Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна
Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн мэндийг нийт монголчууддаа болон ахмадууддаа дэвшүүлж, Алтан унжлагат хэмээх Гал Тахиа жилдээ айл саахалтаараа амар амгалан, хотол олноороо өргөн дэлгэр сайхан шинэлэхийн ерөөлийг өргөе.
Улиран одож буй Бичин жил монголчууд бидний хувьд олон сорилт, сонголт, алдаа, оноогоо дэнсэлсэн амаргүй жил байлаа. Гэвч Монгол түмэн маань амны билгээс ашдын билгэ хэмээн билгэшээж аливаа сайн, мууг даван туулж ирсэн уламжлалтай билээ.
Тиймээс морилон ирж буй Тахиа жил саар бүхэн улирч сайн бүхний эхлэлийг тавих хариуцлагын он жил болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол төрийн тулах баганын нэг Ардчилсан нам Тахиа жилийн босгон дээр их шинэчлэлийг эхлүүлж, Монголын улс төр, нийгэмд нэгэн шинэ соёлыг амжилттай тарьж чадсан билээ.
Цаашдаа ч энэхүү шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлж, Монгол түмнийхээ итгэлийг дааж, "Сайн" бүхнээ үргэлжлүүлэх болно гэдгийг сонордуулахдаа таатай байна.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Сар шинэдээ өргөн дэлгэр сайхан шинэлэхийг хүсье.
УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