2009.06.09

Ц.Даваасүрэн: 1.5 Саяыг өгөхөөс өөр аргагүй,эцсийн хариуцлагыг олонх үүрнэ

Хөвсгөл нутгийнхны итгэлээр парламентад ирсэн Ц.Даваасүрэн УИХ-ын шинэ гишүүдийн нэг. Тэрээр хууль тогтоох танхимд анх удаа сууж буй ч үзэл бодлоо чангахан илэрхийлдэг төрийн түшээ юм. Энэ нь төрийн албанд олон жил ажилласан туршлагатай нь холбоотой. Түүнтэй тал засаагүй ярилцлаа.

Гурав дахь нэр дэвшигчийг гаргах нь манай намд ашигтай байсан

-Ерөнхийлөгчийн сонгууль хоёр нэр дэвшигчийн хооронд ширүүн боллоо. Иргэд сонгуулийн үеийн хар мэдээллээс салж санаа амарч байх шиг. Бие биеэ хэт үгүйсгэсэн өмнө нь болж байгаагүй сонгууль болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Төрийн тэргүүний сонгуулийн нэг онцлог бол улс төрийн намуудын лидерүүд нэр дэвшдэг. Өөрөөр хэлбэл намуудын нэр нүүр болж төрийн өндөр алба хашиж явсан хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлддөг. Тэднийг баримт, нотолгоогүйгээр гүтгэж хэт муулах нь ард түмний төрд итгэх итгэлийг сулруулах аюул дагуулж байгаа. Цаашилбал, төр ард түмний хоорондын итгэл сулрах нь алсдаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хор уршигтай. Сонгуулийн дүнг харъя. Ард түмний бараг тал хувь нь шинэ Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлсэнгүй. Өнгөрсөн сонгуулиар нэг нэр дэвшигч нь хийсэн бүтээснээ ярихыг зорьсон бол нөгөө нэр дэвшигч өрсөлдөгчөө муухай харагдуулахыг зорьсон гэхэд болно. Тухайлбал, Щвейцарийн банкинд 1.3 миллиард доллартай гэдэг мэдэгдлийг интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа, олны өмнө няцаалт өгч чадахгүй хүний нэрээр хийхэд итгэх хүн мундахгүй гарч байна. Өрсөлдөгчийнхөө талаар сонгогчид эргэлзэж, тээнэгэлзмээр хар пиар хийе гэвэл аль алинд нь боломж байсан. Манай намынхан зарчим гэж нэг юманд баригдаад дүрэмгүй тоглолт хийж чаддаггүй хүмүүс л дээ. Энэ сонгууль цаашдаа өрсөлдөгчөө итгэтэл гүтгэ, муул,тэгвэл ялна гэдэг ойлголтыг үлдээсэн болов уу. Үнэндээ хуулийн зохицуулалт алга. Яаж ч гүтгэж болох л юм байна. Тэглээ гээд нэр дэвшигчийг эргүүлж татахгүй учраас шүү дээ.

-МАХН гүтгэлгийн талаар яагаад дуугарахгүй байна вэ. Удахгүй болох намын бага хурлаар сонгуулийн үр дүнгийн талаар ярилцах байх. Хариуцлагыг яаж, хэнд тооцох ёстой вэ?

-Сонин асуулт байна. Жирийн олон гишүүн энэ асуултыг асууж, утас цохиж байна. Ялангуяа намдаа сэтгэл зүрхээ өгч яваа манай ахмадууд. Дараагийн сонгуульд амжилттай оролцъё гэвэл өнгөрсөн сонгуульд гаргасан алдаагаа ярилцаж, засч залруулах ёстой. Намын гишүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг явуулж, шат шатанд хариуцлага ярих хэрэгтэй. Хотын намын сонгууль удирдсан гээд төрийн алба, улс төрд хатуужсан хүний жудаг зааж Т.Билэгт дарга маань л өргөдлөө өглөө. Зөвхөн үүгээр аргалаад өнгөрч болохгүй нь тодорхой. Энэ намд итгэдэг ард иргэд, дэмжигч, гишүүдийнхээ итгэлийг алдаж болохгүй, Тэд ялагдлаа хэрхэн дүгнэж, залруулахыг хүлээж суугаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гол шалтгааныг Та юу гэж үзэж байна вэ?

