А.Ундраа инновацийг дэмжих талаар өөрийн байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн А.Ундраа Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг дотроо гурван хэсэгт хуваагдаж, хоёрдугаар хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраа ахалсан байна. Шинжлэх ухааны салбарт өөрийн хүч, нөөц боломжоо багагүй хугацаанд дайчилж ажилласны үндсэн дээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр инновацийг дэмжих ажилд тун нухацтай хандах нь зүйтэй гэж үзлээ.
Инноваци гэдэг бол бүхий л салбарт байнга явагдаж байдаг процесс. Төр, засгийн зүгээс анхаарах зайлшгүй шаардлагатай асуудлын тоонд иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэлдээ инноваци нэвтрүүлсэн буюу шинээр сэтгэх, бүтээлч чанарыг дэмжих ёстой гэж УИХ-ын гишүүн А.Ундраа үзэж байна.
Тэрээр мэдээллийн технологи тэр дундаа ухаалаг гар утсанд суурилсан апплейкшн бүтээдэг залуу програмистуудыг онцлон дурдаж байлаа.
Цаашид инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд судалгааны их сургуулиуд Технологи дамжуулах төвүүдийг дэмжихийн чухлыг учирласан юм. Энэ төвүүд инновацийг бодит хөрсөн дээр буулгах, бүтээгдэхүүн болгож, зах зээлд гаргах зэрэг маш чухал ажлуудыг хийдэг гэж тэрээр үзэж байна.
Инновацийг дэмжихэд патентийн тухай асуудал давхар яригддаг. Тиймээс ч бодлогоор авч үзмээр байгаа юм. Үнэхээр шинэ санаа юм уу, яг юу нь патентлагдаж байгаа талаар, олон улсад аль хэдийнэ гарсан эсэх зэрэг асуудлыг хуульд нарийвчлан тусгах, оюуны өмчийг ашигт ажиллагаатай уялдуулах шаардлага бий гэж УИХ-ын гишүүн А.Ундраа хэллээ.
Оюуны өмчийн газар нь Улсын бүртгэлийн газрын нэг хэсэг болсон. Гэтэл оюуны өмчийг тавилга, эд зүйл тоолж байгаа юм шиг бүртгэчихдэг юм биш. Оюуны өмчийн газрыг зөвхөн шинэ бүтээл, ашигтай загварыг бүртгэдэг төдий байгууллага биш гэдгийг анхааруулсан юм.
Ингээд Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах нэг удаагийн ажлын хэсэг ажиллаад зогсохгүй цаашид Инновацийг дэмжих лобби бүлэг байгуулж, шийдвэрийн төслийн хэрэгжилтэд хяналт тавих зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.