Д.Гантөмөр:

Жуулчдад юу үзүүлэх вэ гэдэг хамгийн том асуудал болоод байна


17 минут уншина
Ярилцсан Г.Мөнхтуяа:
Д.Гантөмөр: Жуулчдад юу үзүүлэх вэ гэдэг хамгийн том асуудал болоод байна
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр

Ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор аялал жуулчлалын салбарын төлөөллийг ярилаа. Түүнтэй Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ярилцсанаа хүргэж байна. 

Ярилцлагын тухай товчхон: 

- 10 асуулт, 10 хариулт

- Ярилцлагын үргэлжилсэн хугацаа: 60 мин 3 сек

- Гурван дэд хэсэгтэй. 

- Нийт 3301 үгтэй

- Түлхүүр үг: #аялал жуулчлал, #жуулчин, #Засгийн газар, #нүүдлийн соёл

- Биеийн хэлэмж, ярианы байдал: Ихэмсэг, яриа, чин сэтгэлээсээ 

Жуулчдын хамгийн их сонирхдог зүйл бол нүүдлийн соёл, малчин ахуй

Засгийн газар энэ дөрвөн жилд олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэнэ гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Энэ зорилтыг та юу гэж ойлгож, хүлээн авч байна?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол улс орны хэмжээнд болон тухайн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, болж бүтэж байгаа зүйлийг улам ахиулан хөгжүүлэхэд чиглэж байдаг.

Тэр утгаараа энэ удаагийн Засгийн газар аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь үндсэн чиг үүргийн яам болж статус нь өөрчлөгдлөө. Яамны нэрнээс үзэхэд ч тэр байгаль орчныг хамгаалахын сацуу аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ойлгож байгаа.

Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг харахад яаж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, ямар асуудлыг яаж шийдвэрлэх, уг асуудлыг шийдэхэд юу саад болоод байгаа гэдэг нь тодорхой бус байна гэж үзэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд тодорхой, ойлгомжтой байх ёстой. Энэ өнцгөөс харахад, одоогийн хөтөлбөрт “Олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэнэ” гэдэг нь яг юуг хэлж байгааг ойлгохгүй байна. Ямар утга илэрхийлж байгаа, яаж хэмжих нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Бидний зүгээс аялал жуулчлал бол бизнес гэж ойлгодог. Энэ утгаараа бүх зүйл эрэлт, нийлүүлэлтийн зарчимд нийцэж явагддаг. Тиймээс "аялал жуулчлалын сүлжээ" гэдгийг мэргэжлийн үүднээс авч үзвэл олон улсын аялал жуулчлалын урсгал гэж ойлгож болно.

Хаанаас, аль улсаас хамгийн их жуулчин ирж байна, хаашаа чиглэж байна гэдгийг тандаж, энэ урсгалд Монгол Улс өөрөө идэвхтэй оролцох менежмент, бодлого, зохицуулалт хийх үүднээс энэ зорилтыг дэвшүүлсэн болов уу.

Манай улс хоёр том хөрштэй. Жуулчин хүлээж авдагаараа ч тэр, бусад оронд аялдагаараа ч тэр аялал жуулчлалын салбарт толгой цохидог улсууд. Ташкентад болсон хурлаас хойш "Талын зам" концепцийн дагуу "Цайны зам", "Торгоны зам" зэрэг арга хэмжээ зохион байгуулж байна. Нэг ёсондоо Ази, Европын жуулчдын урсгалыг Монголоор дайруулах бодлого юм. Ингэхийн тулд дэд бүтэц, эрчим, үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүнийг дагасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд өргөн хүрээтэй асуудлыг оруулах ёстой.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал энд тэнд, алаг цоог тусгагдсан байна. Тухайлбал, "Соёлын бодлого" дотор соёлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн заалт оржээ. Мөн "Эдийн засгийн бодлого" дотор “Монголд үйлдвэрлэв” брэндийг бий болгоно гэх жишээний. Түүнчлэн гадаад улсад Монголыг сурталчлах гэх мэт. Гэтэл энэ бүгд бүгдээрээ аялал жуулчлалын асуудал шүү дээ.


Энэ салбарын онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?

