Ард  түмэн  өөр замаар явъя гэж бодож байвал удирдагчдаа  солих цаг болсон
Улс төр менежментийн акедемийн Ерөнхий захирал Д.Уламбаяр
2016.01.20

Ард түмэн өөр замаар явъя гэж бодож байвал удирдагчдаа солих цаг болсон

Улс төр менежментийн акедемийн Ерөнхий захирал Д.Уламбаяртай ярилцлаа. 

Таны намтарыг уншиж байхад нягтлан бодогч, эдийн засагч гэсэн мэргэжилтэй, төрийн алба хашиж байгаад гэнэт  “Завханы мэдээ” сонины эрхлэгчээр ажиллах болсон байна. Яагаад мэргэжил, салбараа өөрчлөх болов?

Анх сургуулиа төгсөөд  Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  ажилд орсон. Тэнд  гурван жил гаруй ажилласан.  Тухайн үед хөдөө орон нутагт хувийн чөлөөт хэвлэл  гэж байдаггүй байлаа.  Тиймээс хэсэг найзуудтайгаа нийлэн хувийн хэвшилд тулгуурласан орон нутгийн  чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл  бий болгохоор шийдэн 1996 онд  “Завхан мэдээ”  сониныг  байгуулсан.  Гурван  жил орчим  ажиллахдаа сонины газраа өргөжүүлэн, орон нутагт анхны FМ,  анхны телевизийг  байгуулж байв.  Богино  хугацаанд ажилласан ч их зүйлийг сурч, олон юмыг ойлгосон. Санхүүжүүлэх арга замаа олж чадаагүй, ажиллах боловсон хүчний хомсдол зэрэг олон юмнаас шалтгаалж  дампуурсан.  Тэр үед хүмүүс мөнгө төлж өөрийгөө сурталчлах талаар ямар ч ойлголт байхгүй, ийм юмыг огт хүлээж авдаггүй байлаа.

Сонины эрхлэгчээр ажиллаж байгаад  аймгийнхаа  Залуучуудын холбооны тэргүүнээр  ажиллажээ? 

Залуучуудын холбооны ажил бол төсөв, цалин мөнгө байдаггүй сонгуульт ажил байсан. Гэвч би энэ  байгууллагад би их хайртай байдаг. Залуучууд ямар нэг мөнгө төгрөг бодолгүйгээр  сайн дурын ийм холбоо, ТББ-уудын үйл  ажиллагаанд идэвхтэй оролцож байгаасай.   Намайг хүн болж хүмүүжихэд Залуучуудын холбоо  маш их хувь нэмэр оруулсан гэж боддог.

Урьд нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл хэдийгээр нэг намын  бэлтгэл хүчин  байсан ч  төрд ажиллах хүмүүсийг залуугаас нь бэлтгэх үүргийг   гүйцэтгэж байв.  Тухайн үеийн  манлайлагчид болох хүмүүс бүгд л залуучуудын байгууллагаар дамжин бэлтгэгдэж, зохих  шалгуурыг давж  дараа нь тэднээс  шигшигдэж  төр, засгийн байгууллагад удирдах албан тушаалд  дэвшүүлэн   ажиллуулдаг байсан.  

"Өнөөдөр   дурын этгээдүүд намаараа дамжин  гарч ирж төр засгийн хариуцлагатай ажил албан тушаалыг  авилга авч, амин хувиа бодож, довоо шарлуулах хэрэгсэл болгон ашиглаж  байгааг  харахад  тэднийг бэлтгэдэг, хат суулгадаг тогтолцоо  дутагдаад байгаа нь илт анзаарагддаг"

Залуучуудын Холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа хувь хүний хөгжил, манлайллын тухай судлах, ярих,  хичээл ном бэлтгэж  заах хэрэгтэй юм байна даа гэж бодогдсон. Бас өөрийгөө сайн багш, сайн лектор болох талаар хичээж суралцах шаардлагатайг  ойлгосон. 

Анх ямар сэдвээр лекц уншиж байсан бэ? 

Тэр үед манлайлал гэдэг сэдэв бол хэний ч ярьж байгаагүй цоо шинэ зүйл байсан. Энэ талаар  миний  анх   уншиж үзсэн ном бол Өмнөд Солонгосын бизнесмений тухай “Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна” гэдэг ном байв.  Түүнийг санааг нь хулгайлан   лекц бэлтгэж уншдаг байлаа.  Энэ ном  миний толгой уруу  тоншоод авах шиг болж билээ.  Надад дэлхийн  хүмүүс ингэж амьдарч, улс орныхоо хөгжилд хувь  нэмрээ оруулдаг юм байна гэдгийг мэдрүүлж чадсан.

