Австралийн ярвигтай цагаачлалын бодлого
2016.05.04

Австралийн ярвигтай цагаачлалын бодлого

Австралийн Хамтын Нөхөрлөлийг зорьсон анхны усан завинд Вьетнамын залуухан гурван найз, ах дүү хоёрын хамт ирж байлаа.

Тэд Вьетнамын дайны үлдээсэн сорви, Сайгоны уналтаас айж, 1976 оны намар 19 метрийн урттай модон завийг сэлүүрдсээр Австралийн эрэгт ирж байв. Тэднийг завин дээр суусаар ирсэн тул “Завьны хүмүүс” хэмээн нэрийдэж байжээ. Уг явдлаас хойшхи таван жилд нийт 2054 хүн тус улсыг зорьсон байна.

Тухайн үед Австралийн ихэнх иргэд Вьетнамын цагаачдыг улсдаа үлдээж, цагаачдын статус олгохыг хүсч байв. Гэтэл удалгүй бүхэн өөрчлөгджээ. 1989 онд дараагийн завь ирэв. Түүний дараагийн 10 жилийн туршид жил бүр 170 завь Камбожи улсаас Австралийг зорин ирдэг боллоо. Харин энэ удаа тэднийг саатуулан хорьж, хэргийг нь шүүхээр шийдвэрлэх шинэ журамтай болжээ. Цагаачдын гурав дахь давалгаа 2001 онд эхэлсэн бөгөөд Ойрхи Дорнодын дүрвэгсэд сэлүүрдсээр ирдэг болов. Гэтэл Австралийн цагаачид тэднийг буцаахыг хүсчээ.

Австрали улсын хувьд далайгаар ирж буй дүрвэгсдэд арай өөр бодлого баримталдаг: Цагаач, дүрвэгсдийг Номхон далайн Арлын улсууд болох Папуа Шинэ Гвиней улс  (ПШГ) болон Бүгд Найрамдах Наурау улсад байрлах “офшор-саатуулах байгууламж”-д аваачиж, цагаачлал хүссэн өргөдлийн шүүхээр шийдвэрлэдэг. Хүний эрхийг дэмжигчид болон цагаачлалын байгууллагуудаас тус улсын бодлогыг тун хэрцгий хэмээн шүүмжилдэг. Ямар ч батлан даалтгүй, байрлах хугацааны хязгааргүй тул цагаачдын хувьд дунджаар нэг жилийн турш тус кампуст хоригддог.

Папуа Шинэ Гвиней улсын дээд шүүх хүртэл уг асуудалд ижил байр суурийг баримталж байна. Энэ долоо хоногт тус улсын ерөнхий сайд Питер О’Нил ‘Цагаачдын хувийн эрх чөлөөг зөрчсөн хууль бус үйлдэл тул Манус арлын төвийг хаах’ шийдвэрийг засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газрын зүгээс тус шийдвэрийг дагах болсноо мэдэгдээд байна.

"Гэвч Австралийн ерөнхий сайд Питер Дюттон “Канберрагын засгийн газрын байр суурь тун тодорхой. Манай улс  завинд сууж, хууль бусаар ирсэн хүмүүсийг хүлээн авахгүй тул манай улсад байнга оршин суухгүй ” хэмээн хариу мэдэгджээ".

Австралийн засгийн газар өөрийн улсад хэн нэвтрэхийг шийдэх гэж оролдож байгаа боловч олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, хүний эрхийн байгууллага, дэлхийн удирдагчдаас ирэх дарамт шахалт тасрахгүй байна. Тэдний хувьд алтан дунджийг олохын тулд нэлээдгүй хүчин зүтгэл гаргаж, олон ч бэрхшээлтэй учрах нь тодорхой байна.

Австралийн цагаачлалын шинэ хуулийн дагуу ‘Австралийн хууль ёсны иргэн бус хүмүүст Австралийн хамгаалалтад орох хүсэлт гаргах эрхийг’ бүрдүүлэн өгчээ. Үүнээс өмнө Австралийн цагаачлалын бүсэд (эх газар болон Ашморегийн арал, Картьер арал, Кристмас арал, Козос арал) хүрч чадсан хүмүүст л орогнох эрхийн  хүсэлт гаргадаг байв. Түүнчлэн австралийн эргийн хамгаалалтынхан цагаачдын дурын усан онгоцыг далайд зорчин явахад нь саатуулах эрхтэй байв. Ийм ч шалтгаанаар 2001 онд албан ёсоор Науру болон ПШГ улсад албан ёсоор “офшор цагаачдын хүсэлт боловсруулах кампус”-ыг нээжээ.

