Хороо өөрөө төсөвтэй болох боломж байна
БГД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Дорждулам
2016.02.15

Хороо өөрөө төсөвтэй болох боломж байна

Баруун талаасаа Гурвалжингийн гүүрнээс зүүн тийш, Энхтайвны өргөн чөлөөгөөр дээшээ яваад Арктай шар байшингийн баруун талаас Баянгол дүүргийн татварын алба, түүнээс урагш Од групп хүртэл, Дунд голын наагуур байдаг обьектууд, баруун тийш Тээвэрчдийн гудамжийг Баруун үйлдвэрийн гудамжтай холбосон уулзвар орчимд 196,6 га газар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаардаг.

Хүн амын хувьд албан ёсоор 4488 өрхтэй, 16580 иргэн бүртгэлтэй байна. Албан бусаар түр оршин суугч, түрээслэгчтэйгээ нийлээд 20 мянга гарсан байна.  БГД-ийн томоохон 4 хорооны нэгд тооцогддог.  Манай нутаг дэвсгэрт Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ, татварын алба байрладаг. Энэ том айлын Засаг даргатай ярилцах боломж бидэнд олдсон юм. 

Хорооны нутаг дэвсгэрийн байрзүйн зураг

Өнгөрсөн жилийг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үр дүн хэр байв? 
Өнгөрсөн 2015 онд бүтээн байгуулалтын ажил нилээн хийсэн.

Засаг даргын тамгын газрын нэг, хоёрдугаар өргөтгөл, нутгийн удирдлагын ордон, шинээр тавьсан дөрвөн замын уулзварын гурав нь манайд хамаардаг. Хүн амын төвлөрөл ихтэй учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу. Улсын өмчит 2 ЕБС, 3 цэцэрлэг байна. Төмөр замын ажилчдын цэцэрлэг манай хорооны нутаг дэвсгэрт хамаардаг учраас энэ жил хорооны 400 хүүхдийг хүлээн авлаа.

157-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, 100 хүүхдийг шинээр хүлээн авсан. 164-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөл гаргасан, энэ оны улсын төсөвт суугдсан. Өргөтгөлийн ажил эхэлнэ. Golden Park хотхоны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барихаар төлөвлөж байгаа юм байна.

"Материал Импекс" ХК орон сууцны найман байшин, нэг ахуй үйлчилгээний төвтэйгээр шингээн хийж, үүнд сургууль, цэцэрлэгийн газрыг төлөвлөсөн. Тэр сургууль, цэцэрлэгийг концессийн гэрээгээр барихаар болсон. Ингэснээр сургууль, цэцэрлэг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болно гэдэгт итгэлтэй байна.

Дэд бүтцийн ажлын хүрээнд орон сууцны хороолол дундах зам,  борооны ус зайлуулах систем хийхээр төлөвлөж, эхний ээлжинд 6,7-р байрнууд буюу Ханбүргэдэй их дэлгүүрийн өмнөх олон жил яригдаж буй усны асуудлыг шийдэхээр төлөвлөөд эхний ээлжинд улсын төсвөөс мөнгөн хөрөнгө суулгаж, концесийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон.

4А, 5А байрнуудаас Нарны зам руу орж ирсэн замыг Гаалийн байртай холбосон хоёр салаа замыг борооны ус зайлуулагч тоног төхөөрөмжийг өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэн.

Ажлаа хэзээ хүлээн авав? Ямар зарчим баримтлан ажиллаж байна?

Би 2013 оны нэгдүгээр сард энэ ажлыг авсан. Өмнө Улаанбаатар төмөр замын Улаанбаатар вагон депод ажиллаж байсан. 27 жил улсад ажилласан. Анх намайг ажлаа авахад хог, шороо их байсан. Тодорхой бодлого, төлөвлөлт байхгүй. Цэвэрлэгээ, үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж доогуур түвшинд байсан.

Ажлаа авсны маргааш өдрөөс эхлээд миний өрөөгөөр хог ярьсан хүмүүс орж ирдэг байсан.

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын ажилчид хорооны өнгө төрхийг засах, сайжруулах онцгой анхаарч, бидэнтэй байнгын хамтын ажиллагаатай байсны хүчинд одоо хог ярьдаг хүн байхаа больсон. Одоо бол иргэд хороолол дундах зам тавих, борооны ус зайлуулах системтэй болмоор байна, ногоон байгууламж бий болгох гэх зэрэг санал санаачилга гаргаж байна.

