардаг зардлыг багасгаснаар хэмнэлт, хуримтлал, нөөцийг бий болгоно. Үүнийгээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зарцуулбал улс нийгэмдээ төдийгүй хойч үедээ хийж буй үнэлж баршгүй хөрөнгө оруулалт байх болно.

Эдийн засгийн хямралыг хамтдаа хохирол багатайгаар даван туулахын тулд эмэгтэйчүүддээ хөрөнгө оруулцгаая.

Өнөөдрийн энэхүү семинарыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.




0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.