Б.Гангаамаа эх орондоо ирлээ
2017.01.09

Б.Гангаамаа эх орондоо ирлээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр /2017.01.09/ БСШУС-ын сайд хүлээн авч уулзан баяр хүргэв. 

Тэрбээр “Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол уулчин боллоо. Мөн Өмнөд туйлд очсон монголын ес дэх хүн болсноос гадна Винсон Массиф ууланд авиралт хийсэн анхны Монгол эмэгтэй уулчин болж байна. Б.Гангаамаа энэхүү ууланд авиралт хийснээс гадна Антарктид тивд цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх зэрэг судлаачийн ажлыг давхар хийжээ.

МУГТ Б.Гангаамаа уулзалтын үеэр “Уулын спортод цөөхөн хэдэн топ амжилтууд байдаг. Түүнийг хийхийн тулд Монголын уулчид олон жил зүтгэлээ. Би товчоор “Дэлхийг хураалаа” гэж хэлмээр байна. Үнэндээ бүх тивийн бүх ноён оргилд гарсан амжилт байсан учраас би “Дэлхийг хураалаа” гэж ойлгож байна. 2011 онд Эверестэд гарсны дараа надад “Seven summit”-ыг хураах хүсэл төрсөн. Энэ бол урт хугацааны олон жилийн аялал байлаа. Гол нь энэхүү амжилтыг хийхийн тулд монголчуудын маань дэмжлэг их байсан” гэв.