-Өнгөрсөн хойно нь хэлэхэд амархан, олон зүйл нэрлэж болно. Эртнээс тодорхой байсан нэгзүйл бол гуравдагч нэр дэвшигчийг гаргах нь манай намд ашигтай байсан. 2005 оны сонгуулийн дүнгээс үүнийг харж болох байлаа.

-МАХН шинэчлэгдсэн тухай ярьдаг ч олон хүн эргэлздэг. Та намынхаа шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч гэсэн АН-аас илүү ахицтай байгаа. Аль намын УИХ дахь бүлэг илүү шинэчлэгдсэн байгааг хар л даа. Гэхдээ намын их хурлаар ярьж, дэмжигдсэн шинэчлэлийн талаарх олон санаа ажил хэрэг болохгүй байгааг бодох хэрэгтэй. Шинэчлэл гэдэг албан тушаалд хүрэх нэг арга зам төдийгөөр дуусж болохгүй.

-Танай намын гишүүд тэрний энэний хүн гэж ялгардаг та хэний хүн бэ, ямар нэг фракц бүлэглэлд харъяалагддаг уу?

-Би хувь заяагаа хэн нэгнээс хамаарна гэж дагаж гүйдэггүй. Өөрийнхөөрөө байсан, цаашдаа ч тийм л байна. Миний хувьд бор зүрхээрээ өдий хүрч, нутгийнхныхаа дэмжлэгээр төр түшилцэж, улс төрд орсон хүн. Харин ажил, амьдралд хөлөө олох гэж явахад тус хүргэсэн хүний ач тусыг үргэлж санаж явдаг. Хүний тусгүйгээр хүн амьдардаггүй. Тухайлбал, хөвсгөлчүүдийнхээ ач тусаар төрийн түшээ болсон. Төрд сайн үйлс хийж яваа хэнийг ч дэмжээд, хамтраад явъя гэсэн зарчим надад бий,

Төрийн санд хууль зайлшгүй хэрэгтэй

-Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулиар МАХН Хөвсгөл аймагт гурван шинэ хүн дэвшүүлсний нэг нь Та. Улс төрд оролгүй тайван амьдрах нь танд амар байгаагүй юү?

-Өдий зэрэгт хүрэхэд тус болсон мундаг татаас надад байсангүй. Төрийн хүчинд өдий зэргийн боловсрол олсон хүний хувьд төрд хүчин зүтгэх нь миний үүрэг гэж боддог. Хувийн амьдралаа авч явах хэмжээний амьдралын туршлага, боловсрол надад бий. Гэхдээ төрд өрөө төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, тайван амьдарч, хувиа хичээх ёс суртахуун надад алга. Төрийн албанд ажил хариуцаж байгаа хүн тухайн цэг үеийнхээ түүхийг бичилцэж, хариуцсан үүргийнхээ дагуу олон эсуудлуудын хувь заяаг шийдэж байгаа гэж бодож, зүтгэх ёстой юм. Миний хувьд ажилласан салбар, газар бүртээ хөгжилд хэрэгтэй шинэ зүйл бүтээхийн төлөө ажиллаж байсэн. УИХ бол эх орон, төрсөн нутгийнхаа хөгжилд өргөн хүрээнд хувь нэмрээ оруулах боломж хэмээн ойлгож сонголт хийсэн.

-Таныг төрийн сангаар овоглох нь бий. Төсөв мөнгөний хэлэлцүүлгийн үеэр энэ талаар хангалттай ярьдаг. Төрийн санд хэр удаан ажилласан бэ?

-Энэ тогтолцоог санаачилж, өлгийдөж авч, хөл дээр нь босгосон гэвэл үгүйсгэх хүн гарахгүй биз. Намайг 2000 онд энэ албыг авахад төсвийн дэнс улайсан, тэтгэвэр, цалингийн өр хэдэн сараар хуримтлагдаж иргэд хохирсон ийм л нөхцөл байдал угтсан. Тухайн үед төсвийн 5000 гаруй байгууллагын арилжааны банкин дахь дансны үлдэгдэл болох 47 тэрбум төгрөгийг нэг дансанд төвлөрүүлж, хөрөнгө дутсан үед түүнээсээ өвч хэрэглэчихээд татвар орж ирэхээр нөхдөг мөнгөн хөрөнгийн удирдлагыг нэвтрүүлсэн юм.