Аялал жуулчлал өөрөө маш олон дэд салбараас хамаарсан дундын салбар учраас аливаа улс орон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд оновчтой менежментийг тодорхойлж өгдөг. Тухайлбал, аялал жуулчлалын дэд бүтэц Зам, тээврийн хөгжлийн яаманд харьяалагдаж байна. Нөгөө талаас аялал жуулчлалыг дагаад байгаль орны асуудал хөндөгддөг. Энэ жил 1 сая жуулчин хүлээж авна гэх мэтээр Монгол Улсын Засгийн газар тоог голлож байна. Жуулчдын тоог өсгөх гол хүчин зүйл бол нэг талаас маркетинг, нөгөө талаас зам, тээвэр юм.

Байгаль орчинтой холбогдсон бодлого гэвэл аялал жуулчлалын чанарыг сайжруулах, жуулчдаар дамжуулж ногоон хөгжлийг бий болгоход чиглэж байдаг. Тухайлбал, хог хаягдал, усны менежмент, хүрээлэн буй орчны хамгаалалт, бэлчээрийн даацыг зохистой түвшинд аваачихын тулд энэ талын мэдлэг, мэдээллийг жуулчдаар дамжуулан хүргэдэг.

Аялал жуулчлалын байгууллагууд ногоон хэрэглээг бий болгох, жуулчны баазууд нар, салхины эрчим хүч ашиглах, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, байгальд аялахдаа хоггүй аялах гэх зэргээр чанарт түлхүү анхаардаг.

Харин Засгийн газрын зорилт нь чанарын бус тооны төлөө байдаг, Засгийн газрын бүтэц нь чанарт суурилсан учраас зорилт, бүтэц нь хоорондоо авцалдахгүй байгаа юм.

БОАЖЯ-нд Аялал жуулчлалын газар гэж байдаг боловч бусад газартайгаа хамтын ажиллагаа сул байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутаг, бэлчээрийн менежмент зэрэг нь аялал жуулчлалын хөгжлийн тухай ярихад хамгийн ихээр хөндөгддөг.

Монголд ирсэн жуулчдад үзүүлдэг, тэдний хамгийн их үзэхийг хүсдэг зүйл бол нүүдлийн соёл, малчин ахуй амьдрал байдаг. Тэгвэл малчин ахуй амьдралын баталгаатай байдал нь 2019, 2020 онд жуулчдыг татах хамгийн том хүчин зүйл болно. Тиймээс малчин ахуйг оновчтой менежментээр явуулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах нь хамгийн том асуудал болоод байна. Хэрэв одооноос энэ нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол энэ төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчдад зарахад төвөгтэй болно. Тэр утгаараа салбар, байгууллагын хоорондын уялдаа холбоо их шаарддаг.

Аялал жуулчлал дотор загасны аялал, ан агнуур байна. ХМХ-ээр шонхор, аргалийг агнах асуудал хурцаар тавигдаж байгаа нь аялал жуулчлалын салбарт анхаарах ёстой бодлогын олон асуудал байгааг харуулж байдаг. Соёлын менежмент, соёлын үйлдвэрлэл, соёл урлагийн үйлчилгээ гээд соёлтой холбоотой олон асуудал байна. Үүнийг дагасан боловсон хүчний нөөц хэр байгааг ч орхигдуулж болохгүй.

Мөн Гадаад харилцааны яамтай холбоотой хил, гааль, визний асуудал, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой цагаачлал гээд олон асуудал байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй салбарын хуулиар бол Ерөнхий сайдын дэргэд "Аялал жуулчлалын зөвлөл" ажиллах ёстой. Гэхдээ бодит байдалд биелэгдэхгүй байна. Өөр өөр яаманд харьяалагдаж буй аялал жуулчлалын салбарын асуудлыг нэгтгэх дундын зохицуулалтыг хэн, ямар байгууллага хариуцах вэ гэдгийг тодорхой болгож, Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах ёстой л доо.


Бид хаанахын, ямар жуулчдад зориулж бодлого гаргах нь зүйтэй вэ? Манай аялал жуулчлалын салбарын зорилтот хэрэглэгч нь хэн бэ гэсэн үг л дээ. 

