Эмч нар тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хүсэв
УИХ-ын ээлжит хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийг батлан гаргаад багагүй хугацаа өнгөрч буй. Анх төрөхдөө л цагаан халаатнууддаа таалагдаагүй уг хуулийн заалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд томоохон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмч нар ярьж байлаа. Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар "Эмчийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс ийм заалт оруулж өгсөн нь сайн ч дэндүү хатуудсан. Нэгэнт хууль батлагдаад гарснаас хойш одоо юу ярих вэ. Эмч хүн ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн. Энэ ч үүргээ биелүүлнэ. Гол нь бидэнд ажиллах нөхцөл хангасан тоног төхөөрөмж хэрэгтэй байна" хэмээв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувьд 1961 онд байгуулагдсан, жилдээ дунджаар 12 мянган иргэн хэвтэн эмчлүүлдэг 512 ажиллагсадтай эмнэлэг. Эмнэлгийн санхүүгийн гол эх үүсвэрийн 30 гаруй хувь төсөв, даатгалын сангаас 68,5 хувь нь, харин 1,8 хувийг төлбөрт үйлчилгээ-ний орлогоос санхүүждэг байна. Тиймээс техник тоног төхөөрөмжийн дорвитой шинэчлэл хийх шаардлагатай байгааг энэ үеэр эмнэлгийн удирдлага хэлж байв. Харин Улсын клиникийн төв эмнэлгийн хувьд мөн л үзлэг оношилгоо, эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй явуулахад орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж шаардлагатай байгааг сануулсан.
Орон нутгийн иргэд хамгийн их ирж эмчлүүлдэг тус эмнэлгийн удирдлага ирсэн хүн бүрт хүрч үйлчлэхийг хүсдэг ч тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь хуучирч, нарийн үзлэг оношилгоо хийх дуран, аппарат хүрэлцэхгүйгээс яаралтай тусламж хүсэж ирсэн өвчтөнөө ойролцоох Улаанбаатар Сонгдо хувийн эмнэлэг рүү явуулдаг дүр зурагтай болчихоод байгаагаа учирлаж байлаа. Ганц төв эмнэлэг гэлтгүй эрүүл мэндийн салбарт бүхэлд нь тоног төхөөрөмжийн шинэчлэл 100 хувь шинэчлэх шаардлагатай байгааг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд анхаарснаа мэдэгдээд энэ талаар ажиллана гэв. Уг нь, УКТЭ шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа эрүүл мэндийн яамандаа танилцуулан 300 сая төгрөгийн төсөв салбарын сайдын багцад явж байгаа аж. Хамгийн гол нь шаардлагатай тоног төхөөрөмжийг нь аваад өгчихвөл манай улсын эмч мэргэжилтнүүд бүхий л төрлийн мэс заслыг эх орондоо хийхэд бэлэн гэдгийг Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгасан тус эмнэлгийн хамт олон хэлж байв. Өнөөдрийн байдлаар ясны чөмөг. шилжүүлэн суулгах бэлтгэл ажлаа ханган 60 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ чөмөг шилжүүлэн суулгах эмч мэргэжилтэн, өрөө тасалгаа бэлтгэсэн хэдий ч тоног төхөөрөмж л байхгүй байна хэмээв. Хэрвээ эмч нарын гар дор байх тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж чадвал үзлэг оношилгоо хийлгэх, эмчлүүлэхээр гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн урсгалыг хазаарлах бүрэн боломжтой гэдгийг энэ үеэр хэлж байлаа.