Боловсролын салбарыг улс төржүүлдэгээ зогсоох хэрэгтэй
Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, доктор/ Ph.D/ Н.Учрал
2016.03.16

Боловсролын салбарыг улс төржүүлдэгээ зогсоох хэрэгтэй

         Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, доктор/ Ph.D/ Н.Учралтай ярилцлаа.

-Монголын залуу багш нарын холбоог үүсгэн байгуулсан түүхээс яриагаа эхэлье. Ер нь тус холбоо ямар зорилготой, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Монголын залуу багш нарын холбоо 2008 онд байгуулагдсан. Энэ үед нийслэл болон аймгуудын залуу багш нар нэгдээд сургалт болон спортын арга хэмжээг клубийн хэмжээнд явуулдаг байлаа. Харин 2015 онд томоохон хурал зөвлөгөөн хийж, холбооныхоо үйл ажиллагаанд тодотгол хийж, үндэсний хэмжээний байгууллага болгоё гэж шийдвэрлэсэн. Монгол Улсын хэмжээнд дунд сургуульд 45 мянга орчим хүн ажиллаж байна. Үүний60 хувь нь багш нар. Тэдний 70 хувь нь залуу багш нар байна.

Их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургуулийн өмнөх болон бүрэн дунд боловсролыг авч үзвэл 70 орчим хувь нь залуу багш нар байгаа гэх судалгаа гарсан. Энэ бол багагүй тоо. Тиймээс нийгмийн хамгийн идэвхтэй бүлгийг дэмжих зорилгоор Залуу багш нарын холбоог шинэчлэн байгуулсан. Манай холбоо ЮНЕСКО-д зөвлөх эрхтэй сургалтын боловсролын дэлхийн зөвлөлийн Монгол дахь гишүүн, Нафса буюу олон улсын багш нарын холбооны албан ёсны гишүүн. Энэ холбооны журмаар бид гадаад, дотоодын сургалт семинарт хамрагдах, дэлхийн хэмжээнд хийсэн судалгаа болон багш нарын хөгжлийн асуудлын мэдээллийг хүлээж авах гэсэн олон боломжоор хангагдаж байдаг. Олон улсын сүлжээнийхээ дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж, үүгээр дамжуулан залуу багш нарыг гадаадад тэтгэлгээр суралцуулах, өр-сөл дөөний журмаар хөгжүүлэх зэрэг олон ажлыг санаачлан хийж эхлээд байна. 

-Өнгөрсөн хугацаанд холбооны зүгээс залуу багш нарын дунд зохион байгуулсан томоохон ажлаасаа танилцуулна уу? 

-Нийслэлийн есөн дүүрэгт албан ёсны чуулганыг амжилттай зохион байгууллаа. Мөн 21 аймгаас арван аймагт холбооныхоо салбар зөвлөлийг албан ёсоор байгуулсан. Энэ үеэр бид Английн Вишн Фактор гэдэг сургалт судалгааны байгууллагатай албан ёсны гэрээ хийж, үнэ төлбөргүйгээр нийт 650 багшийг нэгдүгээр зэрэгтэй олон улсын сургагч багшаар бэлтгэсэн. Үлдсэн арван аймгийн салбар зөвлөлийг ирэх сарын 10-наас өмнө байгуулахаар зорьж байна.

Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулахад 500 багш оролцсон. Тэдний тулгамдаж буй асуудлыг нь сонсч, түүнээс багш нарын хөгжлийг дэмжих 32 уриалгыг гаргасан. Үүний дараа бид “Багш нараа сонсъё” аяныг өрнүүлж, багш нарт ямар асуудал тулгарч байна вэ, нийгмийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, хөгжих ямар бололцоо байгаа, цалин хөлсний тогтолцоог хэрхэн шинэчлэх ёстой зэрэг олон санаачлагыг уриалгад тусгасан. Түүнчлэн дүүргийн салбар зөвлөлүүд тус тусдаа сургалт, семинар болон спортын олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Цаашид ч мөн адил хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

-Жишээлбэл, танай холбооныхон ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ сарын 16-нд Залуу багш нарын холбооны нийслэлийн салбар зөвлөлийн гишүүдийн уулзалт семинар буюу “1000 багшийн учрал” гэсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнөөс гаргасан уриалга, “Багш нараа сонсъё” аянаас гаргасан санал санаачлага болон холбооны зүгээс явуулсан судалгаанд үндэслэсэн тайлан зэрэг олон мэдээллийг өгөх юм. Цаашид томоохон ямар ажлыг зохион байгуулах болон багш нарын хөгжил гадаадын олон оронд ямар байдаг талаар шинэ санал санаачлагыг танилцуулна.