Бид иргэдийн нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж боддог. Хорооны хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч ажилгүй иргэдийг ажилд зуучлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулж байна.

Үнэхээр юм хийж бүтээе гэсэн чин эрмэлзлэлтэй хүмүүс маш их байна.

Тиймээс юм хийж бүтээе гэсэн хүмүүсээ дэмжих үүднээс энэ жилийг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлаж байна. Энэ хүрээнд “Баялаг бүтээгчдийн нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан. Хувийн хэвшлийнхэн цаг үеэ даган хурдацтай хөгжиж, шинэ үеийн техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүднээс эрэл хайгуул хийдэг болсон гэдгээ илэрхийлж байна.

Манай татварын албаныхан  хорооны татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын өршөөл үзүүлснийг талархалтай хүлээн авч, татвараа цаг хугацаандаа төлөх нь зүйтэй гэдгийг улам ойлгодог болсон нь харагдаж байна. Энэ хэрээр тэдний төлөх татварын хэмжээ нэмэгдэж, иргэдийн амжиргаанд бодитой нөлөөлж байна.

Хорооны иргэдийн амьжиргааны дундаж төвшин хэр байдаг бол?

2012, 2013 онд манай хороонд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх 100 гаруй байлаа. 2013 оноос Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тодорхой бодлого боловсруулж, тэр хүрээнд амьжиргааны тогтоох судалгаа явуулсан. Энэ судалгааны үр дүнд амьжиргааны баталгаажих түвшинг тогтоож, зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Одоогоор картын бараа, хоол хүнсээ авдаг гурван өрх байна. Бусад айл өрх боломжийн гэсэн үнэлгээтэй. Боломжийн гэсэн ч хөдөлмөрийн насны ажилгүй иргэдтэй тулж ажилласан. Манай хөдөлмөрийн хэлтсээс нилээдгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Амьжиргааны төвшин тогтоох судалгаа нилээн шүүмжлэл дагуулдаг. Энэ судалгаа хэр үнэн бодитой гэж боддог вэ? Хорооны иргэд яаж хандаж байна?

Хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтот бүлэгт нь олгох шийдвэр гарсны дараа иргэд их бухимдсан. 20 мянган төгрөгөөрөө амьдардаг иргэд ч байна. Зарим нь авахгүйгээр насанд хүртэл нь хадгалахаар хадгаламж нээлгэсэн айл өрх ч байна. Хуримтлал үүсгээд 1.8 сая төгрөгтэй болчихлоо гэсэн хүн ч байна.

Ирээдүйд хүүхдүүд Монгол Улсын ирээдүйг авч явна. Ядаж их сургуулийн нэг, хоёр жилийн төлбөр нь байна гэж эцэг, эхчүүдийн сэтгэл уужирна. Тиймээс сар бүр олгодог энэхүү дэмжлэгийг ямар зориулалтаар зарцуулах вэ гэдэг мэдлэг, мэдээллийг иргэдэд түгээх нь зүйтэй гэж бодсон. Хүүхдийн мөнгө бол ирээдүйд учирч болох эрсдэлээс тодорхой хэмжээнд хамгаалах зорилготой мөнгө гэж ойлгодог.

Нэг жишээ ярихад, эхнэр, нөхөр хоёулаа төрийн албан хаагч. Орон сууцны зээлд хамрагдаж, "Golden park" хотхонд байр авсан. Эхнэр нь цалингийн зээлээр автомашин худалдан авч байсан. Хүн харахад баян мэт боловч цахилгаан бараагаа хүртэл санхүүгийн зээлээр авсан байдаг тохиолдол бий шүү гэж ярьж байсан. Эцэг эхчүүд, хамаатан садан, найз нөхөд нь тусалж, тэдний дэмжлэгээр амьдардаг залуус олон байна. Тиймээс амьжиргааны төвшин тогтоохдоо материаллаг байдлаас нь битгий хандаасай гэж боддог.

Цэцэрлэг, сургуулийн хүртээмж боломжийн түвшинд шийдэгдэж байгааг таны ярианаас сонслоо. Тэгвэл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухайд?

