Д.Батцогт “Новартис” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2016.05.11

Д.Батцогт “Новартис” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2016.05.11/ Швейцарь Улсын “Новартис” сан болон “Оном” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

Төлөөлөгчдийн тэргүүн доктор Анн Аертс, Байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, “Новартис” сангийн үйл ажиллагааны талаар болон олон улсын санаачилгын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх цогц, загвар төслийн талаар танилцууллаа.

Энэхүү төслийг Бразил, Сенегал, Монгол Улсад нэгэн зэрэг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд эдгээр улс орнуудын хот суурин газрын бага орлоготой, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал иргэдийг цусны даралт ихсэх өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаарх сургалт, мэдээлэл явуулж, өвчнийг эрт үед нь илрүүлэн оношилж, эмчлэх цогц арга хэмжээ явуулах юм байна. Хот суурин газрын бага орлоготой иргэд нь ихэнхдээ шилжин суурьшигчид байдаг онцлогтой бөгөөд гурван улсад зэрэг хэрэгжиж буй энэхүү цогц, загвар төслийн явцад Монгол Улсын Засгийн газар Бразил, Сенегал Улсын туршлагыг харж, судлах боломж байгааг онцолсон. Мөн Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх анхан шатны судалгаа явагдаж байгааг дурдаад, энэ хүрээнд хамтран ажиллах байгууллагуудын талаар болон төсөлтэй холбоотой асуудлаар санал солилцох хүсэлтээ Байнгын хорооны даргад уламжлав. 

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, зүрх судасны өвчний суурь шалтгаан болох цусны  даралт ихсэх өвчин нь манай улсын хувьд түгээмэл болохыг дурдаад, зорилтот бүлэгт чиглэсэн цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн тэрээр “Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэл хийх хуулиудыг батлаад байгаа. Салбарын тогтолцоог шинэчлэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг саяхан баталсан бол даатгалын тогтолцоог өөрчилсөн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн Төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Эрх зүйн энэ шинэчлэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц дэвшил болно хэмээн үзэж байгаа. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан онцлогтой. Засгийн газар иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс хүн амынхаа эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулан ажилладаг бөгөөд Та бүхний сайхан санаачилга, туслалцаанд талархал илэрхийлье” гэв. Түүнчлэн “Оман” сан нь Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, төрийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь төр, хувийн хэвшлийн амжилттай хамтын ажиллагааны бодит жишээ болохыг дурдаж байлаа. 

 Уулзалтын үеэр талууд  цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх цогц, загвар төслийн талаар болон цусны даралт ихсэх өвчний талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Байнгын хорооны дарга Д.Батцогт, төслийг хэрэгжүүлэх явцад Улсын Их Хурал болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.