Мөн манай холбоо цаашид хэрхэн ажиллах ёстой талаар ярилцана. Түүнчлэн уулзалтын үеэр багш нарт тулгамдаад буй асуудлыг нэрлэж, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарцын талаар мэдээлэл өгнө. Өнөөдрийн байдлаар багш нарт тулгамдаж буй асуудлын талаар дуугардаг боловч түүнийг ажил хэрэг болгож шийдсэн зүйл алга.

Тиймээс энэ уулзалтын дараа бид багш нарын хөгжлийг хэрхэн дэмжих тухай саналыг боловсруулж, улс төрийн намын дарга нарт албан бичиг хүргүүлнэ. Тодруулбал, багш нарт тулгамдаж буй асуудлыг анхаарч, тэдэнд чиглэсэн дорвитой санал санаачлага гаргасан улс төрийн намыг багш нар дэмжинэ. Мөн дөрөвдүгээр сарын 20-ны үеэр манай холбоо Монголын Залуучуудын Холбоотой хамтарч залуу багш нарын анхдугаар их хурлыг Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Үүнд аймаг болон нийслэлийн залуу багш нарын салбар зөвлөлийн төлөөллийг оролцуулна. Тус их хурлаар “Залуу багш нарын хөгжлийг дэмжих бодлогын баримт бичиг”-ийг батлахаар төсөл дээрээ ажиллаж байна. 

-Өнөөдрийн нийгэмд олон салбарын боловсон хүчин болох төрөл бүрийн мэргэжилтнүүдэд аль нэгэн байгууллагын дэмжлэг туслалцаа яалт ч үгүй л хэрэгтэй. Тэр дундаас яагаад заавал багш нарыг анхаарч үзэн, дэмжихээр болсон бэ?

-Нийгэм бол бүх төвшинд сэтгэлгээний ядууралд орсон. Оюуны хомсдол, хоосрол туйлдаа хүрлээ. Хүний зов-лонд жаргадаг болсон цагт хүн төрөлхтөн мөхнө гэж Далай лам хэлсэн. Ер нь хүн төрөлхтөн мөхлийнхээ ирмэгт туллаа. Яагаад гэвэл хүний зовлонд баярладаг болж, өөрт хүсээгүй зовлонг бусдад хүсдэг болсон байна. Аливаа зүйлийг хийж бүтээхээс илүүтэй өөнтөглөж, харлуулдаг байдал газар авсан.

Ийм байдлаас ангижрахын тулд багш нар нийгэмд эерэг өөрчлөлт хийхэд оролцож, дорвитой ажлыг хийх ёстой. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэхэд багш нар оролцох ёстой. Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй манай холбоо хамтран “Залуу багш” үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Үүгээр дамжуулан эхлээд багш нараа бэлтгэж дараа нь мон гол хүүхдүүдийн сэтгэлгээнд тохирсон шинэ арга барилаар хүүхдүүд рүү хандах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд төр засаг залуу багш нарыг ажиллах нөхцөл болом жоор нь хангах ёстой. Нэн түрүүнд цалин хөлсний тогтолцоонд шинэчлэлт хийх хэрэгтэй. Багшийн цалин өнөөдрийн байдлаар 380 мянган төгрөг л байна.

Ийм хэмжээний цалинтай учраас тэдний нийгмийн асуудал шийдэгдэхгүй байгаа юм. Орон сууцанд орох, зээл авах зэрэг нь тэдний хувьд хаалттай. Ямар ч боломжгүй. Түүнчлэн Монгол Улс багшгүй болоход хүрч байна.

Багшийн мэргэжлээр төгсөөд ажил олдохгүй бай-на. Дөнгөж төгссөн багш нар сумдаа очоод хоёр жил багшилж, бага зэрэг туршлага суучихаад буцаад хот суурин газраа бараадах боллоо. Орон нутагт сурч байгаа хүүхдүүдийн эрх ашгийг ийм байдлаар хохироож болохгүй. Энэ байд-лаас болоод багш нарын үнэ цэнэ унадаг. Мөн багш нарт хөгжих ямар ч бололцоо байдаггүй зэрэг шийдвэрлэх олон асуудал байна. 

-Багш нарт хөгжих бололцоо байдаггүй гэдгийг та онцолж хэллээ. Багш нарын хөгжилд анхаарч ажиллах ёстой төрийн байгууллага нэлээд хэд байдаг санагдах юм.Тэдгээр байгууллагаас зохион байгуулж буй ажил багш нарын хөгжилд хангалттай нөлөөлж чадахгүй байна уу? 