-Төрийн сангийн тухай хуулийн төсөл санаачилна гэж өнгөрсөн намрын чуулганы үеэр ярьж байсныг тань санаж байна. Үүнийг хэзээ ажил хэрэг болгох вэ?

-Хуулийн зохицуулалт дутагдаж байгаагийн наад захын жишээ бол төрийн сангийн хэдэн эуун тэрбум төгрөгийн үлдэгдлийг зах зээлийн хүүгээс хэт доогуур хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулсан явдал. Хүүгийн эөрүүг тооцоход хэдэн арван тэрбум төгрөг гарч байгаа юм. Ийм хэмжээний хохирол төрд учирсан. Энэ бол хууль шаардлагатай байгаагийн зөвхөн нэг жишээ юм, Төсөв, мөнгөний бодлогын харилцааг зохицуулж буй бусад хуультай уялдуулсан хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардагдаж байна. Хуулийн төсөл дээр ажиллаж байна, Өргөн хүрээг хамарсан том хууль юм. Ирэх намрын чуулганд оруулахаар төлөвлөж байгаа,

-Таны хэдэн гишүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан нь хөрөнгө оруулагч болоод иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг татаж байгаа. Одоогийн мөрдөж буй хуулийн аль хэсгийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-Цаг хугацаанд шахагдаад Оюутолгой болон бусад томоохон ордын гэрээ байгуулахтай холбогдуулсөн хэдхэн гол асуудлыг хөндсөн өөрчлөлтийг оруулахаар өргөн барьсан, Ер нь бол цогцоор нь асуудлыг тусгасан шинэчилсэн найруулга хийж хуулиа өөрчлөх шаардлагатай юм билээ. Бидний хувьд шинэ, өмнө нь мэддэггүй байсан олон харилцааг зохицуулах шаардлага байгаа. Манайхаас ашиглалтын лиценз авчихаад уг хөрөнгөөр барьцаалаад үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө босгочихож байна. Түүнийг нь бид өөрийнхөө хөрөнгөөр эрэл хайгуул хийж байгаа гэж ойлгоно. Ийм лицензтэй бол орд эзэмших эрхийг хуульдаа оруулчихаж. Энэ мэт олон асуудлыг зохицуулж өгөх шаардлага байгаа юм.

-Өмнөх парламентын үед энэ хуулийг өөрчилсөн. Тэр үед УИХ-д сууж байсан гишүүд одоо хуулийн төслийг санаачлагчдын дунд байсан. Тухайн үед бас л бодлогогүй алхам хийж дээ?

-Миний бодол өөр байна. Тэр үөд эсрэг санал өгсөн байж болно шүү дээ. УИХ-д асуудлыг олонх шийддэг. Нэг хоёр гишүүн эсрэг саналтай байлаа гээд шийдвэрт нөлөөлөхгүй.

-Уул уурхайн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг Ашигт малтмалын тухай хуульд түшиглэж хийх ёстой. Хөрөнгө оруулагчтай гэрээ хийхэд хуулийн ямар зүйл, заалт харшилж байгаа юм бэ?

-Нэг л жишээ татъя. Ашигт малтмалын тухай хуулиар бол техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан орд газарт л гэрээ байгуулах бололцоотой юм. Оюутолгойн ордод энэ шаардлагыг хангаагүй байсан.

Алт, зэсийн үнэ өсч байхад төсөв хоосрох учиргүй

-Монголд ашигтай гэрээ хийе гэж та олонтаа ярьдаг. Яаж ашигтай гэрээ хийх вэ. Тухайлбал, Засгийн газар УИХ-д өргөн барьсан Оюу-толгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл тэр хэвээрээ батлагдвал ашигтай болж чадах уу?

