“Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэхэд хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Японы Тоттори мужийн Захирагч ноён Мияаваки Масамичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотод “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэх, Тоттори мужийн Юрихама хоттой хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тоттори муж нь “Гранд гольф”-ийн спортыг хөгжүүлэхээр чармайн ажиллаж байгаа бөгөөд энэ спортоор хичээллэдэг хүний тоо 3 саяд хүрсэн талаар ноён Мияаваки Масамичи хэллээ. Мөн “Гранд гольф”-ийн олон улсын холбоо байгуулахаар ажиллаж байгаа төдийгүй 2021 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Японд зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 40 гаруй орноос оролцох төлөвлөгөөтэй байна гэлээ. “Гранд гольф”-оор хэн ч хичээллэж болдог төдийгүй эрүүл мэндэд тустай спорт гэдгийг тэрээр тодотголоо.
Японы Тотари муж нь Төв аймагтай 1996 оноос эхлэн хамтран ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд “Гранд гольф”-ийн спортын иж бүрэн хэрэглэл бэлэглэж байжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Япон улсын Тоттори муж бол миний сэтгэлд их ойр байдаг. Би Төв аймгийн ЗДТГ-т ажиллаж байхдаа 1997 онд тус мужид болсон “Japan expo”-д оролцож байлаа. Улаанбаатар хотод гольфийн спорт сонирхдог, энэ спортоор хичээллэдэг хүн олон болж байна. Тиймээс “Гранд гольф”-ийн спортыг Улаанбаатар хотод хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотын Туул голын эрэг дагуу гольфийн спортыг хөгжүүлэх боломжтой юм. Цаашид нийслэлийн гадаад харилцааг улам илүү хөгжүүлж, шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Тиймээс танай муж улс болон Юрихама хоттой Улаанбаатар хот найрамдалт харилцаа тогтоож, харилцан туршлага солилцох хүсэлтийг дэмжиж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.