Залуучуудын  холбооны тэргүүн байхдаа цаашид хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болох санаа төрөв үү?

Залуучуудын  холбоонд  байхдаа  “Эх орон” намд элссэн. Тус намыг Завхан аймагт байгуулалцаж явлаа. Тухайн үед Б.Эрдэнэбат даргыг  Монгол орныг өөд нь татаж чадах хүн гэж итгэж найдаж энэ намд орсон. Энэ намд ороход Ким Ү Жүний ном бас нөлөө үзүүлсэн байх. Харамсалтай нь энэ итгэл маань талаар болсон. Хөдөөгийн аймгийн жирийн гишүүнээс намынх нь төв апаратын ажилтан болтол амьдарлынхаа  хамгийн идэвхтэй 10 жилийг энэ намтай холбосон.  Ойлгосон зүйл бол Монголчууд бид жирийн иргэнээсээ эхлээд төрийн тэргүүн хүртэлээ бие биенээ, улс орноо гэсэн  сэтгэл зүрх, ёс  жудаг  үгүй болсон юм байна.  Тиймээс хувь хүний хөгжил тал руу анхаарч ажилладаг сургалтын байгууллага байгуулж  яагаад болохгүй гэж гэсэн санаа төрсөн. 

Өнгөрсөн хугацаанд “Өөрийгөө удирдагч, манлайлагч болгон хүмүүжүүл”, Албан тушаал ахих төлөвлөгөө” “Хүчирхэгээр тэмүүлж амьдралаа өөрчлөх арга” зэрэг сэдэвтэй лекц,  сургалтуудыг зохион байгуулж байжээ. Та эдгээр лекц сургалтыг хийхдээ өөрийгөө хэрхэн  бэлтгэдэг вэ?

Одоо бодоход илтгэх урлагийн талаархи албан ёсны ямар нэг сургалт семинарт хамрагдаж үзээгүй юм байна. Харин  дэлхийн  хэмжээний олон гайхалтай илтгэгч нарын  лекц,  илтгэх урлагийн талаар бичсэн ном,  видео бичлэгүүдийг  үзэж тэдний нүүрний хувирал, гарын хөдөлгөөн, санаагаа илэрхийлж буй байдлыг нь ажиглан харж,  илтгэлүүдийг нь уншиж судлах замаар суралцсан.  Ер нь хүн илтгэл  тавихад өөрөө эхлээд  өргөн хүрээтэй  мэдлэг,  мэдээллийн бааз  суурьтай болох хэрэгтэй. Үүний тулд маш их зүйлийг уншиж судла.

Дараа нь бэлтгэж буй сэдвээрээ өөрийн судалсан мэдээллийн 10-аас илүүгүй   хувийг хүмүүст хэл. Үүнээс хэтэрвэл нуршуу сонирхолгүй болно.   

"Миний хувьд лекцийн сэдвээс үл хамааран өөрийн хэлэхийг хүссэн   санаагаа бодит хөрсөн дээр буулган  хүний анхаарал татахуйц онцгой үг, онцгой  баримт, зураг, жишээгээр баяжуулдаг"

Онолын, номлолын шинжтэй зүйлээс аль болох татгалзахыг хичээдэг. Онолыг болж өгвөл  бага ангийн хүүхэд ч ойлгохоор хялбаршуул. Даруу бишээр хэлэхэд Хувь хүний хөгжил, манлайллын сэдвээр хичээл, илтгэл лекц тавихдаа Монголдоо нилээн дээгүүр орох байх  гэж  өөрийгөө үнэлдэг.

Та өөрөө залуучуудад, үлгэр жишээ байж удирдан манлайлж чадаж байна гэж итгэлтэйгээр хэлж чадах уу?  Та хүмүүст зөвөлгөө өгөх цаашлаад тухайн хүний хандлага, сэтгэлгээг  өөрчлөхөд хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн хүн мөн үү? 

