Ж.Батсуурь: Бид ард түмнийхээ хэнд нь ч таалагддаггүй
2012.01.19

Ж.Батсуурь: Бид ард түмнийхээ хэнд нь ч таалагддаггүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын Удирдах зөвлөлөөр сайд болохоор дэмжигдсэн хүмүүс зургаан сарын хугацаанд итгэл дааж, идэвхтэй ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна уу. Та юу гэж бодож байна?

-Манай намаас сонгогдож, томилогдох гэж байгаа хүмүүсийн хувьд мэргэжлийн салбартаа болон улстөрийн ажил, албан тушаал эрхлэх дадлага туршлага хуримтлуулчихсан, бэрхшээлийг шийдэх арга замыг мэддэг, хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан чадварлаг боловсон хүчнүүд.Тиймээс энэ удаа томилогдохоор яригдаж байгаа хүмүүст ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэж бодож байна.

-Хэл ам ихтэй сөрөг хүчинтэй танай намын даргын тэргүүлсэн Засгийн газар бага хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэхээр явц нь удаашрах байх даа?

-Яах вэ, сонгуулийн өмнөхөн болж байгаа үйл явц учраас нэлээд хариуцлагатай, ажил ихтэй байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь өнгөрсөн сонгуулиар улс төрийн намуудын амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудал одоо сөхөгдөнө.

Мөн Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.

Салбарынхан нь болоод ард түмний хүсэж хүлээж буй олон ажил хүлээгдэж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр дээрх ажлуудыг дуусгах цаг хугацаа бага үлдэж, хором, хормоор хэмжигдэж байхад дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх хэмжээний, шийдэмгий, далайцтай ажиллах хүмүүсийг тухайн салбаруудад томилж байгаа учраас санаа зовохгүй байна.

-Хүний хийж байсан ажлыг гүйцээнэ гэдэг тийм ч амар биш. Сонгууль дөхөөд Засгийн газар ажлаа дүгнэх үед шинэ, хуучин сайдууд хоорондоо хөлөө жийлцээд бие биедээ бурууг тохоох юм биш байгаа?

-Монголчууд хэн нэгнийг ямар нэгэн албан тушаалд очиход тухайн хүнийг тийм, ийм гэж гоочилдог болчихоод байгаа юм. Улстөрийн зорилгоор ч тэгдэг юм уу бүү мэд. Тэгээд чухам яагаад юу нь муу, муухай байгаа юм бэ гэхээр «Мэдэхгүй, хүмүүс тэгж байна» л гэдэг.

Яг баримттай зүйл байхгүй.

Үндсэн асуудлыг нь мэдэхгүй хэрнээ бусдын амаар өрөөлийг үнэлж, дүгнэдэг болжээ. Энэ нь амьдрал дээр ч харагдаад байгаа юм. Тиймээс тэр хүн, энэ нөхөр сайдын ажлыг хийж чадна, чадахгүй гэх мэтээр гудамжны гэдэг ч юм уу, эсвэл хэн нэгний санаатайгаар нисгэсэн бор шувууг шүүрч аваад өлгийдөж бойжуулаад бусдынхаа ажилд дүгнэлт хийж болохгүй.

-Гэхдээ хүн хариуцлагаас мултрахын тулд бусад руу чичилдэг шүү дээ. Миний хийснийг энэ хүн нураачихлаа гэх зэргээр?

-Зарчмын хувьд асуудал бий нь бий. Гэхдээ албан тушаалын хувьд ганцхан гиш-гүүр л алхана. Жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн хувьд барилгын инженер мэргэжилтэй. Энэ чиглэл, мэргэжлээрээ хэд хэдэн шатны сургалтад хамрагдсан, улстөрд он удаан жил ажилласан, салбарын дэд сайд байсан хүн. Тэгэхээр дэд сайд байсан хүн сайдаар ажиллаж чадахгүй гэдгийг би лав ойлгохгүй байна.

Ер нь албан тушаалаа өгч байгаа болон авч буй хүмүүсийн хувьд харьцангуй ойлголт бий.

