427 сургуулийн 450 төсөлд хоёр тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн хөтөлбөрөө дэмжих төслийн шалгаруулалтад амжилттай оролцож шалгарсан нийт 380 орчим мянган хүүхдийн хүрээнд хэрэгжих Ерөнхий боловсролын 427 сургуулийн 450 төсөл тус бүр 2,000-3,000 доллар буюу 6 сая төгрөг нийт 2 тэрбум 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна.
“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой хэрэгжүүлж байна.
СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ гардуулах арга хэмжээн дээр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих зорилгоор сургуулиуд өөрсдийн хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлон төслийн шинэлэг санааг дэвшүүлж, түүнийгээ бие даан ажил хэрэг болгохоор СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь багш, сурагч бүрийн хөгжил хамтын ажиллагаа, сургуулийн бие даасан байдалд ихээхэн тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна. ” гэж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр онцлон хэллээ.
Хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. 2016 оны 1 дүгээр сард 1-р шатанд 200 сургуулийн төсөл нь шалгарч, хэрэгжилт ид өрнөж байгаа бол, 2-р шатанд 427 сургууль оролцсоноор нийт 500 000 гаруй хүүхэд, багш нарын хүрээнд хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа.
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа ба бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байна.