Залуучуудын байгууллагад байхдаа, мөн акедемийг байгуулчихаад өөрийгөө их мундаг болчихлоо  гэж боддог байсан. Гэтэл хоёр, гурван жилийн дараагаас энэ бодол аажмаар үгүй болсон. Хүнд өөрийгөө мундаг хэмээн өөгшүүлж өвчигнөдөг тийм нэг үе байдаг юм шиг билээ.  Яг үнэндээ хичээл заах явцдаа л хувь хүний хөгжлийн талаар,  манлайлагч, удирдагч гэж ямар хүн байх ёстойг   өөрөө яс махандаа  тултал  мэдэж авсан.  Одоо Чингис хааны үзэл бодлыг ойлгохыг хичээж үүнтэй холбоотой зүйлийг олж цуглуулж уншиж бясалгаж байна. Үүнийг ойлгож чадвал дэлхийг эзэлж чадсан тэрхүү хүнийг  удирдах, ажиллуулах, нэг зорилго дээр нэгтгэж болох нууцыг нээж магад гэж горьдоод байгаа.  Хувь хүний хөгжлийн талаар, манлайллын талаар   ойлгох нэг хэрэг.

Яг үнэндээ хичээл заах явцдаа л хувь хүний хөгжлийн талаар,  манлайлагч, удирдагч гэж ямар хүн байх ёстойг   өөрөө яс махандаа  тултал  мэдэж авсан

 Харин  ойлгож мэдэрч чадсан  тэр  зарчмын дагуу  ажил амьдралаа зохицуулж, түүнийгээ мөрдлөгө болгон амьдрах хамгийн хэцүү зүйл юм билээ.  Цаашид өөрийн сурсан, мэдсэн, сонссон зүйлүүдээ   өөрийн  амьдралын хэвшил, дадал зуршил болгон  эзэмшихийн төлөө, бас хүмүүст  хүргэхийн төлөө сайн хичээж  ажиллая гэсэн бодолтой байна. Манлайлах чадварын талаар заадаг маш олон багш нартай уулзаж байлаа.

Тэдний олонхи нь онолын хувьд их мэдлэг хуримтлуулсан хэдий ч өөрөө бодит амьдралд  хэрэгжүүлж үзээгүй, манлайлагч болох хэрэгтэй гэсэн мөртлөө манлайлж үзээгүй, эрсдэл хийх хэрэгтэй гэсэн мөртлөө нэг ч удаа эрсдэлтэй алхам хийж үзээгүй  байдаг. Өөрөө  ийм байж хүнд ойлгуулж чадах уу. Эргэлзээтэй л юм.

"Би өөртөө  сайн удирдагч, сайн манлайлагч  болох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа"

Түүний төлөө хичээнгүйлэн ажиллах болно.  Мөн өөрийн хүч чадлаа  улс төрд  сорьж үзэх санаатай  байна.  Учир нь энд урьж  залагдаад ч юм уу, арын хаалгадаад орох ямар ч боломжгүй салбар. 

Таны уншсан лекцүүд дотроос “Албан тушаал ахих төлөвлөгөө “гэдэг лекцийн нэр сонирхол татлаа. Таны өөрийн албан тушаал ахих төлөвлөгөө юу вэ? Та өөрийн хүссэн албан тушаалдаа хүрч чадсан уу?

Хүн хэрэв өөрийгөө бусдын өмнөөс хариуцлага хүлээх түвшинд хүрч ажиллаж чадна хэмээн  бодож байгаа бол оюутны ширээнд байхдаа л энэ тухай эргэцүүлж эхэлвэл сайн. Хүн удирдах хариуцлагатай ажил хийхийн тулд  өөрийн алхаа гишгээ, архи дарс, авгай хүүхэд,  үг хэл   гээд олон юман дээрээ эртнээс анхаарах хэрэгтэй.   

Улс төр менежментийн академи

Өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал таны нүдээр? 

Монгол Улс баахан  Ерөнхийлөгчтэй  болсон. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга нар гэх мэт. Бүгд эрх мэдэлтэй, би мундаг гэж цээжээ дэлдсэн хүмүүс байдаг. Тэд үзэл бодол, зорилгоор нэгдээгүй. Манай улс үргэлж бие, биенээ татаж унагах, өөрийн  хамаардаг бүлэглэлд өчүүхэн ч болов  ашиг олохын   төлөө тэмцэлддэг дов жалганы  ноёдын улс болж хувирсан.   Энэ өрсөлдөөнөөс улс орон, ард түмэн хохирдог. Нөгөө талаас нийгмийн  шилжилтээс шалтгаалж   хувь хүний мөс чанар, ёс жудаг алдагдсан.

