Шинэ засгийн сорилтууд
2016.07.07

Шинэ засгийн сорилтууд

Санаанд оромгүй савлагаатай долоо хоног улирч, сонгуульд ялсан нам төр, засгаа шинээр эмхэлж эхэллээ.

Нэн шинэ парламент даргаа мяг-мар гарагт сонгосон бол лхагва гарагийн байдлаар МАН Удирдах зөвлөлийн хурлаараа “Сэлэнгийн” тодотголтой, Сан-гийн сайд асан Ж.Эрдэнэбатыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр нэр дэвшүүлээд байна. Энэ удаагийн Засгийн газрын асуудал нь ахиад л ЭДИЙН ЗАСАГ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мэдэгдсэн учраас эдийн засгийг сэвхийтэл босгоод ирнэ гэж иргэд, сонгогчид нь тэднийг горьдлогын харцаар харж байна. Парламентад нэг нам дийлэнх олонхыг бүрдүүлсэн учраас аливаа асуудлыг маш хурдтай шийдэх боломж МАН-д бий гэх найдлага мөн нөгөө талд бий.

Гэхдээ дэлхийн түүхий эдийн зах зээл орвонгоороо эргэж, хөмөрсөн шинэ цаг үед тэд төрийн эрхийг гартаа авч байгааг тодотгоё. Уул уурхайн түүхий эдийн үнэ 2014 оноос хойш 60-аад хувиар унаж, 2009 оны дайтай дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал дахин нүүрлэж байгааг олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Ийм цаг үед тэгвэл ямархан сорилтууд МАН-ын Засгийн газрыг хүлээж байна вэ? Ажилгүйдэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, улам бүр өсөн томорч буй өр хэмээн шинжээчид тэмдэглэж байна.

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболдын хэлсэн үгэнд анхаарлаа хандуулъя. “... Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй”. 80 гаруй хувь нь МАН-ын гишүүдээс бүрдсэн УИХ-д хандан тэрбээр ийнхүү тодотгосон юм.

Шинэ эрх баригчид эдийн засгаа дахин сэргээх бодлогыг авч хэрэгжүүлэхээ зарласныг зургадугаар сарын сүүлчийн өдрүүдэд гэрт тань ирсэн улаан хавтастай сурталчилгааны сэтгүүлээс уншигч та харсан биз ээ. “МАН бодлогын алдааг залруулж, иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, эдийн засгааахин сэргээх бодлогыг авч хэрэгжүүлнэ.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангасан хөрөнгө оруулалт, бүтээмжийг нэмэгдүүлсэн бизнес эрхлэлт, баялгийн зохистой хуваарилалтыг дэмжсэн хариуцлагатай, өндөр сахилга батгай төсөв, мөнгөний бодлогыг давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар хэрэгжүүлнэ” гэсэн үгс тэнд шигтгээстэй бий. “Эдийн засгийг хямралаас гаргах цогц бодлого” томъёолно гэж тэд тодотгож буй. Энэ нэр томъёогоо Ардын намынхан шинэ Засгийн газраа бүрдүүлмэгц олон нийтэд задалж танилцуулж эхлэх биз ээ. “Иргэд өөрчлөлт, эдийн засгийн өсөлт хүсэж байгааг сонгуулийн дүнгээс тодорхой харж болохоор байна” хэмээн “ВDsес”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ник Козайн “Bloomberg ”-т ярьжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал эхний хагас жилд нэг их наядтөгрөгшүргэх төлөвтэй

Төсвийн асуудалд юун түрүүнд тулгамдаад байна. Сангийн яам энэ өдрүүдэд Монгол Улсын нэгдсэн төсвийн зургадугаар сарын гүйцэтгэлийн дүнг танилцуулахаар зэхэж байна. Оны эхний улиралд 615.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн нэгдсэн төсвийн алдагдал тавдугаар сарын байдлаар 877 тэрбум төгрөгг хүрч данхайгаад байна. Өнгөрсөн жилийй өдийд алдагдал нь 300 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан шүү дээ. Тэгвэл эхний хагас жилийн байдлаар алдагдал нь нэг их наяд төгрөг шүргэх нь. Алтнаас бусад түүхий эдийн үнэ унаж буй энэ үед Монгол Улсын Их Хурал төсвөө яаралтай тодотгох шаардлага тулгараад байна.

