Х.Баттулга ерөнхийлөгч Л.Отгонбаатараас амлалт авлаа
2016.09.28

Х.Баттулга ерөнхийлөгч Л.Отгонбаатараас амлалт авлаа

"Рио-2016" олимпийн наадамд жүдо бөхийн -90кг-д өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд гэмтэл авч Бразилд хагалгаанд орсон билээ. Түүний хувьд зургаан сарын турш гам барих ёстой юм байна.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр болсон ээлжит VI их хурлын үеэр Л.Отгонбаатараас амлалт авлаа.

Х.Баттулга ерөнхийлөгч "Л.Отгонбаатар хагалгаанд орж гам барихаар болсон. Олон хүний нүдэн дээр Л.Отгонбаатараас амлалт авмаар байна. Үндэсний бөх рүү орох бодолтой байгаа юу жүдогоо цаашид барилдах уу. 2020 оны олимп хүртэл жүдо бөхөөр тууштай барилдах уу. Сайхан бөхчүүдээ үндэсний бөх рүү алдчихаад байх юм" гэв. Л.Отгонбаатарын хувьд жүдо бөхөөрөө барилдана гэдгээ хэлсэн юм.