Л.Болд: Нам бол борлуулдаг зүйл биш
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.21

Л.Болд: Нам бол борлуулдаг зүйл биш

Ардчилсан намын шинэчлэлийн салхи ид үлээж байна. Саяхан их хурлаа хийсэн тус нам даргаа сонгох хариуцлагатай ажлыг эхлүүлээд байгаа юм. Ингээд Ардчилсан намын шинэчлэл болоод намын даргын асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Ардчилсан намын зургадугаар Их хурал саяхан бол өнгөрлөө. Энэ хурлыг та хэрхэн дүгнэж байна. Шүүмжлэлтэй зүйл нь юу байсан бэ?

Ардчилсан намын зургадугаар Их хурал дээр ҮЗХ-ны шийдсэн асуудал өөр сценариар орж ирээд, бөөн маргаан үүссэн. Намыг бүх шатны сонгуульд ялагдуулсан хуучинсаг хүчнүүд их хурлыг үр дүнгүй ёслол болгоод тараах оролдлого хийсэн. Түүнээс болж их хурал сунжирч, ямар нэгэн үр дүнд хүрэлгүй тарах дээрээ тулсан.

Эцэст нь, намынхаа шинэчлэлийн эхлэлийг тавих нь зүйтэй гэж үзээд гишүүдийн бүртгэл, намын даргын сунгаа гэх мэт гол асуудлаа шийдсэн. Манай нам өнгөрсөн хугацаанд хариуцлагын асуудлыг нэлээд ярьсан. Өмнө нь хариуцлагын заалтыг хүчингүй болгох шийдвэр ҮЗХ-ноос гараагүй. Гэтэл их хурал дээр тараасан материалд хариуцлагын заалтыг хүчингүй болгосон гэх агуулга орж ирсэн. Үүнийг их хурлын төлөөлөгчид эсэргүүцсэн.

Тиймээс гишүүдээс санал хурааж, хариуцлагын заалтаа эргээд сэргээсэн. Энэ мэт их хурлыг хийж байгаа, их хурлаар хэлэлцэж байгаа асуудлын цаад зорилго нь эргэлзээтэй байгаа юм. Дандаа л хуучнаа хамгаалсан, одоогийн байгаа хүрээллээ баталгаажуулах зорилгоор их хурлыг чиглүүлэх гэсэн оролдлого явсан. Гэхдээ яах вэ, Ардчилсан нам их хурлаа хуралдуулсан гэдэг нь том алхам юм. Үүнийг ухралт болгож ашиглах уу, үгүй юу гэдэг нь намын даргын сунгааг хэрхэн зохион байгуулахаас харагдана.

Ардчилсан намын зургадугаар Их хурал дээр ҮЗХ-ны шийдсэн асуудал өөр сценариар орж ирээд, бөөн маргаан үүссэн. Намыг бүх шатны сонгуульд ялагдуулсан хуучинсаг хүчнүүд их хурлыг үр дүнгүй ёслол болгоод тараах оролдлого хийсэн. Түүнээс болж их хурал сунжирч, ямар нэгэн үр дүнд хүрэлгүй тарах дээрээ тулсан.

-Хариуцлагын заалтыг хүчингүй болгож, хүрээллээ баталгаажуулах гэсэн зорилго хэнд байж болох уу? Та хэнийг хардаж байна вэ?

Хэн нэгэн хүний нэрийг хэлэхээс илүү тогтолцоо нь ийм болчихоод байна. Эрх мэдэл албан тушаал тойрсон бүлэглэлүүдийн толгойд хэн байхаас үл хамаараад өөрийгөө хамгаалах, өөрийгөө авч үлдэх гэсэн оролдлогоо үргэлжлүүлэх байх. Шинэ хуучны тэмцэл үүнээс харагдаад байгаа юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд хүч хөдөлмөр орох ёстой юм байна гэж би ойлгоод байна. Цаашид маш их үзэл бодлын зөрчил үүсэх байх.

-Ардчилсан нам их хурлаа хийгээд ч шинэчлэгдэж чадсангүй гэсэн үг үү?