-Багшийн хөгжлийн ордон, Багшийн хөгжлийн институц зэрэг багш нарыг хөгжүүлдэг хэд хэдэн байгууллага бий. Эдгээр байгууллагын зүгээс сургалт зохион байгуулж, орон нутгаас багш нар авчирч суулгадаг. Гэтэл орон нутгийн багш нар “Бид нэг зүйлийг олон дахин сонсохоос залхаж байна” гэж ярьдаг. Багш нар зэрэг ахиулахын тулд кредит цаг цуглуулах ёстой.

Хэн нэгэн багш шавиа хэчнээн олон удаа олимпиад, уралдаан тэм-цээнд бэлдэж оролцуулаад тэргүүлэвч, зөвлөх багшийн зэрэгтэй болж чадахгүй. Яагаад гэвэл ажиллах жил бо лон кредит цаг нь гүйцээгүй байдаг. Үүнийг л халах хэрэгтэй. Яагаад үр дүнд суурилж, багш нарыг хөгжүүлж бол-доггүй юм бэ. Өөрөөр хэлбэл, шавь нараас нь олимпиадад арван хүүхэд тэргүүн байр эзлэхэд тухайн баг-шийн зэргийг нэмж тэргүүлэх болгож яа-гаад болдоггүй юм.

 -Гадаадын орнууд багш нарынхаа хөгжлийг хэрхэн дэмждэг юм бол. Туршлагыг нь өөрийнхөө орны боловсролын салбарт нэвтрүүлэх боломж байна уу. Дээрх асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

-Гадаадын орнуудын багш нарыг тасралтгүй суралцах кредит оноогоо/CPD/ бүрдүүлсэн, шавь нар нь ямар амжилт гаргасан, оюутан сурагчдын сэтгэл ханамжийг харьцуулж үзээд тухайн багшийн цалинг нэмдэг. Манайх ч гэсэн ийм л тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Бүх зүйлийг мэддэг хүнийг л багш гэж буруу ойлгодог тал бий. Ийм хүнийг багш гэж хэлэхгүй, тэд бол судлаачид. Харин мэдэж байгаагаа бусдад сайн ойлгуулж чадаж байгаа хүнийг л багш гэнэ. Нийгмийг эрүүлжүүлэхэд, хүмүүсийн буруу сэтгэлгээг өөрчлөхөд, бидний ирээдүй болсон хүүхдүүдийг зөв хүмүүжилтэй байлгая гэвэл хүссэн хүсээгүй залуу багш нартай тулж ажиллах ёстой. Тэдний тусламжийг авахаас өөр гарц байхгүй.

Гаднын орнууд багшийн сургуулийг үнэ төлбөргүй болгож байна. Шалгалтад нь өндөр босго тавиад, оюутнуудад нь тэтгэлэг олгож байна. Ингэж ирээдүйгээ бэлтгэж байхад манай улс багшийн сургуулийг дэмждэггүй. Тэр байтугай хувийн их дээд сургуулиуд баг шийн мэргэжлээр элсэлт авахгүй байна. Яагаад гэвэл багшийн мэргэжлээр элсэлт аваад ч, тэр мэргэжлийг сонгохгүй байна. МУБИС багш нарын 53 хувийг бэлтгэж байна. Тиймээс цаашид багш бэлт гэж байгаа сургуулиудыг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Багш мэргэжлээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг зээлээр төрөөс төлөөд ажил дээр гарсны дараа буцааж төлдөг боломжоор хангах хэрэгтэй. Багш нарын ца линг нэмж чадахгүй бол ядаж нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг ч юм уу, ямар нэгэн шат дамжлагагүйгээр хүүхдүүдийг нь улсын цэцэрлэгт шууд авдаг байх зэрэг боломжоор хангах нь чухал. Холын аймгуудад ажиллаж байгаа багш нарт бүсийн нэмэгдэл олгох, мэргэжлийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор давтан сургах, сургалтын хэрэглэгдэхүүн ном хэвлэл, гарын авлага худалдан авах зэргийг сургуулийнх нь төсөвт суулгаж өгвөл нөхцөл байдал дээрдэнэ.

Мөн боловсролын салбарын бүх шатанд сахилга бат, дэг журам, хариуцлагыг бий болгож, удирдлагын чадавхийг сайжруулах, дунд сургуулиуд захирлаа томилохдоо ядаж саналаа тусгадаг болох зэрэг олон асуудлыг шийдэх цаг нь болсон. Түүнчлэн багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургал тын хөтөлбөртөө өөрсдийн өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн ахуй амьдралд нийцүүлж, орчин үеийн ололтуудтай тохирсон онцлогыг тусгах шаардлагатай. Энэ дундаас хамгийн чухал нь боловсролын салбарыг улс төржүүлдгээ зогсоох хэрэгтэй. Энэ мэтчилэн олон асуудлыг шийдвэрлэж, залуу багш нараа дэмжих шаардлага байна.