Монголд аялал жуулчлалыг яг яаж, ямар бодлогоор хөгжүүлэх вэ гэдэг том зураг нь тодорхой бус байна. Аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх үү, аялал жуулчлалын бодлого нь тоонд уу, чанарт тулгуурлаж байна уу, дотоодын аялал уу, Монголчууд гадагшаа аялахад ямар зохицуулалт хэрэгтэй талаар тодорхой зорилт дэвшүүлэхгүй юм бол ерөнхийлөх тусам бодит байдалд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, хэрэгжүүллээ гэхэд үр дүнг хэмжих шалгуур нь ерөнхий болдог.  

Одоо салбарын яам "Аялал жуулчлалын тухай" хуулийг шинэчлэх, "Казиногийн тухай" хууль, "Морины бооцоот уралдааны тухай" хуулиудыг шинээр гаргах тухай ярьж байна. Мөн хөрш орнуудтай "Цайны зам", хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Дээр нь Монголын аялал жуулчлалын гол хараа бол гадаадын жуулчдыг татах юм.

Энэ салбар өөрөө валют авчирдаг гэдэгт ач холбогдол нь оршиж байдаг. Энэ үүднээс авч үзвэл Баруун Европоос жуулчид авахыг илүүд үздэг. Тийм учраас Германд болдог ITB, Лондонгийн WTM зэрэг барууны аялал жуулчлалын зах зээл дээр Монголоо сурталчлах, жуулчлалын компаниудтай хамтран ажиллах хүсэл сонирхол давамгай байдаг.

Барууны жуулчдын үзэхийг хүсдэг гол зүйл нь цэвэр байгаль, малчин ахуй орчин юм. Өөрөөр хэлбэл дэлхий дээр Монгол гэдэг улс юугаараа ялгардаг вэ, түүнийг л харахыг хүсдэг. Энэ нь ч агуулга өргөнтэй бөгөөд ирсэн жуулчдад өндөр сэтгэгдэл үлдээдэг. 

Гэтэл казино, морины бооцоот уралдаан эсвэл хоёр хөрштэй хийх аялал гээд аялал жуулчлалыг өөр өөр салбар, чиглэлд хөгжүүлэх хуулийн төслүүдийг боловсруулж байна. Тухайлбал, мөрийтэй тоглоом гэдэг бол огт өөр орчин, ахуй, нөхцөл, үйлчилгээний стандартыг шаардаж байдаг. Үүнээс эко аялал нь тэс өөр. Гэтэл дэлхийд аялал жуулчлалын бүсчлэл, коридор үүсчихсэн. Үүнийг сөрөх юм бол аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалт багасах болно. Тухайн улсын аялал жуулчлалын бодлого нь тодорхой бус байхад хөрөнгө оруулахад хэцүү.

Гэхдээ бид улс орныхоо онцлогоос хамаарч аялал жуулчлалын салбарыг олон чиглэлээр хөгжүүлэхээс өөр аргагүй. Тоглоомын, зугаа цэнгэлийн, малчин ахуйд суурилсан эсвэл адал явдалд хөтөлсөн гээд ялгаатай зах зээлийг онцлог, онцлогт нь тохируулснаар ямар үйлчилгээ, ямар стандартыг нэвтрүүлэх вэ гэдэг дээр бодлого хэрэгтэй. Тэр бодлогыг хэрэгжүүлэх шатанд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод ажиллах болно.

Энэ Засгийн газар түүхэн аялал жуулчлалыг голчилж байна л даа. Тэр утгаараа Монгол орны зүүн бүс, Хэнтий аймагт Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Гэхдээ энэ ажилд нарийн мэргэжлийн төлөвлөлт хийхгүй юм бол улстөрчдийн тоглоом болдог нь бусад улс орны жишээгээр батлагдсан зүйл.


Жуулчны төлж буй доллар 20-30 салбарт түгээгддэг

Таны хэлдгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх том зураг гаргаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь юу юм бол? 

