Корпорацийн бонд бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж
Би Ди Сек ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн
2016.10.05

Корпорацийн бонд бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж

Vip76.mn сайтын редакциас санаачлан "Шинэ Засгийн газарт өгөх санал" онлайн хэлэлцүүлгийг салбар экспертүүдийн дунд өрнүүлж байна. Тэр ч утгаараа хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо илэрхийлэх хүсэлтээ "Би Ди Сек" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнд тавьсан юм. Ингээд түүний саналыг уншигчдадаа хүргэж байна.   

Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэхээр хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна гэдэг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Хууль бол  тухайн салбарыг хөгжүүлэх боломж олгодог,  улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан, тодорхой хэм хэмжээг зааж өгсөн бодлогын баримт бичиг.

Өнөөдөр Хөрөнгийн зах зээлийг зохицуулах хуулиуд ихэдсэн үү гэхээс багадаагүй.

Өнөөдөр Хөрөнгийн зах зээлийг зохицуулах хуулиуд ихэдсэн үү гэхээс багадаагүй. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулиудаа хэрэгжүүлдэг байх, илүү уян хатан, нээлттэй орчин бүрдүүлэх хэрэгтэй байна.

Монголын хөрөнгийн бирж дээр хувьцааны арилжаа харьцангуй идэвхгүй байна уу гэж ажиглагддаг. Тиймээс хөрөнгийн зах зээлд оролцогчдыг яаж идэвжүүлэх вэ? Бид юу хийх ёстой вэ?

Манай улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн ойрын хугацаанд тохиромжтой арга бол корпорацийн бонд /компанийн бонд/ гаргах юм. Тодруулбал, банкны тогтсон шалгуураас ондоо нөхцөлтэй буюу тухайн компанийн зах зээлийн үнэлгээ, сүүлийн 5 жилд төлсөн татварын хэмжээг үндэслэн корпорацийн бонд гаргах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах хороо олгох хэрэгтэй байна.  

...Ихэнх бизнест ганц дутагдалтай зүйл нь хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэр байдаггүй...

Банкинд харилцах дансны үлдэгдэл хүүтэй байршдаг болохоор компанийн мөнгө бизнесийн эргэлтэд орохгүй байна. Тиймээс энэ мөнгийг зах зээлийн эргэлтэд оруулах гол арга зам нь корпорацийн бондыг хөгжүүлэх гэж харж байна.

Одоогийн зарчмаар бол корпорацийн бонд гаргах нь банкнаас зээл авахтай ялгаагүй байна. 1 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй компани банкнаас зээл авахад 500 сая төгрөг авдаг бол корпорацийн бондыг зах зээлийн үнэлгээнд үндэслэн 1-5 тэрбум төгрөгөөр гаргах боломжтой болгох.

Энэ нь нэг талаас компаниуд томрох боломж нь нээгдэж, корпорацийн бонд гаргах хүсэл, сонирхолтой компаниуд олон болно. Бизнесүүд томроод ирэхээр төлөх татварын хэмжээ өснө, ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу талтай. 

Нөгөө талаас, арилжааны банкуудад зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй гэдэг, зээлийн хүү өндөр, өрсөлдөөн алга гэсэн асуудлууд ч аяндаа шийдэгдэнэ.  

Засгийн газар урсгал зардлаа нөхөх зорилгоор бонд гаргах биш корпорацийн бондтой уялдсан бонд гаргаснаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж, одоогийн бондын хүүгийн түвшин буурах боломжтой. 

Гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ?

Дэлхийд ойролцоогоор 40 триллон ам.доллар хасах хүүтэй байршдаг. Бусад улс орнууд тогтвортой байдал, татварын таатай орчин гэдгээрээ хөрөнгө оруулалтыг татаад байгаа юм. Гэтэл манай улсын хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын бодлого таатай биш байна. 

Манай үе үеийн Засгийн газрын маш том дутагдал бол гадны хөрөнгө оруулагчидтай харилцах соёл, маркетинг гэж байдаггүй. 

Мөн манай үе үеийн Засгийн газрын маш том дутагдал бол гадны хөрөнгө оруулагчидтай харилцах соёл, маркетинг гэж байдаггүй. Тиймээс Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанд хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээлэл бэлтгэдэг тусгай мэргэжлийн баг ажиллуулах хэрэгтэй гэж боддог. 

Засгийн газар хөрөнгө оруулагч нарт зориулсан эерэг гэмээр арга хэмжээ авдаг ч тэр нь хэрэгтэй эзэддээ хүрдэггүй. Учир нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд буух, тэдэнд ойлгомжтой хэлээр тайлбарлаж чаддаггүйтэй холбоотой. 

Манай улсын тухай барууны хэвлэлүүд цацахдаа ихэвчлэн шуугиан тарьсан, эрх баригчдын байр суурь, хэлсэн үгийг чухалчилдаг. Бид хөрөнгө оруулагчдад улстөрийн зорилготой мэдээлэл хүргүүлж байна. Энэ нь Монголын талаар хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Тэд Монголын хөрөнгийн зах зээлд орж ирлээ гэхэд татварын диваажин угтах ёстой.

Яг одоогийн Монгол дахь татварын орчин ямар байна?

Монголд бүртгэлтэй 50-60 мянган компани үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ бүх компаниас татвар авдаг байх хэрэгтэй. Жишээлбэл, үйл ажиллагаа явуулаагүй байлаа ч жилийн 1 сая төгрөгийн татвар ногдуулдаг болчихвол энэ бүх аж ахуй нэгжүүд цэгцрээд ирнэ. “Х” тайлан гаргаад л яваад байдаг, ямар ч хариуцлагын тогтолцоо алга байна.

Засгийн газар татвар нэмэх тэр дундаа ялгавартай татварын бодлого барих нь буруу. Жижиг, том гэлтгүй татварын жигд бодлоготой байх хэрэгтэй. Жишээлбэл, компаниуд томрох гэж хөрөнгийн зах зээл рүү ордог. Тэгтэл хувьцаа гаргаад хөрөнгө татан төвлөрүүлээд өндөр ашигтай ажиллахаар 25% татвар төлөх болчихдог. Энэ нь хөрөнгийн эздэд ямар ч ашиггүй, нэмж төлөх 15%-ийн татвар нь банкны зээлийн хүүтэй бараг адилхан байгаа болохоор банкнаас зээл авсан нь илүү амар болж байна.

...Засгийн газар хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан компаниудад ямар ч тохиолдолд 10%-ийн татвар төлдөг байхаар дэмжиж өгвөл маш олон компани хөрөнгийн зах руу орно...

Компаниуд ашигтай ажиллаад томрох үед татварын нэр төрлийг олшруулаад ирэхээр том компаниуд олон жижиг компаниуд болж хуваагддаг.  

Жижиг дунд үйлдвэрүүд яаж хөгжих ёстой юм бол?

Өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь буруу. Яагаад гэвэл эхлээд хүнд үйлдвэрүүд бий болж байж, том худалдан авагчид гарч ирдэг. Худалдан авагч байгаа тохиолдолд жижиг дунд үйлдвэрүүд дагаад хөгжинө.

Жишээлбэл, Эрдэнэт, Оюу толгой зэрэг компаниуд их хэмжээний худалдан авалт хийдэг учраас уг төслүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниуд зах зээлд хөлөө олж, цаашид томорно. Бидэнд байгаа нөөц бол уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал салбарууд байна. Эдгээр салбараа хөгжүүлэхийн тулд эхлээд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Залуучууддаа боловсролын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

 

Ярилцсан Б.Уугантуяа