Айл хүний амь нэг хэмээсэн  төрөлх сайхан зан чанарыг сэргээх хэрэгтэй

Хүн бүрт  би л болж байвал болно гэсэн  амиа  хичээсэн зан төлөвшсөн. Айл хүний амь нэг хэмээсэн  төрөлх сайхан зан чанарыг сэргээх хэрэгтэй. Үүнийг улстөрчид  манлайлж  хийвэл  хурдан хугацаанд төлөвшиж тогтох боломжтой.  Багш хүнийхээ хувьд  үүнийг өөрийн чадах чингээгээр хаа явсан газраа хэлж ярьж явдаг боловч бүх хүнд хүргэж ойлгуулж чадахгүй байна. Харамсалтай нь  биднийг  удирдаж  байгаа  хүмүүс ийм эрхэм зан чанаргүй учраас  ард түмэн тэдний нөлөөнд  автаад  зан ааш нь эвдрээд төлөвшиж тогтож чадахгүй байна гэж бодогдох болов.

Одоо тэгээд яах вэ? 

Монголын төрийн тогтолцоонд, бизнесийн харилцаанд, энгийн иргэдийн аж амьдралд байгаа   улс төрчидийн  нөлөөг байж болох хамгийн доод түвшинд хүргэх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд энэ маш хэцүү. Гэхдээ үүнийг  заавал хийх ёстой. Ингэх хамгийн ойрын боломж бол энэ оны сонгууль байгаасай. Бүх шатны сонгуульд бие даагчид олноор ялж чадвал  намуудын  хүлээснээс салахад их том ахиц гарна. Зүгээр суухаар зүлгэж суу гэж  хэсэг хүмүүстэй хамтран  “Бие даагч иргэдийн холбоо” гэсэн төрийн бус байгууллага  байгуулсан. Сонгуульд бие дааж нэр дэвших сонирхолтой хүмүүст туслах зорилготой.

Харин энэ жил түүхэн өөрчлөлт болоосой

Одоо байгаа улстөрчид сүүлийн 25 жилийн туршид өндөр албан  тушаалыг хашсан хүмүүс. Дахиад 20 жил ч өндөр албан тушаал хаших бололцоотой. Гэхдээ тэдэнд би лав  итгэхээ больсон. Тэднийг Монгол Улсыг хөгжлийн шинэ шатанд гаргаж чадна гэсэн итгэл, үнэмшил  байхгүй болсон. Харин энэ жил түүхэн өөрчлөлт болоосой . Монголын ард  түмэн арай өөр замаар явъя гэж бодож байвал удирдагчдаа, улс төрчидөө  солих цаг нь ирсэн. Ард иргэд үүнийг анхаараасай.

“Монгол хүний хөгжил, төлөвшлийн ДЭЭД  УХААН”  номыг яагаад бичих болов? 

Энэ ном миний 7,8 жилийн хөдөлмөрийн үр дүн. Үүнээс гадна хэвлэхэд бэлэн болсон хоёр ч ном бий. Хувь хүний хөгжлийн талаарх  бусад  номнуудаас  шинэлэг, өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанарыг агуулсан  байх ёстой гэж бодож бичсэн. Ирэх жилээс  дараа, дараагийн номоо хэвлэх төлөвлөгөөтэй байна. Би Монгол  хүний ёс зүй, үнэт зүйлийн цогцыг бий  болгох шаардлагатай гэж үздэг хүний нэг . Бид цөөхүүлээ учраас даяарчлалд живэх  аюул бий.  Үүнээс сэрэмжлэх цорын ганц гаргалгааг үндэсний эрх ашиг, үндэсний ёс зүй, үндэсний үнэт  зүйлс юу вэ гэдгийг  тогтоох  явдал гэж итгэдэг.

" Бид  баялаг түүхтэй, нуугдмал боломж ихтэй,  өндөр ёс суртахуунтай байсан ард түмэн"

Харин одоо үеийнхэн ямар болсныг бүгд мэдэж байгаа. Түүх, домгоо ярих нэг хэрэг харин үүнээсээ  санаа авч, орчин үеийн хэв маягт тохируулан өөрчлөх замаар ард түмнээ   дэлхийн  түвшинд өрсөлдөх чадвартай болгон хүмүүжүүлэх  талаас нь бодож сэтгэж явах ёстой   юм шүү гэдэг санааг хүмүүст  төрүүлээсэй   гэсэн хүслээр энэ номыг бичсэн юм. Нөгөө талаар даяарчлал, ардчиллаас үүдэн эвдэрсэн ийм сэтгэлгээтэйгээр цааш  хөгжинө  гэвэл олигтой үр дүнд хүрэхгүй байх.  Харин  өөрийн улс үндэстний язгуур мөн чанараа олж түүн дээрээ тулгуурлан ажиллаж  чадвал илүү үр дүнд хүрэх байх.