Х.Баттулга сайдыг л гэхэд хэн ч давж гарч чадахааргүй сайн ажилласан гэж хэн хэлэх юм бэ. Би л лав тэгж хэлэхгүй. Тиймээс шинэ сайдууд салбараа мэдэхийн сацуу сайд гэдэг улстөрийн албан тушаал учраас энэ тогоонд чанагдсан хүмүүс сонгогдож байгаа гэж ойлгож байна. Монголчууд маань сүүлийн жилүүдэд хэвшмэл нэг үзэл санаатай болчихоод байгаа биз?

-Ямар үзэл санаа гэж?

-Яагаа вэ. Хэн ч хэнд ч таалагддаггүй. УИХ-ын гишүүдийг л гэхэд бүгдийг нь 76 мангуу гээд л. Бид ард түмнийхээ хэнд нь ч таалагддаггүй. Энэ байдал нь бугшиж явсаар эцэст нь өөрөө өөртөө ч таалагдаж байгаа юм уу, үгүй юм уу С бүү мэд. Хэнд ч алдаа, оноо г байж болно. Үүнд нь гадаад, дотоод хүчин зүйл, улстөрийн нөхцөл байдал зэрэг олон зүйл нөлөөлдөг. Улстөрчдийг амлалтаа биелүүлдэггүй, ажил хийдэггүй л гээд байдаг. Гэтэл сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зарим талаараа дөрвөн жилийн хугацаа эсвэл ганц сайдаас шалтгаалах асуудал биш шиг байгаа юм.

-Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Тэгэхээр удирдлагуудаас их зүйл шалтгаалж байгаа юм биш үү?

-Мэдээж тухайн салбарыг  ямар хүн толгойлж, ажилласан гэдгээс шалтгаална. Гэхдээ нөлөөлөх зүйлүүд олон бий шүү дээ. Дээр дурдсан гадаад, дотоод хүчин зүйлүүд ч нөлөөлдөг гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Гэхдээ Ерөнхий сайдын санал болгосон сайдуудад Ерөнхийлөгч сэтгэл дундуур байх шиг байна. Үндсэндээ салбарын ажлаа хийж чадахгүй л гээд байх шиг ээ?

-Засгийн газрын тэргүүн багаа бүрдүүлэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчид танилцуулж, зөвшилцөх асуудал байдаг. Тэнд хүмүүс ярилцаж байхад би Засгийн газрын тэргүүн байсан бол гэсэн янзтай яриад байх утгагүй. Ажлаа өгөх гэж байгаа сайдууд бүгд УИХ-ын гишүүн байсан шүү дээ. Яах вэ, Үндсэн хуулиар нээлттэй байгаа асуудал хэдий ч энэ удаа зургаан сайдыг УИХ-ын гишүүдээс гурвыг, гурвыг гаднаас оруулъя гэсэн зарчмыг намын Удирдах зөвлөл баримталсан юм билээ. Намын удирдлага, Ерөнхий сайд үүнийгээ бүлэгт танилцуулсан. Бид дэмжсэн.

-Гэхдээ МАН жаахан яаруу алхам хийчихсэн юм биш үү?

-Асуудал тодорхой болчихсон шүү дээ. АН-ын дар-га мэдэгдэл хийлээ. Тухайн нам шийдүүлэх ёстой газраараа шийдүүлчихсэн. Өргөдлүүдээ өгчихсөн. Тиймээс яарах нь зүйтэй гэж бодож байна. Бид «За яах вэ» гэж суувал цаг хугацаа хүлээхгүй. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж үг байдаг. Явах гэж буй ачааны зовлонг авч явах хүн нь л үүрнэ. Тиймээс үлдэх хүн муу татаж магадгүй гэсэн санаагаар гарсан хэлц үг байх. Түүнтэй ижил тэр хүмүүс явъя гээд байхад бид байж л байя, харж л байна гээд суугаад байж болохгүй. Харин ч энэ долоо хоногтоо багтаад асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаг хугацаа бага үлдсэн шүү дээ. Бусдыг муулж суухын оронд сайныг нь харж, тэр мууг нь дарах хэрэгтэй.

-Сонгосон сайдуудынхаа сул талыг хаацайлах тухай яриад байна уу. Даравч дардайна гэдэг үг байдаг биз дээ?

-Үгүй ээ, тухайн хүний ямар нэг муу талыг мартагдтал нь хэлэх ёстой. Асуудалд шүүмжлэлтэй хандалгүй л яах вэ. Гэхдээ ямар ч хүнд сайн муу асуудал, зан чанар аль аль нь байдаг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.