Мэндчилгээ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА
2016.02.08

Мэндчилгээ

Эрхэм хүндэт Авто замчид, зам хэрэглэгчид ээ,

Та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.

Билгийн тооллын XVII жарны Гал Бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол орноо замжуулах үйл хэргийн төлөө бүхий л бие сэтгэл оюунаа зориулж ирсэн үе үеийн замчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Улиран одож буй Хөхөгчин хонь жил авто замчин бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө.

Авто замчид бид Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэхээр амжилттай ажиллаж байна.  2015 онд манай замчид 15 чиглэлийн 989.6 км авто зам, 839.5 у/м  гүүрийг барьж ашиглалтанд оруулаад байна.

Монгол эх орныхоо өнцөг булан бүрт түмэн олныхоо аялах алтан шар замыг барьж, засч буй олон зуун замчид, нийт хамт олон, зам хэрэглэгч Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраа айл хотол, ахан дүүсээрээ өргөн дэлгэр тэмдэглэж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 Алтан шар замын хишиг буян

Ашид мөнхөд ивээх болтугай.

 МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ        Т.БЯМБАА