Энэ үед Австралийн ерөнхий сайдын албыг хашиж байсан Ховард тун хатуу цагаачлалын бодлого баримталж байсан тул завиар ирэгсдийн тоо огцом буурч, нэг жилд ердөө л 57 хүн ирдэг байв. Түүний орыг залгамжлагчид уг бодлогыг үргэлжлүүлээгүй тул цагаач, дүрвэгсдийн тоо дахин өсөв. 2009 онд гэхэд л 60 завинд суусан 2726 дүрвэгсэд иржээ. Уг тоо өсөхийн хэрээр завь живэх, хадан хясаатай мөргөлдөх ослын тоо өсч, нас барагсдын тоо ч нэмэгдэж байв.

Иймээс 2013 оны шинэ засгийн газрын зүгээс цагаачлалын хуулийг дахин шинэчилж, завьны хаана газардахаас үл хамааран цагаачдыг офшор-саатуулах байгууламжид аваачих болов. Одоо бол тэдний хүсэлтийг шийдвэрлэж дуусах хүртэл зөвхөн кампустаа байрлах ёстой аж. Цагаачдад өргөдөл гаргах эрх нээлттэй болсон ч 90 гаруй хувь нь Австрали улсад оршин суух эрхийг авч чаддаггүй байна. Үүний оронд Науру юмуу ПШГ улсад суух эрхтэй болдог.

Тус кампус асуудал хэл ам дагуулсан хэвээр. Цагаачлалын байгууллагууд одоог хүртэл хүний эрхийг зөрчиж байна гэж үзсээр байх аж. 2014 онд “Ассошиэйтед Пресс” агентлагийн сурвалжлагч   Манус арлын төвийн байдлыг BBC-д ийнхүү дүрсэлжээ:

“Цагаачид ачаа тээвэрлэдэг котейнерт амьдардаг. Контейнерын энд тэндгүй ус байх бөгөөд гэрэл нь асдаггүй. Тэсвэрлэхийн аргагүй халуунаас гадна ямар ч цонхгүй. Энэхүү үмхий үнэртсэн, халуун газарт нэг нүдэн дээрээ шархны лент наасан хүн тусламж эрж байв.”

Үүнээс гадна эмэгтэйчүүд болон хүүхдүүдээс бэлгийн дарамтын талаарх гомдол их ирдэг байна. Австралийн засгийн газраас ‘Цагаачдыг ойролцоогоор 450 хоног саатуулагддаг’ гэсэн тоог гаргасан. Гэвч нийт хүмүүсийн дөрөвний нэг нь хоёроос олон жилийг уг кампуст өнгөрөөж байна.

Өнгөрсөн Мягмар гарагт “НҮБ-ийн Цагаачлалын Хүний эрхийн дээд комиссар”-ын газрын цагаачлалын албан төлөөлөгчид Науру дахь төвтэй танилцжээ. Гэтэл Иранийн дүрвэгч “Бид ийнхүү туйлдаж байна. Энэ үйлдэл нь бидний хэр их туйлдсаныг харуулах болно. Би цаашид тэсч чадахгүй нь” гэж хэлээд өөрийгөө галдан шалтааж, Баасан гарагт нас нөгчжээ. Түүнчлэн Лхагва гарагт таван цагаач амиа хорлох гэж оролдсон байна.

Байдал ийнхүү эгзэгтэй болсон ч Австралийн ерөнхий сайд “Хүмүүс өөрийгөө болон өөрийн гэр бүлээ эрсдэлд оруулж, Австрали усад ирж, байнга оршин суухаар төлөвлөсөн бол тийм зүйл болохгүй. Бид энэ бүхнийг хараагүй өнгөрөөж чадахгүй. Үндэсний зорилгынхоо төлөө тодорхой бөгөөд шийдэмгий байх ёстой...” гэсэн мэдэлдэл гаргав.

Үнэндээ бол  Австрали улс “Хүмүүнлэгийн хөтөлбөр”-өөр дамжуулан 12000 Сирийн дүрвэгсдийг хүлээн авахыг зөвшөөрсөн. 2013-2014 оны хооронд 13800 дүрвэгсдэд, 2012-2013 оны хооронд 20,000 дүрвэгсдэд виз олгосон билээ.

Гэхдээ далайгаар зорчин ирэгсэд тэдний уурыг хүргэсэн бололтой. Үүний нэг шалтгаан нь тэд хууль бус замаар ирж буйд байгаа юм. Харин “Хүмүүнлэгийн хөтөлбөр”-өөр ирж буй хүмүүс бол бүртгэлтэй цагаачид. Австрали улс бүртгэлтэй цагаачдыг хүлээн авах олон улсын үүргээ ийнхүү биелүүлж байна.

Эх сурвалж: http://www.theatlantic.com/international/archive/2016/04/australia-immigration/480189/