Хойд Солонгосын асуудлаар Япон Монголтой тохиролцох уу
Японы Либериал ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Коомэй намын парламентын гишүүд өнөөдөр манай улсад айлчлах тухай NHK мэдээлжээ. Айлчлалын үеэр төлөөлөгчид Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, хэд хэдэн удаа цөмийн зэвсэг туршиж, баллистик пуужин харваж буй Хойд Солонгос улсад үзүүлэх бодит дарамт шахалтыг чангатгахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцахаар төлөвлөж байгаа юм байна.
Япон Монголын найрамдлын бүлгийн даргаар эдүгээ ажиллаж буй Либериал Ардчилсан намын гишүүн М.Хаяаши болон Либериал, Коомэй намын парламентын дээд танхимын гишүүд гээд нийт таван төлөөлөгч өнөөдөр манай улсад ирж, дөрвөн өдрийн хугацаатай ажиллах гэнэ.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын удирдлагуудтай уулзаж, дээрх чиглэлээр санал солилцохоор төлөвлөсөн байна.
Гэхдээ орон нутгийн мэдээллийн сайтуудад бичсэнээр дээрх уулзалтын үеэр М.Хаяаши нарын гишүүд Хойд Солонгосын хэрэгжүүлж буй цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилт нь Японы аюулгүй байдал, энх тайванд томоохон заналхийлэл учруулж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг онцлохын зэрэгцээ асуудлыг зөвхөн ярилцаад өнгөрөх бус, бодит дарамт шахалт үзүүлэх шаардлагатай байгааг уриалах ажээ.
Ингэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авах шаардлагатай байгааг уриалах юм байна.
Үүний зэрэгцээ, шинэ хориг арга хэмжээ авахдаа ямар нэг цоорхой үүсгэхгүйгээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхүйц байхаар төлөвлөж, Хойд Солонгос улстай дипломат харилцаатай Монгол Улсад хамтарч ажиллахыг санал болгох байр суурьтай байгаа гэнэ.
Энэ удаагийн уулзалт нь Япон, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог.
Тиймээс уулзалтаар хоёр улсын харилцааг нэг шатаар ахиулах, худалдаа хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцох юм байна.Дэлгэрэнгүй..