Тэрчлэн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл ч батлагдаагүй байгаа. Тэгвэл Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэн, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсооно гэсэн үгс үзэгдэнэ. “МАН төсвийн зарцуулалтыг хяналтгай болгоно гэсэн. Мөн төрийн цомхон, чадварлаг бүтцийг бий болгоно гэж УИХ-ын болон нийслэлийн түвшинд тодорхойлсон мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Тиймээс хамгийн эхлээд хийх ажлууд нь энэ байх болов уу. Нийслэл болон улсын төсвийн үргүй зардлуудыг бууруулж, үндсэн утгаар нь хэмнэлттэй төсвийн горим руу оруулах нь зарцуулалтыг хумих нэгдүгээр алхам байх ёстой” хэмээн Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Төгрөгтэй харьцах гадаад валютын ханшийг сонгуулийн санал хураалтаас өмнөх өдрүүдэд гайхамшигтай барьсан. Гэсэн ч өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 2000 төгрөг даван талийж өгөв. Өчигдрийн байдпаар Төв банкны албан ханшаар ганц ам.доллар 2007 төгрөгтэй тэнцлээ.

Монголбанкныхан “албан бус” хэмээн тодотгодог бэлэн валютын хар захууд ам.доллар зарахгүй, ханш нь өсөхийг хүлээж нөөцлөөд гурав хонож байна. Тиймээс он гарснаас хойш 2100 төгрөгийн түвшинг хүрэн алдан галзуурч байгаа ам.долларын савлагаанд даруулга өгөх шаардлага нийгэмд үүсээд байна. Гэвч эсрэг талд нь Монгол Улсын экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд түгшүүр төрүүлж байгаа юм.

Тавдугаар сарын байдлаар Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт оны эхнээс өссөн дүнгээр 400.6 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн жилийн эцсээр 121.5 сая ам.долларын түвшинд дэнжигнэж байсныг бодоход чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ Монгол Улсын эдийн засагт жилд хамгийн багадаа нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж байж эдийн засгийн зохистой тэнцвэр хадгалагдана хэмээн зарим эдийн засагч хэлдэг.

Тэгвэл сонгуулийн санал хураалт дуусаж, урьдчилсан дүнгүүд хөвөрч эхэлсний дараа дэлхийн зах зээлд ажиглагдсан хөдөлгөөнд анхаарлаа хан-дуулъя. Засгийн газрын “Чингис” бондын ханш, өгөөжийн түвшнээр хөрөнгө оруулагчдын сентиментийг тодорхойлсоор удлаа. Өчигдрийн байдлаар 10 жилийн хугацаатай “Чингис” бондын үнэ нэрлэсэн үнийнхээ 85.937 хувьтай тэнцэж, өмнөх өдрөөс 0.2 хувиар өсчээ.

Энэ нь долдугаар сар гарснаас хойш 7.5 хувиар өссөн үзүүлэлт. Таван жилийн хугацаатай бондын ханш ч энэ сар гарсаар 1.6 хувийн өсөлт үзүүлж, өдөр бүр ногоон бүсэд хадгалагдаж байна. “Засгийн газрын бондын үнэ цэнэ дэлхийн зах зээлд өсөж байна. Дээрээс нь Монголд хөрөнгө оруулсан “Turquoise Hill Resources”, “Rio tinto” зэрэг компанийн үнэт цаасны ханш өсөлттэй байна.

Үндэсний томоохон компаниудын хувьцааны ханш ч мөн дээшилж буй. Энэ нь сонгуулийн үр дүн эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж хөрөнгө оруулагчид үзэж буйн илрэл. Бондын үнэ цэнэ өсөж байгаа нь МАН өндөр хүүтэй зээл авахгүй, төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авна гэснийх байх. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр урт хугацаанд манайх өрөө эргэн төлөх чадвар нь сайжирна гэсэн хүлээлт байна” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуун тэмдэглэсэн юм.

Өөр нэгэн асуудал нь ажилгүйдэл. Оны эхний улирлын байдлаар 11.6 хувьтай галзуурч яваа ажилгүйдлийг бууруулах бодлогын зохицуулалтыг Монгол Ардын намаас амьдрал шаардаж байна. Тэрчлэн өрийн дарамтаас хохирол багатай гарах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй хэмээн зарим шинжээч онцолж буй.

Цаг хугацааны хувьд хоолой боон бачууруулж буй эдгээр хямрал МАН-ын Засгийн газрыг мэргэжлийнх байж чадах, эсэхийг эхний ээлжинд сорих нь. Харин үүний дараа, дунд хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх даваа бий. Гэхдээ шинээр байгуулагдах МАН-ын Засгийн газар эдийн засгийг эмхлэх “цогц” бодлого зангидахынхаа хажуугаар төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалахаа мартахгүй хэмээн найдъя.