Аялал жуулчлалын салбар бол арифметик, геометрийн шинжлэх ухаан биш л дээ. Физикийн салбарыг яаж хөгжүүлэх тухай физикчид л ярихаас өөр аргагүй. Гэтэл аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх талаар хэн ч өөрийн хийсэн бяцхан аялалдаа тулгуурлаад ярьж болно. Тиймээс мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүсийн ялгаа харьцангуй бага. 

Хүн бүр аялал жуулчлалыг хөгжүүлэх өөр өөрсдийн зураглалуудтай гэж хэлж болно. Үүний сайн тал нь энэ салбарт хүн болгон санаа тавьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Сөрөг тал нь мэргэжлийн хүний санал бодол бүрхэгдэж, сарнин алга болох эрсдэлтэй.

Өмнө нь жуулчин ирж л байвал сайн гэдэг байсан. Жуулчин ирнэ гэдэг нь ам.доллар авчирна, ажлын байр нэмэгдүүлнэ гэж боддог байсан. Гэтэл сүүлийн 5, 6 жилийн хугацаанд дэлхий нийтийн аялал жуулчлалын бодлого цаг үеэ дагаж хувьсан өөрчлөгдөж байна.  

Аялал жуулчлалыг "үзэг" гэж харах нь бий. Тухайн улс орныг хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна гэдгийг харгалзан үзсэний үндсэн дээр аялал жуулчлалын бодлогоо тодорхойлдог болж. 

Тухайлбал, байгаль орчны хамгаалалт муу байна уу, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаа эсэх, уламжлалт түүхэн соёл нь устаж үгүй болж байна уу гээд тулгамдсан асуудлыг шийдвэрлэгч нь аялал жуулчлал гэж үзээд өөрийн давуу талаа ашиглах замаар сул талаа хөгжүүлдэг болсон байна.

Тэр утгаараа Солонгос, Индонез, Турк зэрэг улсууд уламжлалт соёлоо хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Солонгос гэхэд кино урлагаараа дамжуулж, түүх соёлоо танин мэдүүлэх, улмаар түүнийгээ аялал жуулчлалын маркетингийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь тун оновчтой. Индонез, Турк улсууд ч мөн ялгаагүй. Гэтэл Африкийн ихэнх улс байгаль орчноо хамгаалахад аялал жуулчлалын бодлогоо чиглүүлж байна. 

Зарим хөгжиж буй орон иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд аялал жуулчлал чухал үүрэгтэй гэж үздэг. Жуулчны төлж буй доллар гэдэг нь өөрөө 20-30 салбарт түгээгддэг. Тухайлбал, түлш шатахуун, хувцас, бэлэг дурсгал, айраг, цагаа худалдан авах, морио хөлсөөр унуулах, хөтөч хийх, соёлын үйлчилгээ авах гээд салбар салбарт хөрөнгө оруулдаг. Үүнтэй уялдуулан оюутан, залуусыг цагийн ажлаар хангах, малчдад нэмэлт орлого бий болгох асуудал яригдана.

Бид эдийн засгаа солонгоруулна гэдэг, дэд бүтцээ хөгжүүлнэ гэдэг. Тэгвэл энэ зорилтоо хэрэгжүүлэхэд аялал жуулчлалын оновчтой бодлого тус дөхөм болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэж байна. Энэ утгаараа ямар улсууд руу нисэх, ямар ямар улсын онгоц манайд буух вэ гэдэгт үндэслэн зам тээвэр, аялал жуулчлалын салбарыг яаж холбон хөгжүүлэх талаар бодлого гаргах хэрэгтэй. 


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай тусгагдсан байна?

Бурхан халдун”, “Хорго-Тэрх”, “Хамарын хийд”, “Отгонтэнгэр”, “Хар-Ус”, “Хөвсгөл”, “Хархорин” зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуучлалын төв, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжинэ гэж Засгийн газар хөтөлбөртөө тусгасан байна. 

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого бусад улс орнуудад ч бий. Нэг ёсондоо аялал жуулчлалаар дамжуулж хот суурин газраа хөгжүүлэх бодлого л доо. Тал газар нэг балгас барьж, түүнийгээ үхмэл үл хөдлөх хөрөнгө болгохгүйн тулд ямар зохицуулалт хэрэгтэй вэ гэдэгт толгойгоо ажиллуулах нь зөв. 

Түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулна гэдэг нэг хэрэг. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэл, концепцио тодорхойлно гэдэг нь маш чухал асуудал.

Жишээлэхэд, нэг дор хичнээн жуулчин хүлээж авах хүчин чадалтай цогцолбор байгуулах юм бэ, цогцолборын байгальд орчинд ээлтэй байх нөхцөл нь юу вэ, цогцолбор руу хүрэх дэд бүтцийг яаж шийдэх вэ, цогцолборын үйл ажиллагааг яаж сурталчлах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй.

Петр гэдэг жуулчин ирлээ гэхэд Петр эх орондоо очоод дахин хоёр “Петр”-ийг явуулах хүртэл сэтгэл ханамж өгөх үү гэвэл Петр гэдэг жуулчныг Жонн гэдэг арай илүү валют үлдээх жуулчнаар солих нь бидэнд хэрэгтэй юу гээд цогц асуудлыг шийдэх ёстой л доо.

Хамгийн чухал нь энэ цогцолборыг юуны тулд барих гэж байна вэ, барьснаар юуг шийдэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Мэдээж энэ бүхнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэлгэрэнгүй оруулах боломжгүй. Гол нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх концепци гарах ёстой. Энэ концепцид эдгээр цогц асуудлыг тусгаж өгөх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх зургаан төсөл, хөтөлбөр байлаа гэж бодоход ямар зорилгоор, ямар хөрөнгө оруулалтаар, хэнтэй хамтарч, ямар эрх зүйн хүрээнд юуг шийдэх вэ, энэ бүхний үндсэн дээр Монголын аялал жуулчлалын салбар ямар түвшинд хүрэх талаар тодорхойлох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар одоо ямар байгаад зөв үнэлэлт дүгнэлт өгч, яг ямар болох гээд байгаагаа зөв тодорхойлж чадахгүй бол хий дэмий зохион бичлэг бидэнд хэрэггүй.


Аялал жуулчлалын өнөөгийн байдлыг та яаж үнэлж, дүгнэх вэ?

Монголд ирж буй жуулчдын тоо тогтмол буурч байна. 2016 онд бага зэрэг өссөн. Монголд давтан ирж буй жуулчдын тоо өндөр биш байна. Аялал жуулчлалын бодлого тодорхой бус байна. Энэ салбарынхан салбараа яаж хөгжүүлэх арга зам, арга барилаа сайн олохгүй байна уу гэж хардаг. Монголын аялал жуулчлалын холбоо нь мэргэжлийн байгууллагын хувьд аялал жуулчлалын салбарын засаглалыг тодорхой болгох хэрэгтэй гэж үздэг. Аялал жуулчлалын салбарын орлого олон салбар руу шингэдэг учраас тухайн салбаруудын хөгжил, оролцоо эргээд аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал түлхэц болдог.

Монгол Улс дэлхийгээс юугаараа ялгаатай вэ, юугаа хадгалж, хамгаалж, юуг өөрчлөх ёстой юм бэ гэдэгтээ үндэслэж аялал жуулчлалын салбарын ойрын 5 жилийн том зураглалаа гаргах ёстой.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалтыг яаж татах уу тухай дурдсан байна л даа. Ингээд нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байна. Энэ ажилд хувийн хэвшлийн оролцоо ямар байх вэ гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй л дээ. Төрөөс эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилд тавьж буй шаардлага юу болохыг боловсруулж, компаниудад тайлбарлан таниулах ёстой. Ингэхгүйгээр хувийн хэвшил тодорхой бус байдалд шийдвэр гаргаж чадахгүй байна шүү дээ.


Жуулчдын шийдвэр гаргах процесс доод тал нь хоёр жил байдаг 

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн манлайлал, чадавх таны бодлоор?

Салбарын сайдын мэдээлж байгаагаар бол аялал жуулчлалын 600 гаруй тур оператор үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн 100 хүрэхгүй нь тогтмол, идэвхтэй байна. Аливаа салбарт хувийн хэвшлийн хүчтэй манлайлал байхгүй юм бол тухайн салбар хөгждөггүй гэж хэлж болно. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд ихэвчлэн бөөний худалдаачид байна. Тэдгээр компаниуд дэлхийн аялал жуулчлалын бөөний худалдаачдад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарж байна.

