Импортоор 6000 тонн үрийн буудай оруулж ирээд байна
2016.05.20

Импортоор 6000 тонн үрийн буудай оруулж ирээд байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Энэ жилийн хувьд тариачид их хожуу тариалангаа эхлүүллээ. Шалтгааныг нь янз бүрээр л тайлбарлаж байна. Жишээлбэл, улсаас олгох хөнгөлөлттэй зээлийг өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй байна гэх мэтчилэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 13-нд тариаланчдын дунд маш том зөвлөгөөн болсон шүү дээ. Энэхүү зөвлөгөөний үеэр цаг уурын мэргэжилтнүүд энэ жил гантай байж болзошгүй гэж хэлсэн. Дээр нь хавар их хүйтэн байх талаар ч анхааруулсан юм. 
Тиймээс ахуйн тариаланчид маань мэргэжилтнүүдийн энэхүү анхааруулга, зөвлөгөөг дагасан. Үүнээс болж хаврын тариалалтыг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хаврын тариалалт ингэж хойшилсон асуудал бол цаг агаарын байдалтай шууд холбоотой. Улсын зөвлөгөөн дээр гаргасан шийдвэрээ л дагасан гэж ойлгож болно. 

-Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй гэж үү?

-Байхгүй. Тэр яриад байгаа 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкууд олгож байгаа. Нэг үгээр хэлбэл, банкны шалгуурыг давсан тариаланчдад ямар ч асуудалгүй олгож байгаа гэсэн үг. Харин зарим нэгэнд нь Монголбанк батлан даалт гаргах ёстой. Тэр нь жаахан удаашралтай байгаа юм билээ. Түүнээс биш яамны зүгээс бол шийдвэрүүдээ цаг тухайд нь гаргаж байгаа шүү дээ.

-Энэ жил импортоор хэчнээн тонн үрийн буудай оруулж ирэх билээ?

-Найман мянган тонн үрийн буудай импортоор оруулж ирнэ. 

-Одоогоор хэдэн тонныг нь оруулж ирээд байна вэ?

-Зургаан тонн үрийн буудайг оруулж ирсэн. Үлдсэн хоёрыг нь удахгүй оруулж ирэх байх. 

-Импортоор оруулж ирж байгаа үрийн буудайг чанарын шаардлага хангахгүй, муу байна гэх гомдол тариаланчдаас ирж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Үрийн буудайны хувьд манай улс дотооддоо нэлээн дутагдах тооцоо гарсан. Үүний дагуу онцгой байдлын комисст байгаа таван мянган тонн үрийн буудайг гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан шүү дээ. Үүний 50 хувийнх нь төлбөрийг төлж намар урагцаасаа төлнө. Ийм болзолтойгоор гаргаж байгаа гэж ойлгож болно. Харин импортоор найман мянган тонн үрийн буудай оруулж ирэх зайлшгүй шаардлага тулгарсан. Импортоор оруулж ирэхэд улсын төсөвт мөнгө байхгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг урьсан. Энэ бүгдээс харахад улсын төсвөөр сонгон шалгаруулалт оруулж, тендер зарласан гэж хардах боломжгүй юм. 

-Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд эрсдлээ үүрсэн гэсэн үг үү?

-Тийм. Тэд өөрсдөө эрсдлээ үүрч, хөрөнгө санхүүгээ олсон. 

-Урилгыг нээлттэй зарласан уу?

-Нээлттэй зарласан. Гурван аж ахуйн нэгж шалгарсан ч нэг нь хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс болж татгалзсан. Ингээд хоёр нь импортын үрийн буудайг эх орондоо оруулж ирсэн байгаа. Одоогоор зургаан мянган тонн үрийн буудайг оруулж ирээд байна. Үлдсэн хоёр мянган тонныг нь оруулж ирэх боломжгүй гэдгээ хэлсэн.

-Яагаад боломжгүй гэж вэ?

