Нийгмийн даатгалын газрын ҮЗ-ийн гишүүдийг өөрчлөх бололтой
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдийн олонхи нь гадаад, дотоод томилолттой байгаа учир даргаас нь өөр хүн ирсэнгүй. НҮБ-ын хүн амын сантай хамтран Азийн эмэгтэй парламентийн гишүүн болон сайд нарын бага хурлыг зохион байгуулсан нь тус байнгын хорооны эхний ажил байлаа. Түүнчлэн "Мянганы хөгжлийн зорилтууд ба залуучууд-Мини НҮБ" үндэсний чуулганыг зохион байгуулсан нь залуусыг дэмжих ажлын хүрээнд явуулсан онцлох арга хэмжээ болсныг тус байнгын хорооны дарга Д.Оюунхорол ярьсан юм.
Үүнээс гадна, охид эмэгтэйчүүд хил дамжин худалдагдах, онлайн сүлжээгээр холбоо тогтоож биеэ үнэлэх явдал их байгаа талаар байнгын хорооныхон анхаарч, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Намрын чуулганаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ах-мад дайчдад олгох мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлсэн юм. Одоогоор манай улсад 1816 ахмад дайчин бий аж. Үүнээс хоёр дайнд оролцсон 81,1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон 1322, 1940-48 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 327 ахмад дайчин байгаа юм. Тиймээс ахмад настнуудад төр, засгийн зүгээс үзүүлэх нийгмийн халамж, хамгааллыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ийнхүү дээрх хуулийн хүрээнд өмнө нь улиралд 50 мянган төгрөг олгож байсныг сар бүр 200 мянган төгрөгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож байхаар тогтжээ. Харин мэргэжлийн сургалт,үйлчилгээний төв байгуулах тухай асуудалд байнгын хорооны гишүүд анхаарч байгааг онцоллоо. УИХ уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм. Гэвч судалж үзэх, зохицуулах шаардлагатай зүйл олон байгаа тухай байнгын хорооны дарга ярьсан. Тодруулбал, гадаадаас орчин үеийн шинэ, сайн техник хэрэгсэл авчирлаа гэхэд түүнийг ашиглаж чадах мэргэжлийн боловсон хүчин дутагдах явдалыг төрийн зүгээс анхаарч, зохион байгуулалттай арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл нь энэ гэж үзсэн байна. Энэ үеэр яригдсан асуудлыг нэг нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүнийг зарцуулах, хуваарилахтай холбоотой мэдээллүүд байсан юм. Дээрх асуудлын тухайд 70-80 орчим тэрбум төгрөг арилжааны банкинд байршуулсан, түүнчлэн багагүй хэмжээний мөнгө дутсан зэрэг зөрчил бий аж. Түүнчлэн тус байнгын хорооноос Нийгмийн даатгалын газрын Үндэсний зөвлөлийн гишүүдийг өөрчлөх санал гаргахаар бэлтгэж байгаа гэдгээ мэдэгдлээ.