Жижиглэнгийн худалдаачид гэж хэлж болох компаниуд ч байна. Бүгд адилхан аялал жуулчлалын компани мэт боловч дотроо үйл ажиллагааны зорилго, чиглэл өөр өөр байдаг. Мөн зөвхөн тухайн бүс нутагт аялахыг санал болгодог хэсэг ч бий. Эсвэл зөвхөн явган, морин, усан аялал хийдэг компаниуд ч байна. Энэ мэтчилэн үйл ажиллагааны зорилго, агуулгаар нь ангилж болно. Гэхдээ нийт аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн, санхүүгийн чадавх харьцангуй хязгаарлагдмал байдаг.

Дэлхий жишгээр аваад үзсэн ч аялал жуулчлалын компаниуд тийм нүсэр бүтэц, зохион байгуулалтаар ажиллах шаардлагагүй. Аялал жуулчлалын салбарт хамгийн олон гэрээт, түр ажилтнууд байдаг. Аялал жуулчлалын ид цагт нэг компани 100-гаад ажилтантай байлаа гэхэд өвөл заавал тийм олон хүн ажиллах шаардлагагүй болдог. Эдгээр компанид татварын бодлого, хөрөнгө оруулалтын дэмжлэг, хууль зүйн, бодлогын тодорхой байдал хэрэгтэй байна. 

Төв аймгийн энэ хэсэгт аялал жуулчлалын бааз байгуулна гэж хувийн хэвшил төлөвлөөд үйл ажиллагаагаа явуулж байтал орон нутгийн засаг захиргаанаас шийдвэр гарч, гэнэт өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргаж, хэдэн шавар байшин барьчихаж болохгүй. Нөгөө талаас аялал жуулчлалын салбар нь өөрөө тийм ч их хөрөнгө оруулалт  шаарддаггүй. Хүнээс хүнд хүрдэг, сэтгэгдэл зардаг салбар гэж тодорхойлж болох юм. 

Монголын аялал жуулчлалын салбар улирлаас хамааралтай байна. Тиймээс хаврын улиралд аялал жуулчлалын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, үйл ажиллагааг нь дэмжсэнээр буцаад Монголдоо ам.доллар оруулж ирдэг онцлогтой. Малчид дээр жуулчин авчирч байна гэдэг бол аялал жуулчлалын зах зээл малчны хотонд ирлээ гэсэн үг. Хотын татварыг жуулчны бааз, үйлчилгээний салбараас авч байна. Мөн жилийн 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-д 1 хувийн татвар оногдуулах болсон. Угтаа бол татварын энэ хөнгөлөлтөд аялал жуулчлалын салбарыг хамруулах ёстой байсан юм.

Аялал жуулчлалын салбар бол дэлхийн үйлчилгээний стандартуудыг нэвтрүүлдэг, хамгийн орчин үеийн байгальд ээлтэй техник технологиуд, мэдээллийн технологийн дэвшил, маркетингийн хэрэгслүүдийг ашигладаг, тэдгээрийг нутагшуулдаг салбар.

Бид жуулчдад юу үзүүлэх вэ гэдэг бол хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Бидэнд байгаа, Монгол Улсын өгөгдөл бол малчин ахуй амьдрал, байгаль орчин, амьд байгаль, хүн байгалийн шүтлэлцээ юм. Гэтэл үүнийг хангалтгүй байна гэж үзээд хөрөнгө оруулалт асар их шаарддаг казино, Дисней маягийн зугаа цэнгэлийн төв байгуулж, жуулчдыг татах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Болохгүй юм байхгүй л дээ.

Хамгийн гол нь эдгээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Үүнийг барьж байгуулснаар шууд жуулчид хүрээд ирдэг юм биш. Асар мэдрэмжтэй бодлогоор жуулчдыг авчрах болдог. Одоогийн нөхцөл, боломжоо харахаар хөдөө, орон нутгийн аялал жуулчлалыг дөрвөн хэсэгт хувааж болохоор байгаа юм.