Угтахуй өрхийн эрүүл мэндийн төв, нэгдэл нь цөөхөн ажилтантай. Хороо 20 мянга давсан иргэд, хүн амтай. Журмаараа 5500 иргэд тутамд нэг эрүүл мэндийн төв гэдэг боловч (Эрүүл мэндийн хууль) нэг л эрүүл мэндийн нэгдэлтэй. Гэсэн хэдий ч эмч, сувилагчийн орон тоог нэмэгддэггүй. 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Ахмад, нялхсын асаргаа сувиллын төв, Өсвөр, залуу үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө хүргэх Эмүжин эмнэлэг, 150 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлэг тус тус байгуулагдсан.

Тиймээс дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ боломжийн түвшинд гэж хэлж болно. Хорооны хувьд ачаалалтай ихтэй, хүртээмж бага, иргэд үйлчлүүлэгч болгонтой тулж ажиллах нь учир дутагдалтай мэт боловч өрхийн эрүүл мэндийн нэгдлийн үйлчилгээний талаар гомдол ирсэн тохиолдол байхгүй. Эрүүл мэндийн төвийнхөн хорооны хэвтрийн өвчнүүд, ахмад дайчдадаа сар, улиралд нэг удаа гэрт нь очиж, хүрч үйлчилдэг. 

Хорооны хөгжил, бүтээн байгуулалтад зориулж улсын төсөвт мөнгө суудаг уу? Хороо өөрийн нөөц боломжоо дайчилж, хөрөнгө босгох боломж хэр байдаг вэ?
Улсын төсвөөс тусгайлан хороонд гэж мөнгө хөрөнгө төсөвлөдөггүй.

Томоохон, тэргүүлэх салбарууд болох эрүүл мэнд, боловсрол зэрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэн ажилладаг. Хороо өөрөө чадамж муутай. Захиран зарцуулах хөрөнгө мөнгөний эрх мэдэлгүй. Хорооны Засаг даргын ажлын алба нь 20 хүний бүрэлдэхүүнтэй. 10 нь хэсгийн ахлагч, хөгжийн нийгмийн ахлагч нэг ажилладаг. Цөөн хүн амтай хороотой харьцуулахад манай хороо том хороонд тооцогддог. Тиймээс хүн амын зөрүүтэй гэдгээр нь асуудлыг авч үзээсэй гэж үздэг.

Саяхан болж өнгөрсөн “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганы үеэр хороодын Засаг дарга нар тулгамдсан асуудлаа ярилцаж, харилцан туршлага судалсан. Хороо өөрөө төсөвтэй байж болох юм гэдэг асуудлыг хөндсөн, санаа дэвшүүлсэн. Тэдний туршлагыг сонсож байхад, иргэдтэйгээ хамтраад төсөв хөрөнгө босгосон жишээ байна.

Тухайлбал, нэг хороо айл өрхүүдээсээ өдөр бүр зуун төгрөг авдаг. Хорооны иргэд нь ИТХ-аараа зөвшөөрсөн. Зарим хороо сардаа 1000 төгрөг иргэдээсээ татдаг байх жишээтэй. Энэ хөрөнгөөрөө хорооны тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг байна.

Иргэдийн бүлэг гэж томилогдож, тэд хамтын хүчээрээ засвар, тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийдэг гэж ярьж байна. Иргэд өөрсдийн мөнгө, хөдөлмөр хүчээр хийсэн ажлаа засаж сайжруулан, тордож арчилдаг байна л даа. Хийх ажлаа сар, улирал, жилээр төлөвлөдөг, тэр төлөвлөгөөнийхөө биелэлтийг иргэд нь хянадаг тогтолцоо бүрэлдээд байна.

Та эдгээр туршлагыг хороондоо нэвтрүүлэх бодолтой байна? Танай хорооны иргэд энэ мэт санаачилгыг хэрхэн хүлээж авах бол?

