УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
2011.10.27

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Ганхуяг нарын санаачилж өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Гишүүд УИХ-ын тухай хуульд “асуулга тавьсан гишүүн өөрөө хүсвэл түүний хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аас тодорхой шийдвэр гаргуулах хүсэлтээ нэгдсэн хуралдаанд тавьж болно”, “нэгдсэн хуралдаан  асуулгын хариу болон Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргуулах хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах талаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тухайн асуудлаар шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч тогтоол батална”, “асуудал хариуцсан Байнгын хороо энэ хуулийн 33.5-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон төрийн бодлоготой холбоотой бусад саналыг асуулга тавьсан гишүүний саналын дагуу боловсруулж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргуулна” гэсэн заалт оруулахаар төсөл санаачилжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Засгийн газрын гишүүн болон хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүмүүс гишүүний асуултад хариулах, тайлбар хийхдээ үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлах бөгөөд худал мэдээлэл агуулсан хариулт, тайлбар өгсөн гэж асуулт тавьсан гишүүн үзвэл тухайн албан тушаалтны талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж болно” гэсэн хэсэг нэмэх, “асуулт асуух хугацаа нэгдсэн хуралдаанд 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд 5 минутын хугацаанд 5-аас илүүгүй удаа асуулт асуух”, “Гишүүний асуултад хариулах хугацаа нэгдсэн хуралдаанд 4 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд эхний асуултад 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт бүрт 1 минутаас илүүгүй байх”, түүнчлэн Засгийн газар хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлаар цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан зохицуулж сар бүрийн нэг дэх болон гурав дахь долоо хоногийн баасан гаригийн 15 цагаас, шаардлагатай бол баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулах, Засгийн газрын мэдээллийг Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд хийх бөгөөд Засгийн газрын бүх гишүүд байлцах” зэргээр хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулахаар тусгажээ.

Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогтоос асуулт асууж, саналаа хэлсэн байнгын хорооны гишүүд УИХ өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарах нь зүйтэй ч гэлээ хуульдаа ойр ойрхон хугацаанд нөхөөс тавих байдлаар өөрчлөлт оруулах гэх нь оновчтой биш юм. Харин Засгийн газрын цагаар явагдаж буй мэдээлэл, гишүүдийн асуулт, асуулгын үр өгөөжийг дээшлүүлэх талаар төсөлд тусгасан зарим санааг дэмжиж болох юм гэдгээ хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэхийг дэмжвэл байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, гол цөөн хэдэн асуудлыг тусгах замаар төслийг нарийвчлан боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.