"Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
2017.07.05

"Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлжээ. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирсон аж.

Хөтөлбөрийн нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд есийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамдууд хариуцан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авахаар болжээ. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул "Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.