Ц.Даваасүрэн: ОУВС-ийн хөтөлбөртэй холбогдуулаад банк, санхүүгийн салбарт аудит хийх байх
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодруулга авлаа.
-ЯПОН, ОХУ, ХЯТАД, ОУВС-Г ОРОЛЦУУЛААД, ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОСГОХ АСУУДАЛ ЯРЬЖ БАЙНА-
-Олон Улсын Валютын сангийн /ОУВС/ хөтөлбөрт хамрагдахын тулд ээлжит бус чуулган хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцэх ёстой гэж байсан. Гэвч чуулган хуралдах шаардлагагүй болж байх шиг байна. Та тэр хөтөлбөрийн талаар судалж үзэв үү?
-Олон Улсын Валютын сантай байгуулах хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан тодорхой нөхцлүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж Захирлын зөвлөлүүдээр орж эцэслэн батлагдана. Өнөөдөр Валютын сантай хоёр талаасаа ярилцаад явж байгаа. 580 сая ам.долларын төлбөрийг хойшлуулах тухай яригдаж байсан бол одоо энэ төлбөрийг төлөх ёстой гэдгээр тохиролцоо бараг хийгдэж байна. Энэ мэт хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Тийм учраас юу, юуны туханд хүрэхгүй ээлжит бус чуулган зарлаад хуралдуулах шаардлага харагдахгүй байна. Чуулган эхлэнгүүт яригдаад байгаа гол, гол зүйлүүд дээр бүрэн тохиролцоонд хүрчих байх гэж бодож байна. Зарим нэг сонгуулийн амлалттай холбоотой зүйлүүд бий. Дөрөвдүгээр сарын 20-дын үед Захирлуудын зөвлөл хуралдтал бид тодорхой асуудлаа яриад явна.
-Ээлжит бус чуулган зарлахгүй байгаа шалтгаан нь танай намын гишүүд хоёр хуваагдаад байгаатай холбоотой гэсэн мэдээлэл байна. Та ямар тайлбар хийх вэ?
-Худлаа мэдээлэл байна. Хөтөлбөртэй холбогдуулаад Монголбанк, санхүүгийн салбарт аудит хийх асуудал байгаа. Үүнийг харах ёстой. УИХ дээр яригдах хөтөлбөр, ОУВС-гийн захирлын зөвлөл дээр яригдах асуудал хугацааны хувьд хараахан болоогүй байна. УИХ-ын чуулган эхлэнгүүт, тодотголтойгоо хамт яриад явна.
-ОУВС-гийн тавьж буй найман зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжтой юу. Хэрэгжүүлвэл МАН-ын 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно гэсэн мэдээллүүд байна. Магадгүй ийм асуудал үүсээд зарим гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байна уу?
-Зарим нэг үргэлжлүүлж ярих ёстой асуудлууд бий. Тухайлбал, Хадгаламжийн хүү дээр татвар ногдуулах асуудал байна. Энэ нь мөнгө гадагшаа урсах нөхцлийг бүрдүүлж болзошгүй. Иймэрхүү зүйл дээр Сангийн сайдыг үргэлжүүлж яриач гэж байгаа. Мөн ядууралтай холбоотой асуудал дээр ярих шаардлага байна. Өнөөдөр халамжийн тодорхой хүрээг хамарсан асуудлыг шууд хумих бололцоо байхгүй. Тэтгэврийн насны асуудал бас байгаа.
-Монголбанкинд аудитын шалгалтыг хэрхэн хийхээр төлөвлөж байаа бол?
-Өнөөдрийг хүртэлх Монголбанкны үйл ажиллагаанд, гэхдээ зөвхөн Монголбанк биш. Санхүүгийн салбар, банкны салбарыг оролцуулаад нөхцөл байдлыг нь тодорхойлох аудитыг Олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс хийх байх. Ингэж байж хөтөлбөрүүдээ эцэслээд явна.
-ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих нь өргөн утгаараа зөв гэж үзэж байна уу?
-Өөр арга байхгүй. Өнөөдрийн бий болчихоод байгаа гадаад өр, төлбөрийн асуудлыг дан ганц нэг эх үүсвэрээс төлнө гэвэл тэр талдаа хараат болж эхэлнэ. Өрийн дарамтанд орж эхэлнэ. Япон, ОХУ, Хятад, ОУВС-г оролцуулаад зээлийн эх үүсвэрийг босгох асуудлыг ярьж байгаа нь давуу тал гэж бодож байна.