“Одонтой ээжүүд”-Оюунлаг бэлэг
Үйлдвэрийн район хэмээн нэрлэгддэг Хан-Уул дүүргийн одонтой ээжүүд улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй гэрэлт ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байгаа эх орны бахархал болсон ээжүүд билээ.
Эх орондоо төдийгүй ээж хүнийхээ үүргийг өндөрт өргөн яваа Яармагийн одонтой ээжүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нэгэн өдөрлөгөөс бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэндээ хүргэе.
Хан-Уул дүүргийн хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг Хүннү моллд энэ сарын 15, 16-ны өдөр “Одонтой ээжүүд” өдөрлөг зохион байгуулагдлаа. Үндэсний дээл хувцсаараа гоёж, энгэртээ одонгоо гялалзуулсан 800 одонтой ээж энэхүү өдөрлөгт уригдан оролцсон юм.
“Хувь хүний хөгжлийн институт”-ийн захирал М.Алтанцэцэг “амьдралдаа сэтгэл хангалуун байх шалтгаан”, “аз жаргалтай байхад юу чухал”, “гэр бүлийн үнэ цэнэ үр хүүхэд”, “санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн хийх вэ” зэрэг зөвлөгөө лекцийг хүргэснээр өдөрлөг эхэлсэн юм. Лекцийн дараа монголын уран бүтээлчдийн “Хоёр амь” уран сайхны киног үзэж одонтой ээжүүд нэг өдрийг оюунлаг байдлаар өнгөрүүллээ.
Хоёр гурван хоногийн настай цэцэг бэлэглэж байхаар одонтой ээжүүдийгээ уулзуулж, үзвэр үзүүлж, өөр хоорондоо ярих бололцоог нь нээн сэтгэл зүрх, оюун бодолд нь зориулсан нээлттэй яриа лекцийг сонсгосон нь цаг үеэ олсон сайхан үйл ажиллагаа боллоо гэдгийг НИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн 8-р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа өдөрлөгийн үеэр онцолж байлаа. Энэхүү боломжийг УИХ-ын гишүүн Л.Болд тойргийнхоо эхчүүд, эмэгтэйчүүдэд олгосон бөгөөд “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын бэлэг болгон ийнхүү зохион байгуулжээ.
Тэтгэвэрт гарч гэртээ суудаг өндөр настан ээжүүдээс эхлээд хүүхдээ хараад гэрээс төдийлөн гарч чаддагүй залуу ээжүүдийн хувьд энэ арга хэмжээ маш сонирхолтой, хэрэгтэй ажил байж чадсан гэж оролцогч бүсгүйчүүд хэлж байлаа.
Өдөрлөгийн үеэр "Одонтой ээжүүд" хөтөлбөрийг жил болгон зохион байгуулж өгөөчээ гэж Яармагийн ээжүүд хүсч байлаа. Тэдний хүсэлтийн хариуд Л.Болд гишүүн жил болгон одонтой ээжүүдтэйгээ уулзах өдрийг товлох болно гэлээ. Монголын гэрэлт ирээдүйг өсгөн хүмүүжүүлж байгаа бүх одонтой ээжүүддээ эрүүл, энх, саруул сайхан байхыг хүсье.