2009.03.03

Су.Батболд: Цэцийн дүгнэлтийг хүлээж байна

Төрийн албаны тухай хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу төрийн жинхэнэ албан хаагчид улс төрийн намын харьяаллаас түдгэлзээд байгаа. Баг, хорооны Засаг дарга нарыг ч мөн төрийн албан хаагч болгосон нь маргаан дэгдээж, зарим хүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. УИХ-ын гишүүн Су.Батболд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан юм. Түүнтэй ярилцлаа.

-Төрийн албаны хууль Үндсэн хууль зөрчсөн “хэргээр” Цэцэд маргаан үүсгэсэн. Бас Таны санаачилсан хуулийн төсөл бэлэн болж, Засгийн газраас дэмжлэг авсан гэсэн. Гэсэн хэдий ч баг, хорооны Засаг даргад нэр дэвших сонирхолтой хүмүүсээс төрийн албаны шалгалт авч дуусаад байна. Хэрвээ таны санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдвэл одоогийн хуулийн үйлчлэл хэрхэх вэ?

-Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн зүгээс хийж буй алхам хууль ёсных гэсэн үг. Түүний дагуу л баг, хорооны Засаг дарга нараас төрийн албаны шалгалт авч дууссан. Орон нутгийн сонгуулийн дараа аймаг, нийслэл, баг, хорооны Засаг дарга нарыг томилдог. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтээс шалтгаалж баг, хорооны Засаг дарга нарын томилгоо гацаанд орчихлоо. Төрийн албаны хуульд зөрчилтэй заалт бий. Үндсэн хуульд зааснаар бүх шатны Засаг дарга нар нь сонгогддог албан тушаал юм. Баг, хорооны Засаг даргыг иргэд шууд сонгодог. Иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг, сонгогчид өөрсдөө хариуцлага тооцдог албан тушаалд “энэ хүнийг сонгох ёстой” гэж төрийн байгууллагаас тулгаж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдсөн. Энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгэсэн байна лээ.

Цэцийн дүгнэлт гарсаны дараа түүнийг УИХ хэлэлцэж, шийдвэрээ гаргана гэсээр цаг хугацаа их алдах юм шиг байна. -Гэхдээ багийн Засаг даргад нэр дэвшигчдээс шалгалт авч байгаа нь буруу биш биз дээ?

-Буруу ч биш л дээ. Ямар боловсрол, мэргэжилтэй, хэн гэдэг хүн нэр дэвших гэж байгааг иргэд мэдэж байх ёстой. Гэхдээ баг, хорооны Засаг даргын сонгон шалгаруулалтад орох гэж байсан хүнийг мэргэжил, боловсролгүй, ажлын дадлага туршлагагүй гэсэн байдлаар саад болж байгаа нь харамсалтай. Төрийн албаны шалгалтад орсон хүмүүсээс Засаг даргаа сонгох уу, эсвэл Цэцийн дүгнэлтийг хүлээх үү гэдгээ тухайн Иргэдийн нийтийн хурал шийдэх байх.

-Ийм тодорхой бус байдлаас болж баг, хорооны ажил цалгардаж байх шиг санагддаг.

-Төрийн байгууллагын анхан шатны нэгжийн ажил эзэнгүйдэж, хугацаа алдсан тал бий. Уг нь орон нутгийн сонгуулийн дараа шийдчих байсан юм.

-Баг, хорооны Засаг даргыг төрийн захиргааны албан хаагч болгосныг залруулах буюу Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан байх ёстой гэсэн агуулгаар Та төслөө боловсруулсан гэсэн үг үү?

-Баг, хорооны Засаг дарга улс төрийн албан тушаалтан байх ёстой гэсэн агуулгатай Үндсэн хуулийн заалт бий. Цэцийн дүгнэлт ч нааштайгаар гарах байх хэмээн найдаж буй. Хэнийг сонгох нь баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын эрх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.