Популист амлалтуудаасаа татгалзахыг уриаллаа
МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, МҮХАҮТ-ын удирдлагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцож буй улс төрийн намууд сонгогчдын саналыг авахын тулд улс орны эдийн засагт хүндрэл учруулах хэмжээний амлалтууд өгч байна. Үүнийгээ нэн даруй зогсоохыг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй намуудад уриаллаа.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбоо сонгуульд аль нэг улс төрийн намыг дэмжиж оролцдоггүй. Зөвхөн Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгыг сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намуудад гардуулан өгдөг. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй улс төрийн намууд сонгуулийн санал хураах өдөр ойртох тусам иргэдийн саналыг авахын тулд улс орны эдийн засгийг улам бүр хүндрүүлж мэдэх амлалт өгч байгаа тул хөдөлмөр нийгмийн зөвшлийн талууд болох ажил олгогчид, МҮХАҮТ-ын зүгээс ийнхүү байр сууриа илэрхийлж байна” гэлээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Өмнөх сонгуулиудаар өгсөн популист амлалтуудаас болж хөдөлмөр эрхэлж буй олон иргэд ажилгүй болж, олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрсэн. Энэ удаагийн сонгуулиар ч мөн энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй байна. Иймээс улс орны эдийн засгийг сүйрлийн хэмжээнд хүргэж мэдэх амлалтаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид татгалзах ёстой” гэсэн юм.