-Ганц нэг хүн ашиггүй гэж үзээд байгаа юм биш. УИХ-ын гишүүдийн олонх нь ингэж үзээд шийдвэр гаргаж саналаа Засгийн газарт явуулсан. Эхлээд 30 жилээр байгуулж цаашдаа 20, 20 жилээр сунгаад 70 жил эргэж хардаггүй гэрээ байж болохгүй. Бид алдаа гаргавал дараагийн үе маань 10, 15 жилийн дараа эргэж залруулах боломж олгох ёстой. ОюутолгоЙ зөвхөн зэсийн орд бус алтны орд юм. Олон улсын металлын биржүүд дээр зэс, алтны орд гэж бүртгэгдсэн байгаа. Зэс цэвэршүүлэх үйлдвэрийн асуудлыг шийдэхгүй бол 20 ширхэг "Бороо гоулд"-тай тэнцэх хэмжээний алтыг зэсийн баяжмалаар ачуулаад дуусна гэсэн үг. Мөн манай тал 34 хувийг өндөр хүүтэй зээлээр худалдаж авах тухай асуудал. Бизнес хийх үндэс болж байгаа баялаг хэний өмч болчихоод одоо бидэнд худалдах гээд байна, яагаад өөрийнхөө хувь хэмжээнд тооцож болохгүй гэж. Бид баялгаа гаргалаа, та нар үйлдвэрээ барь гэдэг ч юм уу, эсвэл энэ орд дээрээ 100 хувийн төрийн өмчийн компани байгуулаад тодорхой хувийг нь худалдаад түүгээрээ үйлдвэрээ барьчихаж болно доо. Гэтэл тэд өөрийнхөө хөрөнгөөр хайж олсон юм, өмчлөлгүй яах вэ гэх нь ч бий. Ийм баялагтай байхад үйлдвэр барих мөнгө олдохгүй гэвэл алтан дээр суусан тэнэгийн үлгэр болох байх. Нээлттэй эдийн засгийн тогтолцоонд алт, баялаг байвал мөнгө босгож юуг ч, хэнийг ч хөлслөөд бариулж болно. Наад захын эдгээр асуудлыг шийдвэл гэрээ харилцан ашигтай болно. Энэ ордыг хэр оновчтой ашиглаж чадна тэр хэмжээгээр эдийн засаг, хөгжил урагшилна.

-Энэ гэрээнээс улсын төсөв зузаарах, улс төрийн намуудын амлалтаа хэрэгжүүлэх эсэх нь хүлээгдэж байгаа. Иргэд ч 1.5 саяаа хүлээж байна. Энэ мөнгийг хэзээ яаж өгөх боломжтой вэ?

-Иргэддээ 1 5 саяыг өгч чадахгүй бол хариуцлагыг хамтарсан улс төрийн хүчинтэй хуваалцана гэвэл дэндүү гэнэн төсөөлөл болно. Хуулийн дагуу олонх болсон намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болж хэрэгжих ёстой. Түүнээс тэр нам 30-аас дээш, нөгөө нам нь 20 хувийн санал авсныг хүндэтгэж хөтөлбөртөө тусга гэсэн заалт хуульд байхгүй. Эцсийн хариуцлагыг олонх үүрэх нь тодорхой. Амлалтаа биелүүлж чадах эсэхээс манай нам ард түмнийхээ итгэлийг цаашид хүлээх үү гэдэг хөндөгдөж болзошгүй. Тиймээс 1.6 саяыг иргэддээ өгөхийн төлөө зүтгэхээс өөр арга зам харагдахгүй байна.

-Ямар арга замаар өгнө гэж?

-Эхлээд иргэн бүртээ данс нээж зэс, алтны үнийн зөрүүгээс орж буй орлогоо хуваарилж дээрээс нь зээл аваад ч болов ямар ч байсан өрх бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн, бэлэн бус хэлбэрээр өгчихье. Үлдэж буй гурван жилийн турш үргэлжлүүлэн өгнө үү гэхээс нэг жилд багтааж өгнө гэвэл аль ч талаасаа боломжгүй. Тиймээс л гишүүд одоо УИХ-аар хэлэлцэж буй 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012оны төсвийн төсөөлөлд 1.5 саяыг тусгая гээд байгаа юм, Тоо тавьчихвал адаглаад баримжаатай, цаашлаад хариуцлага бий болно.