-Хөрөнгө, санхүүгийн тал дээр гацсан юм шиг байна лээ. 

-Одоо тэгэхээр яг яана гэсэн үг вэ?

-Үлдсэн үрийн буудайг оруулж ирэхийг хүссэн аж ахуйн нэгжүүдэд үүд хаалга нээлттэй, боломж бий. Түүнээс биш энэ болно, тэр болохгүй гэсэн ойлголт байхгүй. 

-Чанарын тал дээр нь тайлбар өгөхгүй юу? 

-Чанартай буудай оруулж ирж байгаа. Учир нь, яг орж ирж байгаа үрийн буудайг ОХУ-д дөрвөн ч шат дамжлагаар хяналт, шалгалт хийн авч ирж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад нутагшсан, сайжруулсан үрийн буудай юм. 
Түүнчлэн нэг га тайлбайгаас 5-7 центр илүү авдаг. Ургадаг гэсэн үг. Мэдээж үрийн буудайг орж ирэхээс өмнө гааль дээр шалгасан. Орж ирснийх нь дараа ч гэсэн мэргэжлийн хяналтынхан шалгасан. Харин сэлэнгийн хоёр байцаагч дур мэдэн лац эвдэж, авсан байгаа. Тиймээс дээж нь мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв Алтанбулагийн хил дээр очоод тэнд авсан бол сэлэнгэчүүд очиж шалгах ёстой. Гэхдээ Дархан-Уул аймагт үрийн буудай маань Оросоос буусан. Тиймээс тухайн аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар гаалийн байцаагчтай хамт байхаас гадна тухайн компанийн эздийг байлгаж байж хүлээж авдаг журамтай. Энэхүү журмын дагуу шалгасан дүгнэлт бол сайн гарсан. Гаалийнхан лацаа нээхээс өмнө шалгадаг Төв лаборатори дээр хүртэл шалгасан. Дараа нь маргаан гарлаа гээд цагдаагийн хяналтад дээж авсан. Бас л сайн гэж гарсан. Дээр нь би газар дээр нь очиж ажилласан. 

-Хөтөл тосгонд уу?

-Тийм. Тариаланчид маш сайн үр байна гэж ярьж байсан. Тэр ч битгий хэл дотоодод тарьсан үрийг биш импортоор оруулж ирсэн үрийг авахаар болсон хүн ч байсан. 

-Хэрэв таны ярьж байгаа үнэн бол газар Тариалан эрхлэлтийн холбооноос яагаад чанаргүй үрийн буудай оруулж ирсэн гэх тайлбарыг өгөөд байгаа юм бэ?

-Би яг наад асууултыг чинь газар тариаланчдаас асуусан. Тэд бид өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авч байгаа. Энэ бол миний хувийн бизнес, муу үрийн буудай эсэхийг бид олон жил ажилласан хүмүүс хараад л мэднэ. 
Туршилтын соёололтыг ч хийж үзлээ. Биднийг доромжилж байгаа юм уу хаашаа юм гэж хэлсэн. Мэдэж байгаа болохоороо сонгоод мөнгөө төлөөд авч байгаа. Харин ч энэ бүх ярианаас болж цаг хугацаа алдлаа гэсэн. Өөрөөр хэлбэл, тэр олон шалгалтаас болж бүхэл бүтэн 17 хоног хүлээлтийн байдалтай байсан юм билээ. 

-Тэгвэл оруулж ирсэн зургаан мянган тонн үрийн буудай одоогоор яг хэчнээн тариаланчдад очоод байна вэ?

-Өнөөдрийн байдлаар гурван мянга гаруй тонн үрийн буудай нь эздэдээ очсон байсан. Манай тариалан эрхлэх сангийнхан өдөр, шөнөгүй ажиллаж байна. Зогсолтгүй л олголтыг хийж байна. Ямар ч гэсэн хугацаандаа амжих байх.