Яваандаа бетонон зам чиглэл рүү орох болов уу
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаатай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-21 аймгийг нийслэлтэй асфальтан замаар холбох ажил үр дүyтэй үргэлжилж байгаа. Уг нь эдгээр замыг олон жилийн настай бетон ашиглаж барьсан бол алсдаа хэрэгтэй гэж үзэх хүн бий. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Манайд цементийн үйлдвэрүүд бий болчихлоо. Бетон зуурмагийн үйлдвэрүүд зөндөө байна. Тиймээс аймгуудын замыг бетоноор тавих бүрэн боломжтой. Гаднаас түүхий эд татах шаардлага алга. Цементийг нь Монголдоо хийчихэж байна. Буталсан чулуу, бусад хайргыг угаасаа энд бэлтгэдэг. Манай холбоо ч цаашдаа бетонон замыг дэмжих болно. Төр, засгийн зүгээс ч дэмжсэн нь дээр.
-Холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж үзсэн үү?
-Одоохондоо энэ талаар ярилцсан зүйл алга. Яагаад гэвэл одоо тавигдах замаа асфальтаар төлөвлөсөн. Нэгэнт төлөвлөсөн замаа энэ хэвээр барихаас өөр аргагүй. Харин дараа дараагийн удаа бетонон зам тавих чиглэл рүү орох болов уу. Энэ замыг ийм технологиор барина гээд яамнаас шийдвэр гаргахад л болно шүү дээ.
Сонсголонд баригдсан зам бол даацынх. Дотроо арматуртай. Үүн шиг хийдэггүй юм аа гэхэд, зардлыг нь арай багасгаад барьж болно. Гэхдээ ярьсан, яриагүй хүмүүс ойлгож, дэмжих байх. Нөгөө талаар, бетонон зам барих технологи их нарийн. Технологийн горим жаахан алдахад л эвдэрч, хагарах эрсдэлтэй. Гэхдээ манай компаниуд энэ тал дээр туршлагатай болсон. Сонсголонгийн замыг Монголын компани л барьсан шүү дээ.
Налайхын зам гэхэд 30, 40 жилийн настай. Одоо л бага зэрэг муудаж байх шиг байна. Тэр үед хятадууд энэ замыг барьж байлаа. Суурийг нь сайн тавьж өгсөн л дөө. Зам тавихад энэ хамгийн чухал.
-Танай холбоонд хnчнээн компани хамрагдаж байна вэ. Дотоодын компаниуд энэ технологийг хэр дэмжиж байгаа бол?
-Одоо манай холбоонд 300-гаад компани гишүүнчлэлтэй байна. Монголын компаниудын бодлого ч энэ зүг рүү чиглэж байгаа. Бетонон зам дэвсдэг Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хүртэл оруулаад ирлээ.
-Шинээр тавьсан зам ганц, хоёрхон жил болоод эвдэрч байна гэж шүүмжилдэг. Замын чанарын асуудал сүүлийн үед ямар түвшинд байгаа бол?
-Замын чанар жил ирэх тусам сайжирч байгаа гэж би хэлнэ. Өмнө нь захиалагч өөрөө хяналт тавьдаг байлаа. Гэтэл хариуцсан инженер нь өдөр бүр хяналт тавьж чадахгүй. Харин одоо бол тусгай компанид хариуцуулдаг болсон. Замын компани ажлаа хийж байхад хяналтын компани хажууд нь зэрэгцээд л ажиллана. Замын ажил эхлэхээс аваад дуустал хянана. Үүний хажуугаар захиалагч компани үе үе ирж, ажилтай танилцана. Тийм учраас чанартай болж байгаа.
Нөгөө талаар замыг ча-нартай барихын тулд тендерээ эрт зарлах хэрэгтэй. Тухайн компани өвөл тендерээ авчихвал хавраас бэлтгэл ажлаа хангаж, зун нь гол ажлаа амжуулж чадна.