Тун удахгүй 2015 оны иргэдийн нийтийн хурлаа хийж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнана. Жил бүр уламжлал болгон хурал хийдэг. Ер нь жил гэлтгүй улирал, сарын давтамжтайгаар хийж болно. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 15 удаагийн иргэдийн нийтийн хурал хийгээд байна. Энэ удаагийн хурлаар хорооны иргэддээ хуримтлал үүсэх санал тавих бодолтой байна. Хорооны Засаг дарга тэр мөнгийг хурааж авахгүй. Иргэд дундаасаа Иргэдийн бүлгээ томилж, ахлагчаа гаргана. Хорооны иргэд ингэж багаараа ажиллаж, санхүү, төлөвлөлт, ажил гүйцэтгэх гэх зэрэг бүтэцтэй бүлэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ногоон байгууламж байгуулах явцын үеэр

Манай хороо сая Иргэдийн таван бүлэг байгуулж, эдгээр бүлэг ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулсан. Хорооны иргэд гар бие оролцсон, өөрсдөө байгуулсан учраас энэ байгууламжид маш сэтгэлтэй хандаж, арчилж байна. Байгууламжид хог хаясан иргэдийг иргэд нь хянаж, санамж хүргүүлж байна. Иргэдийн өөрсдийн хийсэн ажил насжилт удаан байх юм байна гэдгийг эндээс харж болно.

Манай хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хорооны Засаг дарга тохижилттой холбоотой гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд зааснаар, хүүхэд тоглох, хөгшид нарлах талбай тохижуулах санал өгсөн. Манай аж ахуйн нэгж энэ саналыг маш нааштайгаар хүлээн авсан.

Ойролцоо байрлах 8-12 аж ахуйн нэгжүүд хамтраад иргэдэд зориулсан талбай тохижуулах нь компанийн хувьд нийгмийн хариуцлагаа биелүүлж, иргэдэд ээлтэй орчин бий болж, цаагуураа хорооны өнгө төрх, иргэд-аж ахуйн нэгжийн харилцан ойлголцол зэрэг эерэг нөлөөтэй. Бусад хорооны дарга нартай уулзаж, харилцан санал солилцож байх үеэрээ энэ санаачилга их зөв зүйтэй болсон  байна гэж бодож суулаа.

Та хороонд байрлах “Golden park” хотхоныг тойрсон элдэв асуудал, иргэдийн бухимдал байдаг. Энэ асуудал яаж байна?

Иргэд тав тухтай орчинд амьдрах хүсэлтэй. Үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал тулгарсан. Үүний нэг хотхоны орц, гарцын асуудал байсан. Golden park I,II хотхон руу орох, гарах зам шороон байсан нь энэ гурван жилд хатуу хучилттай болсон.

Ирэх хавраас Материал Импексийн хашаагаар дамжаад Гурвалжингийн гүүрээр дээшээ тойрч гарах хоёр урсгалтай, дөрвөн эгнээ замыг тавихаар төлөвлөж байна. Одоо зураг төслийн шатандаа явж байна. "Golden park I,II", "Түвшин Өргөө", "Цоглог хотхон" зэрэг хотхон нь сургууль, цэцэрлэггүй, нийгмийн үйлчилгээ хүртэж чаддаггүй, автомашины байрлуулах зогсоолгүй гэх зэргээр шүүмжлэл нилээн дагуулдаг. Тиймээс бид энэ жил гурван байршилд газар дор автомашин зогсоол барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгуулаад байна.

Мөн хорооны зарим нэг орон сууцны иргэд аж ахуйн нэгж, байгууллагатай ижил тарифаар цахилгааны төлбөрөө төлдөг байсныг энгийн тариф руу шилжүүлэх, цахилгааны төлбөрийн илүү төлөлтийг болиулах, орон сууц өмчлөлийн гэрчилгээтэй болгох зэрэг ажил хийж гүйцэтгээд байна.

"Golden park" хотхоны хүрээнд ирээдүйд хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам тавих, сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдана, банкны үйлчилгээ нэвтрүүлнэ, онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэхэд саадгүй болох, явган хүний зам гаргах эсвэл нэг урсгалтай автомашины зам тавих зэрэг ажил хийхээр төлөвлөж байна. Ингэснээр Golden park хотхоны 8000-аад оршин суугчдын тав тухтай орчин бий болно гэж бодож байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Вокзалын баруун хойно, байрлалтай Төмөр замын хоёр давхар шар байшингууд дахин төлөвлөлт явагдаж, арван хоёр давхар орон сууцнууд баригдахаар төлөвлөж байна. Тиймээс ирээдүйд манай хороо 30-аад мянга өрхтэй өнөр өтгөн, том айл болох төлөвтэй байгаа учраас төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй байна. Төвлөрлийг сааруулах, автомашины зогсоол, гүүрэн гарц барих хэрэгтэй. Энэ ч үүднээс Нарны замыг Баруун үйлдвэр, Ажилчны гудамжтай холбох гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна.

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.