Хүний эрүүл мэндийг хамгаалахын төлөө зүтгэж буй хүмүүс унаагүй байж болохгүй
Засаг дарга нар сумын эмнэлэгт түргэний машин хэрэгтэй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, ирэх онд улсын төсвөөр баригдах сургууль, цэцэрлэгийн тоонд тухайн аймаг, сумынх багтсан эсэхийг салбарын сайд нараас тодруулж байлаа.
2017 оны улсын төсөвт аймаг, сумдын эмнэлгийг түргэн тусламжийн унаатай болгох хөрөнгө суусан. Гэсэн ч зарим аймгийн Засаг дарга нар сумын эмнэлэгт унаа байхгүй, олгоогүй гэдгийг хэллээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,
-Төсвийн хөрөнгөөр энэ жил түргэний 163 тэргийг аймаг, сумын эмнэлэгт өгсөн. Одоо улсын хэмжээнд 32 сумаас машины захиалга ирээд байгаа гэлээ.
Хүний эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй хүмүүс унаа, машингүй нүцгэн гүйж байж таарахгүй. Энэ 32 машины хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгаж ондоо багтаан олгохыг Эрүүл мэндийн сайдад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Сум, аймгийн Засаг даргын Тамгын газрын унааны асуудал ч зөвлөгөөний үеэр хөндөгдөж байсан. Тухайлбал, Баянхонгор аймагт л гэхэд 10 сумын Тамгын газар унаагүй гэдгийг Засаг дарга нь тодотгож байсан бөгөөд төлөвлөгөө гаргаж, аймаг, сумыг унаажуулна гэдгийг Засгийн газрын тэргүүн амлалаа.
Аймгийн Засаг дарга нар цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийг мөн ярьж байлаа. Энэ асуултад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр,
-Гадаадын зээл, тусламжаар аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. 2018 онд орон нутгийн цэвэрлэх байгууламжийн 50 хувийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ шинэчлэл цаашид ч үргэлжилнэ гэлээ.