Парисын хэлэлцээрт нэгдэн орохыг дэмжив
2016.04.14

Парисын хэлэлцээрт нэгдэн орохыг дэмжив

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдааныхаа эхэнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан манай улс уг хэлэлцээрт нэгдэж орсноор хүлээх хариуцлага, авах дэмжлэг туслалцааны талаар тодруулахад салбарын сайд “Парисын хэлэлцээрт 55 улс нэгдэж орсноор гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд үүгээр Киотогийн протокол дуусгавар болж олон улсын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Манай улс энэхүү хэлэлцээрт нэгдэж орсноор хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, үүсч болох эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг авах, санхүүгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нээгдэнэ” гэсэн хариулт өгөв.

Хорооны гишүүдийн дийлэнх нь гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлт болон байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсон юм. Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”- ийн тухай УИХ-ын тоггоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 2015 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 76.1 хувийн биелэлттэй байна гэж дүгнэжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Хуралдааны төгсгөлд УИХ- ын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тоггоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.