Ерөнхийлөгчөөс Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаар анхаарал хандуулахыг хүсэв
2017.09.11

Ерөнхийлөгчөөс Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаар анхаарал хандуулахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд төлөөлөгчдийн танхимын албан ёсны төлөөлөгчийн хувиар 58 гишүүнтэй бүрэлдэхүүн Монгол Улсад айлчилж байгааг Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши уулзалтын эхэнд танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг тангараг өргөснөөс хойш ийм ойрхон хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаад баяртай байна гэлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх болон Солонгосын хойгийн аюулгүй байдлын талаар анхаарал хандуулахыг хүссэн юм.

Мөн Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши Владивосток хотноо болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нарын дээд хэмжээний уулзалтыг найрсаг уур амьсгалд ихээхэн үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, ОХУ, Япон улсын хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах тухайд хоёр улсын удирдагчдад санал тавьсан, Япон улс худалдан авагч, ОХУ тээвэрлэгч, Монгол Улс бүтээгдэхүүн нийлүүлэгч учраас эрх ашгийн зөрчилгүй ажил хэрэг болох боломжтой санал гэж үзэж байгаагаа тайлбарлалаа.  

Мөн цаашид хоёр орны хооронд эдийн засаг, дэд бүтэц, спорт урлаг гээд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцааг шинэ түвшинд гаргахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. Манай улс  зүүн чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад Япон улстай хамтран ажиллах тухай санамж бичигт хоёр улс 2015 онд гарын үсэг зурсан байдаг юм.