Шинэ хуучны тэмцэл яваад байгаа юм. Одоогоор бол хуучин нь ялаад байна. Гэхдээ бүх зүйл хугацаатай. Шинэчлэл хэзээ нэгэн цагт ирнэ. 1990 онд ямар нийгэм байсныг өөрчилж чадсан билээ. Өнөөдөр түүнтэй харьцуулах юм бол арай өөр нөхцөл байдалтай болсон. Манай залуучууд гарч ирээд намаа, улсаа, нийгмээ аваад явна. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй.

-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг асуудал өмнө нь яригдаж байсан. Гэвч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдэж байсан Н.Алтанхуяг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан. Энэ нь ямар учиртай юм бэ? Дүрмийн төсөл хараахан батлагдаагүй болохоор хамаагүй юм уу?

Тийм. Яг таны хэлж байгаа хязгаарласан заалтууд тодорхой болоогүй байна. Тэгэхээр ойлгомжгүй байдал хэвээр үргэлжлээд байгаа юм.

Шинэ хуучны тэмцэл яваад байгаа юм. Одоогоор бол хуучин нь ялаад байна. Гэхдээ бүх зүйл хугацаатай. Шинэчлэл хэзээ нэгэн цагт ирнэ.

-Намын даргын сунгааг зохион байгуулах ажлын хэсэгт “но” орсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн “хүн” гэж яригдаж байсан Д.Үүрийнтуяа ажлын хэсэгт багтжээ. Үүнээс гадна олон хүн “гар хөлөө шургуулсан” гэх юм. Ийм нөхцөл байдалтай намын даргын сунгаа шударга явагдаж чадах уу?

Яг хуучин цагийн тогтолцоо үлдчихээд байгаа юм. Намын их хурал дээр ажлын хэсгийг томилох цаг байсангүй. Ямар ч байсан ажлын хэсэг байгуулаад, үүнд аймаг, дүүргээс албан ёсны төлөөлөл оруулах ёстой гэдэг шийдвэр гарсан. Гэтэл манай намын цөөн хүрээлэл албан тушаалаар далайлгаад, ажлын хэсэгт нэр зоогоод, хяналтандаа авч байна. Энэ нь эргэлзээ, үл итгэх байдал дагуулна.

Ардчилсан намын даргад зургаан хүн нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Тэр дунд ганцхан шинэ залуу боловсон хүчин байсан. Гэтэл ажлын хэсгийн гаргасан эхний шийдвэр бол дэнчингийн мөнгөө төлөх хугацаа өгөөгүй, түүний нэрийг хассан. Тэр залуу дэнчингийн мөнгийг төлөхгүй гэж хэлэээгүй. Эцсийн шатанд намын даргын саналыг хураахад дэнчингийн мөнгөө төлөөгүй бол асуудлыг өөрөөр ярьж болно. Яагаад нэр дэвших эрхийг нь хасч байгаа юм бэ.

Энэ нь хаалттай ажлын хэсэг байгуулагдсан гэж харагдуулж байна. Намын даргад нэр дэвших шалгуурыг маш буруу тавьсан. Үүн дээрээ намын шинэчлэлийг бүрэн зогсоох алхам хийж байгаа нь ажлын хэсэг цаашид зөв ажиллах уу, үгүй юу гэдэг эргэлзээг төрүүлж байна. Үүнээс үүдэж ажлын хэсэгт давхар хяналт хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Ер нь намын даргад нэр дэвшигчдээс дэнчингийн мөнгө нэхэх нь зөв байсан уу? Зарим хүн дэнчингийн мөнгөөр цензур тавихгүй бол “лааз өшиглөсөн” хүмүүс ороод ирнэ гэдэг болгоомжлолоор дэнчингийн мөнгө гаргаж ирсэн гэх юм.

