Х.Амгаланбаатар: Цалин нэмэх 90 тэрбумын эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.08.10

Х.Амгаланбаатар: Цалин нэмэх 90 тэрбумын эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлээс УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг батлах болон энэ оны улсын төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газарт тодорхой саналууд хүргүүлсэн.

Үүнд нь нэн тэргүүнд  цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлтөөс хамгаалж, жил бүр индексжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох төсөвт тусгах асуудлыг цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх хууль гарган зохицуулах. Төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, зах зээл дээр хэрэглэгчийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн “Үнэ бүрдэлтийн тухай хууль”-ийн төслийг нийгмийн түншүүдтэй хамтран боловсруулах тал дээр илүү анхаарч ажиллахыг сануулсан.

Мөн энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-90 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж бий юу?

-Монгол Улсын Засгийн газар гэдэг утгаараа тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Тиймээс иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх боломж бий. Төсвийн тодотголоороо уг асуудлыг шийдвэрлээч гэсэн саналыг хүргүүлж байгаа. Улс эх орны эдийн засаг хүнд байгааг манай хороо мэдэж байгаа. Гэхдээ дээрх хүлээсэн үүргийнхээ хэлэлцээрээр амалсан зүйлээ үе үеийн Засгийн газар, их хурал хэрэгжүүлэх үүрэгтэй. Сонгуулийн өмнө иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж үлдэнэ гэсэн том амлалт өгсөн.

Ялангуяа Засгийн эрхийг авсан МАН ийм амлалт өгч ялалт байгуулсан юм. Аль болохоор төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халахгүй байхыг манайхаас санал болгож байна. Бид дээрх саналуудыг шаардаад санал болгоод суух биш хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна. Бодитой боломжтой саналуудыг дахин хүргүүлэх болно.

-Танайхаас өнгөрсөн жил мөн адил ийм утгатай шаардлага хүргүүлж байсан. Түүний хэрэгжилт хэр ямар түвшинд байсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан Шинэчлэлийн Засгийн газар, Шийдлийн Засгийн газрын хувьд тодорхой хийсэн зүйлүүд бий. Ялангуяа мэргэжлийн боловсрол, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх тогтолцоог хамтран бий болгож чадсан. Иргэдийн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд чадлынхаа хэрээр бид хамтран ажилласан байгаа.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийг баталсан. Хэрэгжилтийг хэрхэн хянах вэ?

-Батлахын хувьд баталсан байгаа. Харамсалтай нь цалин хөлс нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж, хамгаалахтай холбоотой хууль эрхзүйн чиглэлээр тодорхой хуулиудыг батлах хүлээсэн үүрэг хүлээсэн байсан ч биелүүлж чадалгүй сонгуультай золгосон. Тиймээс хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой хэмээн манай холбоо үзэж байгаа. Энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ төрийн албанд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

-Төрийн албан хаагчдыг хууль бусаар халж, сольж байна гэсэн гомдол мэдээлэл танайд хэр их ирж байна вэ?

-Төрийн нарийн бичгийн даргын үүргийн хүрээнд хийгддэг, орон тоо бүтцийн өөрчлөлтийн асуудал хараахан хийгдэж эхлээгүй байна. Төрийн албан хаагчдын орон тооны цомхтголоос 5.4 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна гэж Засгийн газрын түвшинд ярьж байгаа нь төдий чинээний алба хаагчдыг цомхтгох ийм бодлого агуулагдаж байна. Гэхдээ энэ асуудлыг нарийвчилж УИХ-ын түвшинд ярилцах байх гэсэн найдвар бий. Уг нь МАН төрийн албаны тогтвортой байдлыг хадгална гэж амалсан. Хэрвээ энэ амлалтаасаа буцвал төрийн албан хаагчид өөрсдийнхөө төлөө явах ёстой. МҮЭХ бүхий л талаараа төрийн алба хаагчийн эрх ашгийг зөрчсөн хууль бус үйлдлийн төлөө тууштай ажиллах болно.