-Улсын тосов хоосорсон гэх мэдээлэл бий. Ирэх онд хаанаас яаж мөнгө босгох талаар Засгийн газрынхан эрэлд гарсан бололтой. Үүнийг учир мэдэх хүмүүс нууцалж байгаа хэмээн хардаж байна. Энэ үнэн болов уу?

-Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өсч байхад төсөв хоосрох учиргүй. Харин төсвийн мөнгийг удаан хугацаа-гаар арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулчихаад хөрөнгө оруулалтын санхүүжилт хийхгүй байна гэж сонсогдсон. Манай хөрөнгө оруулалт улирлын шинж чанартай. Зуны улирлаа өнгөрөөчихвөл юун бүтээн байгуулалт манатай болно. Төсвийн гол зорилго бодлогын арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд чиглэхээс биш хөрөнгөө арвижуулахад чиглэдэггүй л байлтай. Хувийн хэвшлийн банкны хэдэн нөхөр дампуурна гэж айлгаад, зөвхөн тэдний төлөө улс орны, олонхийн эрх ашиг хохирч болохгүй. Зах зээлийн зарчмаар идээ бээрээ шахаж, өрсөлдөөнд ялахыг нь тодруулж цэвэршээд явах учиртай. Энэ асуудалд гишүүд анхааралтай хандаж байгаа. Цаашдаа байдал үргэлжилбэл Сангийн сайдыг ороох асуудал болж магадгүй юм.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод хоёр дахь улирлын чуулганд сууж байна. Өнгөрсөн хугацаанд амжуулсан ажлаасаа дурдвал юуг онцлох бол?

-Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын орд газруудын гэрээг ашигтай хувилбараар шийдүүлэхэд голлон анхаарлаа. Мөн энэ оны төсөв, үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулахад биөчлэн оролцож ажилласан. Өөрийн ажил, амьдралаа холбож, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж ирсэн санхүү, эдийн засаг, эрчим хуч болон боловсролын салбарын асуудлууд дээр хувь нэмрээ оруулахыг хичээж ажилласан. Тойрогтоо амалсан зүйлээ хэрэгжүүлж эхэлсэн. Сонгогчидтойгоо, байнга уулзаж тэдний санал, бодлыг сонсож УИХ-аас гарах шийдвэрт тусгах талаар голлон анхаарч байна.

Тамхины цаас наймаалаад байцаагдаж явлаа

-Улс төр, эдийн засгийн талаарх санал бодлын хамт Ц.Даваасүрэн гэдэг хувь хүнийг уншигчдад танил-цуулахыг хүсч байна. УИХ-ын гишүүд дунд олон уяач байдгийн нэг нь та. Наадам дөхлөө. Бэлтгэлдээ гарч морио уяж эхэлсэн биз дээ?

-Морьдоо барьж ёсолсон. Энэ жил нутгийн уяачидтайгаа нэг гал болж улсын наадамд шандаст хурдан хүлгүүдээ уралдуулна. Нэлээд хэдэн уяач ирсэн.

-Хурдан морь олонтой юу. Энэ жил ямар морь сойх вэ?

-Олон азарга адуутай байхыг эрмэлэдэггүй. 50 гаруй адуу бий, Харин хурдны чиглэлээр шигшиж өсгөхийг зорьж байгаа. Одоогоор гурван угшлын, англо араб, Дарьгангын тожин, тогоруу адуу голлож байна. Наадамд зургаан насны морь барьж аваад түүнээсээ шигшээд гүйдэл орсон, айрагдчих найдлагатайгаа л авч үлдэнэ дээ. Жил ирэх тусам морин уралдааны чансаа дээшилж, мэргэжлийн сонгомол спорт чиглэл рүүгээ хөгжиж байна, Цөөхөн тооны шигшмэл морь уралддаг болчихлоо,

-Та ямар нэг цолтой юу?

-Аймгийн алдарт уяач.

-Эрчүүд ажлынхаа алжаалыг ан хийж тайлах нь элбэг. Улстөрчдийн бас сонирхдог зүйл. Та анд явдаг уу?

-Хар багаасаа сонирхдог зүйлийг асуучихлаа. Мэдээ орох цагаас өвөг дээдсийнхээ ан авын тухай сонирхолтой домог болсон яриан дунд өссөн дөө. Манай өвөө нутагтаа алдартай Анч Рэнчин гэж хүн байлаа. Гүйдэлтэй хөдөлгөөнтэй зүйлийг онцгой мэргэн бууддаг хүн байсан. Уулын уруу руу тухайн үеийн гурван төгрөгийн бөмбөг өнхрүүлээд цэцээ сориход ганцаараа хага бууддаг байсан. Манай голын хөгшид нэг цуглахаараа ангийн тухай хэдэн цаг ярих нь миний хүүхэд насны хамгийн дуртай амтархан сонсдог яриа байж дээ. Би анх тарвага агнаж эхэлсэн. Өвөө маань яаж сахиж, шогшиж буудахыг зааж өгч байлаа. Багаасаа анд хорхойтсон доо.

-Хөвсгөлийнх гэхээр далайн тухай яриа өрнөж, усанд гаргууд сэлдэг эсэхийг хүмүүс сонирхдог?

-Усны дэргэд өссөн гэхэд сэлж сураагүй хүн дээ. Харин загасчлах дуртай. Дэгээнд загас орохоор сэтгэл сэргэдэг. Их усны дэргэд хүн сайхан амардаг юм.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Бахархал минь болсон гурван хүүхэд байна. Гэр бүлийн хүн маань эмч. Мэргэжлийнхээ дагуу гаднын төслийн удирдагчаар ажилладаг.

-Улстөрчид, ялангуяа УИХ-ын гишүүдийн бэл бэнчинг иргэд ихээхэн сонирхдог. Та хэр хөрөнгөтэй вэ?

-Би өөрийнхөө амьдралыг өөрөө л босгохгүй бол надад туслах чадалтай ах дүүс, буянтан байхгүй гэдгийг оюутан цагаасаа ойлгож авсан. Тэр цагаас амьдралын төлөө зүтгэсэн дээ. Оёдол хийж бизнесээ эхэлсэн. Ялангуяа булга, тарваган малгай оёдог байлаа. Хамт ажиллаж байсан нөхдийн маань зарим нь одоо толгой бизнесмэн болсон байна. Мөн тамхины цаас гаднаас оруулж ирдэг, Дэнжийн мянгад тамхины цаас зардаг хүмүүс анддаггүй байв. Миний сурч байсан хотод тамхины цаасны үйлдвэр байсан юм. Энэ бүхэн 1990 оноос өмнө л дөө. Тэр үөд наймаа хаалттай байсан учраас байцаагдаж явлаа. Анх ажилд ороход Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас хүн ирж#хамт олонд маань даатгаж билээ. Ингэж л амьдралаа босгохгүй бол надад татаас, дэмжлэг байсангүй. Анх байртай болчихоод амьдралын асуудлаа шийдчихлээ гэж бодож, баярлаж байсан. Би хувийн хэрэгцээнээс хэтэрсэн мөнгөтэй байхыг чармайдаггүй. Миний амьдрал наддаа бол оо. "Хун нүцгэн ирээд, нүцгэн буцдаг" гэж О.Дашбалбар агсан хэл-сэн дээ,

-Яагаад бизнесээ орхиод төрд орчихсон юм бэ?

-Би сурч, боловсрохоо орхиж байгаагүй. Алдарт 20 дугаар тогтоолын дараа хуримтлуулсан хадгаламжийн хэдэн бор төгрөгөө шатаалгачихаад эдийн засгийн боловсрол эзэмших санаа төрийн алба руу хөтөлчихсөн юм. Тэр үеийн сая төгрөг гэдэг их мөнгө. Одоо нэг, хоёр сарын цалин болж. Одоо тухайн үеийн хадгаламжийн дэвтрээ харахаар инээд хүрдэг юм. Удирдлагын академийн багш нар маань гайгүй сурлаа гээд Сангийн яаманд тушаасан. Сангийн яам бол төсвийн хөрөнгийг өөрийн юм шиг харамлаж сургадаг "школ"-той газар. Энэ яамныхан элдвийн юманд холбогдоод чих халууцуулаад бай-едаггүй нь ийм учиртай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.