Нэгд, байгаль орчны хамгийн зөв менежментийг хэрэгжүүлээд өндөр хэмжээний орлого олох тусгай хамгаалалттай бүс нутагт суурилсан эко маягийн аялал жуулчлал.

Хоёрт, орон нутгийн иргэдтэй хамтарч, тэдний нөөц боломжид тулгуурлан сэтгэгдэл төрүүлдэг аялал жуулчлал байж болно.

Гуравт, адал явдалт буюу хүн байгалийн шүтлэлцээг харуулсан, эрсдлийг урьдчилан тооцсон явган, морин, тэмээн, усан аяллаас эхлээд уул, хаданд авирах аяллууд байж болох юм.

Дөрөвт, уул уурхайн аялал гэж бий. Оюу толгойн бүтээн байгуулалт, олборлолтыг газар дээр нь бодитоор харуулдаг аялал байж болно. 

Гол нь байгальд цоо шинээр шүршүүр барих уу эсвэл орон нутгийн усан хангамжийн асуудлыг аялал жуулчлалаар шийдэх үү гэдэг чинь хоёр өөр асуудал. Орон нутгийн соёлын төв, музейн үйл ажиллагааг аялал жуулчлалын үндсэн дээр хөгжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа гар урлал, уран дархан зэргийг олон улсын түвшинд өрсөлдөхүйц болгох, үйлчилгээний стандарт, аюулгүй байдлыг бүрдүүлэх, нэгдсэн маркетинг явуулах зэрэг зүйлсийг тооцон бодох ёстой.

Улаанбаатар хотыг аялал жуулчлалын нэг бүс гэж авч үзвэл Сүхбаатарын талбай, Гандантэгчилэн хийд зэрэг газруудад суурин хөтөч нарыг ажиллуулж болно. Улаанбаатар хотод даншиг зэрэг эвентүүдийг ямар цаг хугацаанд, яаж явуулах зэргээр хотын аялал, менежмент гэж тусдаа бий. Улаанбаатар хот руу орж, гарах дэд бүтцийг сайжруулах, дотоодын нислэгийг зөв аргачлалаар зохион байгуулах гээд хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр, нийслэлээс дэмжлэг, татаас олгох хэрэгтэй л дээ.


Олон улсын жишгээр бол төрөөс хувийн хэвшлээ яаж дэмждэг юм бэ?

Энэ салбар яаж хөгждөг вэ гэхээр алтан дүрэм нь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамгийн зохистой харилцаа, хамтын ажиллагаа юм. Аялал жуулчлалын салбарын хөгжил сул байна гэж үзвэл энэ харилцаа, хамтын ажиллагаа муу байна гэсэн үг. Ялангуяа аялал жуулчлал бол хувийн хэвшлийн онц чухал оролцоонд тулгуурлаж хөгждөг. Тийм учраас манай холбоо салбар яамтайгаа нягт хамтран ажиллах бодлого барьж байна.

АСЕМ, АСПАК зэрэг олон улсын уулзалт хурлуудын үеэр, дараа нь жуулчдын тоо хэр нэмэгддэг бол?

АСЕМ бол манай улсын талаар ерөнхий ойлголт, мэдээллийг дэлхий нийтэд өгсөн, гадны хэвлэлүүд Монголын талаар сурвалжилсанаараа ач холбогдолтой болсон. Гэхдээ жуулчдын шийдвэр гаргах процесс доод тал нь хоёр жил байдаг гэж үздэг.

Тухайлбал, та Шинэ Зеландын талаар мэдээллийг зурагтаар үзэж, сэтгүүлээс уншаад, зургийг нь харлаа гээд шууд аялна гэж шийддэггүй. Эхний ээлжинд ийм газар байдаг талаар тархиндаа буулгадаг.

Үүний дараа тухайн улс руу шууд нислэг байна уу, аялахад ямар өртөгтэй болох, очоод хэр тав тухтай байх, аюулгүй байдал хэр хангагдсан, үзэх харах юм хэр ихтэй байна гээд маш олон хүчин зүйлийг харгалзан үзэж байж шийдвэрээ гаргадаг.

