Бүх яаманд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл ажиллаж эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БХБЯ, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар багтдаг. Яам бүрт байгуулах дэд зөвлөлийг тухайн яамны дээрх удирдах албан тушаалтан тэргүүлж ажиллах юм.
Мөн иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, соёл, урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, урлаг, соёлын бүтээл хүртээмжтэй байх зэргийг боловсронгуй болгоход чиглэсэн салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг тодорхой болгох юм.
Дэд зөвлөлүүд салбарынхаа сайдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал боловсруулах чиг үүрэгтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгажээ.