Ш.Анхмаа: Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг “НЭГ ӨРХ - НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөртэй уялдуулан шийдэхээр зорьж байна
2017.03.08

Ш.Анхмаа: Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг “НЭГ ӨРХ - НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөртэй уялдуулан шийдэхээр зорьж байна

Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. Тэрээр  НИТХ-ын төлөөлөгч төдийгүй төр түшилцэж яваа Монголын эмэгтэйчүүдийн орчин цагийн тод нэгэн төлөөлөл юм.  

-Танд “Мартын 8-ны” мэнд хүргэе.

-Баярлалаа. Бүх ээжүүдэд, бүсгүйчүүддээ, охиддоо баярын мэнд хүргэж, та нар минь эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн, үргэлж инээмсэглэж яваарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.

нэ өдрийг та хэр чухалчилж үздэг вэ?

-“Мартын 8” гэж бид нэрлэж сурсан баярын энэ өдөр даян дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг бүгд мэднэ. Тийм учраас энэ өдрийн чухал утга санаа нь олон улсын эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө үгээ хэлэх, эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх явдал хэмээн нийтээрээ үздэг. “Эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэдэг болсоор удсан шүү дээ. Эмэгтэйчүүдэд нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах олон алхмууд хийгдэх, жилдээ нэг тэмдэглэн өнгөрүүлдэг албан ёсны баярын өдөр юм.

-Та ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ. Эмэгтэйчүүдийн баяраар ч юм уу, эсхүл  бусад өдөр...?

- Цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр бяцхан гартаа хайч бариад байдгаараа хичээж, өнгийн цаасаар цэцэг урлаж байгаа. Сургуулийн сурагчид сайн дүн аваад ээждээ үзүүлнэ гэж яарцгааж байгаа.

Төсөөлөхөд л зүрх догдолж орхилоо (инээв. сурв) Тэгэхээр өнөөдөр тэр чигээрээ хөөрхөн явдлуудаар бялхсан ямар сайхан өдөр гэж бодно. Би зөвхөн “Мартын-8” гэлтгүй үргэлжид ээжийгээ баярлуулахыг хүсдэг байлаа. Хүн гэдэг эрхэм нандин бие, түүнд орших оюун санааг бий болгож, энэ хорвоод төрүүлсэн ачит ээждээ ямар их хайртайгаа илэрхийлэхийн тулд эмэгтэйчүүдийн баярыг хүлээхийн шаардлагагүй.

Гэхдээ ээж гэдэг хүн алга болдоггүй, тийм хүчирхэг оршихуй юм билээ. Би ээжийгээ сэтгэлийнхээ хаанаас ч олж чаддаг. Улаанбаатарын гудамжинд миний ээж шиг олон ээж надтай тааралддаг. Ямар нэг юмаараа, харцаараа, алхаа гишгээгээрээ, дуртай зүйлээрээ ч юм уу, зүгээр уулга алдахдаа, эсвэл хүүгээ гэсэн сэтгэлээрээ яг миний ээж шиг ээж зөндөө олон байдаг.

Ээж шигээ олон ээжид буян үйлдэх юмсан, эх хүнийг илүүтэй баярлуулах юмсан гэж бодож санан, хичээж явна даа. Тэднийхээ сайн сайхны төлөө нийгэмд тустай олон ажлыг хийж, нийтэд нөлөөлөх бүтээлч үйлсийг аль болох ихээр амжуулахсан л гэж боддог.

-Эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр хууль, тогтоомж болон нийгмийн харилцаанд бодитоор үйлчлэх зохицуулалт үнэн хэрэгтээ сулхан байна гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-За маш албан ёсны, гэхдээ яг үнэндээ амин чухал асуулт байна. Эмэгтэйчүүдийн тухай ярихаар цаана нь дандаа хүүхдийн эрхийн асуудал хамт явж байдаг. Энгийнээр хэлэхэд, хэн нэг ээжид уйлах шалтгаан байгаа бол түүний хүүхдүүдэд ч бас ийм байгааг асуух ч хэрэггүй ойлгох хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн эрх, үүнийг хууль эрх зүйд хэрхэн тусгасан байдал болон амьдрал дээр хэрэгждэг үү гэсэн асуудал нийгмийн анхаарлын хамгийн чухал цэг. Гэвч манай улсад өрөөсгөл тал ажиглагддаг. Монголд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжууд батлагдаж гарсаар байхад л энэ нь амьдралд биеллээ олохдоо сулхан байдгийг хууль тогтоомжуудыг батлахдаа энгийн амьдралд тохиолдсоор байгаа маш олон эмгэнэлт явдлын эх сурвалжийг хангалтгүй судалсан, хайнга хандсан, зарим зайлшгүй зүйл заалтыг шууд орхисон байдагтай холбож тайлбарлана.

Энэ бүхнээс болоод эмэгтэйчүүдийн эрх, эрхийн хамгаалал, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, эмэгтэйчүүд удирдах түвшинд болон шийдвэр гаргах түвшинд ажиллах, өөрсдийн байр сууриа бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн төлөө бодитоор үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндрэл учирдаг нь илэрхий зүйл шүү дээ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хангалттай оролцоо байхгүй учраас гол асуудлууд орхигдоод явдаг нь ч анзаарагддаг.

Яагаад өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах газрууд, эмэгтэйчүүдийн төлөө олон нийтийн байгууллага, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд нь “эрэгтэйчүүдийн” төлөөх байгууллагаас хэд дахин олон байдаг вэ гэхээр нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа учраас тэр шүү дээ. Маш олон эвсэл, клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа атлаа тэр бүхний бодит үр дүн шулуухан хэлэхэд тааруу, доогуур үзүүлэлттэй хэвээр байгаа нь мөн л санаа зовоосон асуудал юм.

-Нийслэлийн удирдлагын зүгээс эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, эмэгтэйчүүдийн тулгамдсан сэдвийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ? Цаашид ямар ажлууд хийгдэх бол?

-Эхлээд бид эмэгтэйчүүдэд ямар бэрхшээл байна вэ гэдгийг бодитоор олж харах нь чухал. Ялангуяа санхүүгийн хямралын хүнд хэцүү үед эмэгтэйчүүд ажилтай байна уу, цалингаа сар бүр авч чадаж байгаа болов уу гэдэгт анхаарал хандуулахыг зорьж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд жендерийн тэгш бус байдал нэлээд тулгамдаж байна. Яагаад энэ байдалд хүрчихэв, ер нь яаж тулгамдсан юм гэж асуух байх л даа. Хариултыг нь бид өөрсдөө бараг өдөр бүр л ярьцгаадаг.

Тухайлбал, хөдөөгөөс хот руу олноор ирж суралцаж байгаа оюутнуудыг авч үзэхэд тэдний дийлэнхи хувь нь эмэгтэйчүүд байна. Малчид эрэгтэй хүүхэддээ өв хөрөнгөө үлдээж, малаа маллуулахаар авч үлдээд, эмэгтэй хүүхдийг сурч, боловсор гээд хот руу явуулдаг уламжлал сүүлийн 20 гаруй жил амь бөх оршсоор л байна. Гэтэл  хотын залуус нь суралцах, ажил хөдөлмөр хийх гэх зэргээр гадаад улс руу  ажиллаж амьдрахаар яваад өгч байна. Мөн хорих газарт хүмүүжиж байгаа,  гэнэтийн осол, эндэгдэлд өртөж байгаа иргэдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.

Энэ мэт нийгмийн асуудлыг  судалгаа, баримтаар нь аваад үзэх юм бол Улаанбаатар хотод хүйсийн тэгш байдал, ялангуяа нөхөн үржихүйн тэгш байдал алдагдчихаад байгаа нь хэний ч нүдэнд илэрхий байгаа юм. Тэгэхээр энэ нь манай хотын нийгмийн амьдралд тулгамдсан хамгийн том асуудал болоод байна. Үүнээс улбаалан гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн жилүүдэд буурахгүй байна.

Энэ нь нийгэмд маш олон сөрөг үр дагаваруудыг үүсгэж байгаа бөгөөд түүний хамгийн тод жишээ бол өрх толгойлсон ээжүүд юм. Улаанбаатар хотод  20,000 гаруй  өрх толгойлсон ээж байна. Энэ хүмүүсийн амьдрал, эрх, нийгэм хамгааллын асуудал яригдана.

Бид Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр сайжруулах тал дээр анхаарч ажиллах нь чухал болж байна. Мөн өрх толгойлсон ээжүүдийн асуудлыг шийдвэрлэх ажлуудыг ээлж дараалан хийхээр төлөвлөж байна.

Жишээлбэл, өрх толгойлсон ээжүүдийн хөдөлмөр эрхлэх боломж, гэртээ хүүхдээ харж байгаа орлогогүй ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэрхэн шийдэх тал дээр анхааран ажиллаж байна.

“Нэг өрх - Нэг ажлын байр” хөтөлбөртэй энэ асуудлыг уялдуулан шийднэ.

Цаашид бодлогын түвшинд Улаанбаатар хотын жендерийн тэгш байдлыг хангах нь төр, засгийн хэмжээнд авч үзэхээр том асуудал болж байна. Бид аль болох боломжит шийдлүүдийг олж хэрэгжүүлэхээр  ажиллаж байна. Нийслэлийн зүгээс эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр төр, засгаас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдийг нийслэлийнхээ нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтарч, ялангуяа шинэ удирдлагууд ажлаа авснаас хойш илүү ойр, илүү ард иргэддээ хүрч ажиллахыг хичээж байгаа.

Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын чиглэлээр нийслэлээс нилээд ач холбогдол өгч, орон гэргүй, хараа хамгаалалтгүй хүүхдүүдийг хүүхэд хамгааллын газарт хамруулсан. Ингэснээр “траншейний” гэх харж хамгаалах, харьяалалгүй хүүхдүүд бүгд хаяг тодорхой болж, асрамжийн газарт очсон. Мөн эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөөд явж байгаа.

-Таны хувьд хүндэлж явдаг, үлгэр дуурайл авдаг ямар эмэгтэйчүүд байна вэ?

-Олон эмэгтэйчүүд байгаа. Хамгийн их хүндэлж, үлгэр дуурайл болдог хүмүүс маань миний эмээ, ээж хоёр маань байлаа. Миний эмээ долоон хүү төрүүлсэн сайхан буурай байлаа.

Долоон хүүгийн араас охинтой болох хүсэл нь биелж, би анхны ач охин нь болж мэндэлсэн юм.  Төрсөн цагаасаа л миний харж, үлгэр дуурайл авч байсан хоёр хүн бол тэд маань юм даа.

 Намайг амьдралын бүхий л хугацаанд тэвчээртэй байх, үнэнч, хөдөлмөрч байх, өр нимгэн зөөлөн сэтгэлтэй байх, алсын хараатай, холч ухаантай байх цаашлаад сайн охин, сайн ээж, сайн хань байх гэсэн амьдралын чиг зорилгыг маань  гаргаж, үг үйлдлээрээ үлгэр дуурайл болж байсан хоёр эмэгтэй бол миний ээж, эмээ хоёр минь.

-Та нийт бүсгүйчүүд, эхчүүддээ хандаж баярынх нь энэ өдөр нэг сайхан үг хэлээч?

-Ээжийгээ, хүүхдүүдээ, ханиа хайрлахаас гадна эмэгтэй хүн эмэгтэй хүнээ үргэлж хайрлаж яваарай гэдгийг л чухалчилж хэлье. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ хүндэлж, дэмжих гэдэг зарчим биелж байж л бид нийгэмд өөрсдийнхөө төлөө тууштай ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэж, өөрсөддөө олон сайхан эерэг өөрчлөлтийг авчирч  чадна. 

Эмэгтэйчүүдийг, эмэгтэй хүн л хамгийн сайн ойлгож мэдэрдэг. Учир нь бид адилхан зовлонтой, жаргалтай, бүгд л бүсгүй хүний хувь заяагаар энэхэн хорвоог туулж яваа улс. Бидний нарийн нандин зүйлийг, бидний тэр бүр хүнд хэлээд байдаггүй учир шалтгаант амьдралын олон асуудал, эрээн барааныг эрчүүдээс хавьгүй илүү хүүхнүүд л өөрсдөө ойлгодог гэдгийг бүгдээрээ мэднэ.

Харин эмэгтэй хүн эмэгтэй хүнээ дэмжих, ойлгох, хүндлэх, хайрлах талаас одооноос бид жаахан санаа тавьж чадвал бүх зүйл өөр болж, урагшилна гэдгийг хаа хаанаа сайн мэдрэх хэрэгтэй юм гэж боддог. Бүсгүйчүүд бид үр хүүхдүүдээ таатай нийгэмд, сайн сайхан амьдруулах зөв эхлэлийг нь тавьж өгөх учиртай юм шүү дээ.

Эмэгтэй хүн хорвоо дэлхийг зөөллөж явдаг гэлцдэг. Та нар минь тэрхүү нарийн нандин ухаанаараа, хөдөлмөрч уйгагүй зан чанараараа энэ дэлхий ертөнцийн хөгжлийнх нь ихэнх хувийг эх сайхан Монгол орондоо авчирч чадна гэдгийг баярын тань өдөр хандаж хэлж, уриалмаар  байна.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: http://www.ub.life Б.Энхцэцэг