Манай улс маш олон өрсөлдөгчтэй. Өвөрмонгол, Казакстан, Бутан, Непалаар аялах уу, Австрали, Европын орноор явах уу гэх зэргээр жуулчдад маш олон сонголт бий.

2015 онд Монгол Улс анх удаа ITB Berlin-ийн түнш орноор оролцсон. Энэ бол аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон. Үүнийг дагаад жуулчдын тоо нэмэгдэх хүлээлттэй байгаа. Ядаж хоёр жилийн дараа үр дүн нь гарна.

Тэр хооронд хувийн хэвшлийнхэн валютын ханш, үйлчилгээний өртгийн өөрчлөлт, төр засгийн тогтворгүй бодлогоос үүсэх эрсдлийг үүрч байдаг. Монголд жилд дунджаар 500 мянга орчим жуулчин ирж байна. Монголд ирэхгүй байх үндсэн гурван шалтгаан бий гэж судлаачид үздэг.

Нэгд, сурталчилгаа муу.

Хоёрт, жуулчид манайхаар аялал хүсэлтэй боловч энд ирэх процесс удаан, төвөгтэй, өртөг өндөртэй буюу дэд бүтэцтэй холбоотой асуудлууд.

Гуравт, энд ирсэн жуулчид сэтгэл хангамжгүй буцсан гэсэн үг. Нэг жуулчин ирлээ гэхэд дахиад 10 жуулчин ирэх үү, 10 жуулчин ирэх гэж байснаа болих уу гэдэг асуудал яригддаг.

Бидний дүгнэж байгаагаар, Монголыг гадаадад сурталчлах байдал 20-30 хувь, дэд бүтэц 40-өөд хувьтай, үлдсэн хувь нь Монгол дахь үйлчилгээний асуудал жуулчдын шийдвэрт голлон нөлөөлж байна. Энэ нь зөвхөн зочид буудлын үйлчилгээ, хоолны амт чанарын тухай асуудал биш. Визний асуудал байна. Бид нэг үе 42 улсад визний чөлөөлөлт үзүүлсэн. Одоо буцаад визтэй болохдоо хоёр дахин үнэтэй болгосон. Нэг жил нь визгүй гэж чөлөөлснөө дараа жил нь визтэй болсон, болох болохдоо хоёр дахин үнэтэй болсон.

"Cross country" буюу машинаар улс орныг дайран өнгөрдөг, дайран өнгөрөхдөө цагаан хуудсаар нэвтрэх тохиолдол байдаг. Үүнийг нарийн судлах хэрэгтэй. БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах ёстой. Жил болгон энэ асуудлын тухай ярьдаг. Бүүр сүүлдээ Хятадууд залхаж, Манжуураар дамжин шууд ОХУ руу зорчдог болсон. 

Монгол Улс Хятадаас жуулчин авахгүй эсвэл Хятадаас энэ жил 10 000 жуулчин авна гээд ил тод зарлачих хэрэгтэй шүү дээ. Хэрэв тодорхой шийдвэр гарах юм бол Монголын компаниуд Хятадад үргүй сурталчилгаа хийх шаардлагагүй. Нислэгийн компаниуд дуртай үедээ нисч байна. Ингээд ирэхээр аялал жуулчлал гэж яриад яах юм бэ? Энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Аялал жуулчлалын салбарт тодорхой өөрчлөлт хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц хэрэгтэй.


Хил дээр олгодог цахим виз, визийн дэвшилтэт төрлүүдийг бий болгохоор Засгийн газар зорьж байна. Үүнийг та юу гэж ойлгож байна?

Цахим виз гэхээр нисэх онгоцны буудалд буугаад хил дээрээс визээ авч байгааг хэлж байгаа юм л даа. Цахимжуулах асуудал бол дэлхий даяар байна. Гэхдээ хөнгөлж байгаа нь энэ гээд визний үнээ нэмж болохгүй. Нөгөө талаас цахим виз олгох журам нь тодорхой байх ёстой. Тэр журам нь тогтвортой хэрэгждэг байх ёстой. 

Ярилцсанд баярлалаа