Дэнчингийн мөнгөөр цензур тавих нь буруу. Намаа шинэчилж, даргаа сонгох гээд байгаа юм уу эсвэл мөнгөтэй хөрөнгөтэй хүн энэ намыг худалдаж авах гээд байгаа юм уу. Дуудлага худалдаа шиг сонсогдоод байгаа юм. Дуудлага худалдааны эхэнд тодорхой хэмжээний дэнчин тавьдаг. Тэгээд хамгийн өндөр санал хэлсэн нь худалдаж авдаг. Гэхдээ нам бол борлуулдаг зүйл биш.

-Ардчилсан намын даргад нэр дэвших боломжтой хүмүүсийн таамаг дунд таны нэр багтаж байсан. Гэтэл та нэр дэвшсэнгүй. Ямар учраас ийм шийдвэр гаргасан бэ?

Хоёр жилийн өмнө үзэл бодол нийлсэн нөхөдтэйгээ Монгол ардчиллын нэгдэл буюу “МоАН санаачилга” гэж ТББ байгуулсан. Бид ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, ардчиллын төлөө улс төрийн хүчнүүд тэр дундаа Ардчилсан намыг шинэчилж өөрчлөхийн төлөө “шинэ хүмүүс гараж ирэх” санаачлага гаргасан. Энэ санаачлага намаас дэмжлэг авсан. Яагаад гэхээр бид намыг фракц дээр тулгуурлаж биш, үнэт зүйл дээр тулгуурлаж хөгжүүлнэ гэсэн зорилготой.

Хоёрдугаарт, үнэт зүйл гэдэг нь намын шинэчлэлд шинэ хүмүүсийг оролцуулах ёстой гэж үзээд байгаа юм. Намайг оролцуулаад, бид хариуцлагаа хүлээх ёстой гэдэг зүйлийг хөндөж тавьсан. Тэгээд бидний санал намын дэмжлэг авсны дараа би өөрөө дарга болно гээд явах юм бол энэ олон хүмүүсийн итгэлийг “үгүй” хийнэ.

Дээр нь намын шинэчлэл бүдгэрч эхэлнэ. Тиймээс хэн нэгэн хүнийг дарга болгохын төлөө ийм санаачлага гаргаагүй гэдгийг харуулахыг зорьсон. Харин намын даргын сунгаанд оролцох хүсэлтэй олон залуу байлаа. Даанч дэнчин гэдэг айхтар зүйл энэ замыг нь хаачихлаа. Үүнд би харамсаж байна.

Дэнчингийн мөнгөөр цензур тавих нь буруу. Намаа шинэчилж, даргаа сонгох гээд байгаа юм уу эсвэл мөнгөтэй хөрөнгөтэй хүн энэ намыг худалдаж авах гээд байгаа юм уу. Дуудлага худалдаа шиг сонсогдоод байгаа юм.

-Нэр дэвшсэн таван хүний дунд намын дарга болохоос өөр зорилготой орж ирсэн хүн байна гэх юм. Өөрөөр хэлбэл, өөртөө биш бусдыг намын дарга болгоход туслах зорилгоор орж ирсэн гэдэг хардлага байна. Энэ үнэн үү?

Тийм эргэлзээ бий. Ардчилсан нам өнгөрсөн гурван сонгуульд дараалан ялагдсан. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд намыг ялагдалд хүргэсэн, удирдах албан тушаал эрхэлж байсан хүмүүс энэ удаа тэвчих ёстой байсан. Харин арван шинэ залуу нэр дэвшсэн бол намдаа амь оруулаад, шинэчлэлийн уур амьсгал оруулах ёстой байсан. Үүнээс л Ардчилсан намын шинэчлэл эхлэх ёстой байсан.

Ийм зүйлийг МоАН хоёр жил ярьсан. Гэтэл үүний эсрэг дууслаа. Тэгэхээр бидний хувьд Ардчилсан намын шинэчлэлд их урт хугацааг зарцуулах нь харагдаж байна. Гэхдээ ядаж л гишүүдийн бүртгэл, зохион байгуулалт, санал хураалт үнэн шударга яваасай гэж хүсэж байна. Одоо нэгэнт нэр дэвшигчид тодорсон учраас намын даргаа сонгох явцад хяналт тавихаас өөр зүйл үлдсэнгүй.

-Таны ярианаас ажиглаад байхад намын даргад нэр дэвшсэн таван оролцогчид сэтгэл дундуур байх шиг байна. Тийм үү?

Миний бодлоор өнгөрсөн дөрвөн жилийн хариуцлагыг хүлээж байгаа бол энэ удаад өнжих ёстой байсан. Энэ удаа хариуцлага хүлээх ёстой байсан. Сонгуульд ялагдуулчихаад юу ч болоогүй юм шиг дахиад нэг... гэх юм бол ард түмэн хүлээж авахгүй.

Тиймээс шинэчлэлийг шинэ хүмүүс хийнэ. Гэтэл том ухралт хийсэнд би харамсаж байна. Гэхдээ энэ тав шударгаар өрсөлдөөд намын дарга болоосой гэж хүсэж байна. Энэ хамгийн чухал.

-Их хурал хуралдах үеэр намын даргаа сонгох гэж байна гэж хэсэг бужигнасан. Тухайн үед намын даргад санал өгөх хүмүүсээ багцалж, 500 мянган төгрөг тараасан гэх мэдээлэл цацагдсан. Гэхдээ тэр үед намын даргаа сонгоогүй. Тэгвэл одоо гишүүд саналаа худалдах вий гэсэн болгоомжлол бүх хүнд байгаа байх тийм үү?

Их хурал дээр тийм зүйл явсан. Одоо ч тийм зүйл явна. Ингэх тусам ард түмэн муу дүн тавина. Тэгэхээр Ардчилсан нам улам явцгүй болно. Тиймээс Ардчиллын төлөө хариуцлага хүлээж, намаа аврах, улсаа аврах зайлшгүй шаардлага байна. Энэ үйл хэрэгт бүгд ханцуй шамдан орох хэрэгтэй гэдгийг гишүүддээ уриалаад байгаа юм.

-Намын даргын сунгааг шударга явуулахын тулд гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал гэлээ. Тэгвэл сунгааг шударга явуулахын тулд та юу хийх вэ?

Ямар ч байсан гишүүдийн бүртгэлд хяналт тавина. Цаашид долдугаар Их хурал дээр намаа шинэчлэх асуудалд анхаарал хандуулна. Долдугаар их хурлын товыг зарласан. Үүнийг хойшлуулж, “үгүй” хийх бололцоо хэнд ч байхгүй. Тэрхүү их хурлаар Ардчилсан намын шинэчлэлийг төгс болгохын төлөө бид бүх аймаг, сумдын намын байгууллагад хүрч ажиллана.

-Шинээр сонгогдсон намын дарга хамгийн эхлээд юу хийх ёстой вэ?

Намын шинэчлэлийн гол зорилтыг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Намаа нээлттэй болгох, дотоод ардчиллыг бүх шатанд үнэн бодитой хэрэгжүүлэх ёстой. Цаашид Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль болно. Хүн бүрийн сэтгэлийг татсан, Монголын хөгжлийн өнөөгийн цаг үеийн зорилтыг багтаасан мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг боловсруулаад ажилдаа орох ёстой. Ер нь бол нойр хоолгүй зүтгэх цаг гэж харж байна.

-Ардчилсан нам дүрмийн төслөө ханцуйн дотроо наймаалцаж оруулж ирэх гээд байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн удаа гарч байсан. Тэгвэл одоо дүрмийн төслөө хэр сайн боловсруулж байна вэ?

Дүрмийн төслийг жигүүр болгон тал, талд боловсруулсан. Гэхдээ намын төлөө санаа зовж байгаа олон хүн дүрмийн төсөл дээр ажиллаж байгаа. Өнгөрсөн удаа алдсан бодитой сургамжаа багтаагаад, ирээдүйн зорилтоо багтаасан олон хувилбарыг нэгтгээд нэг төсөл болох чиглэл рүү явж байна. Харин албан тушаалаар далайлгаад, их хуралд оруулж ирэхийн өмнө өөрсдийн сонирхлыг хавчуулсан зүйл хийчихгүй л бол гайгүй төсөл бүрдэж байгаа гэж харж байна.

-Танд баярлалаа.