Таны эрхлэн явуулдаг  сургалт бусдаасаа юугаараа давуу талтай юм?

 Хувь хүний, хөгжил төлөвшилийн талаар  7-8 нэр төрлийн  хичээл ордог. Эхэндээ үүнийг хүмүүс ойлгодогүй   сургалтын байгууллагууд  энэ талаар ярьдаггүй  ямар ч хэрэггүй зүйл гэдэг байсан.  Одоо харин хувь хүний  хөгжлийн талаар хүмүүс ойлгож  ярьж хэлдэг болж. Энэ маш сайн зүйл.  Бид шинжлэх ухааны боловсролоос илүүгээр хувь хүний хөгжлийн асуудлыг анхаарах  ёстой. Хүнээ эхлээд  хүн болгож байж л дараа нь мэдлэг  боловсролтой болгох, мэргэжилтэй болгох   асуудалыг   ярих нь зүйтэй гэж бодож байна.

Бид шинжлэх ухааны боловсролоос илүүгээр хувь хүний хөгжлийн асуудлыг анхаарах  ёстой
Сургалтын үр дүн ямаршуу байна?

Манай  төгсөгчид их амжилттай яваа. Тэд өөрсдийн гэсэн тодорхой зорилготой болсон.  Зорилгынхоо төлөө шаргуу зүтгэх эрч хүчийг олж авсан.  Ямар нэгэн байдлаар өөртөө сайн өөрчлөлт хийж чадсан  гэдгийг баттай хэлж чадна. Дотоод сэтгэл, сэтгэхүй талаасаа их өөрчлөгддөг. Хөдөө орон нутгийн төгсөгчдөөс олон хүмүүс тухайн аймаг, орон нутгийнхаа ИТХ, Засаг дарга, багийн дарга зэрэг албан тушаалд томилогдсон.

 Өнөөгийн залуучууд өөрийгөө хөгжүүлэхэд хэр анхаарч байна вэ? 

Хүсэл тэмүүлэл ихтэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь хангалтгүй.  Маш олон залуучууд өөрийгөө хөгжүүлэх гэдгийг гадаадад сурах явдал хэмээн ойлгож байна. Гэтэл хоёр  гурван их дээд  сургууль  төгсөөд, магистр, докторын зэрэг хамгаалсан  байхад хийх    ажил олдохгүй  явдал ч  байна.   Хүмүүсийн олонхи нь юуны төлөө суралцаж байгаагаа ойлгохгүй байна гэхэд хилсдэхгүй.  Хэзээ нэг цагт хэрэг болж магад хэмээн сураад л сураад л байдаг. Гэтэл сурсан мэдсэнээ ашиглах газар олддоггүй, эрдэм мэдлэг нь амьдралд нь  наалддаггүй.  Тиймээс надад Монгол залуу хүний стандартыг бий болгох хэрэгтэй юм байна гэдэг бодол бий.

Улстөр менежментийн акедеми одоо ямар хөтөлбөр дээр ажиллаж байна вэ?

Өнгөрсөн оны 9 сараас  манайхан “Зөв Монгол залуу” гэсэн хөтөлбөр  хэрэгжүүлж  байна. Энэ ажлын хүрээнд   1000 залууг дэмжих, сургах, мэргэшүүлэх, чадвал ажилд оруулж өгөх санаатай. Эдийн засгийн хямралын энэ үед тэдэнд жаахан ч болов тус нэмэр  хүргэж чадах  байх хэмээн найдаж  байна.

Академийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

Монголчууд дэлхийн хэмжээний улсыг байгуулж байсан. Өвөг, дээдэс  минь тухайн  үедээ дэлхийн хамгийн шилдэг  менежментэй,  маркетингтай,  удирдах арга барилтай, сайн технологийг   эзэмшсэн байсан болоод тэр байх. Түүнээс биш ид шид гэнэт үйлчлээд дэлхийг эзэлчихээгүй байх.

Тиймээс тэр үеийн менежмент, удирдлагын арга барилыг судалж, учрыг нь ойлгож түүнийгээ  орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтуудаар баяжуулан  гайхамшигтай,  цоо шинэ  удирдлагын загварчлал, арга барилыг  бий болгох боломж байх ёстой. Яг ийм сургалт судалгааны ажил хийдэг дэлхийн хэмжээний удирдахуйн ухааны их  сургуулийг Монголд байгуулах юмсан гэсэн мөрөөдөлтэй  байдаг. Ойрын 10-15 жилдээ уг санаагаа  хэрэгжүүлэхийг зорьж байна.  

 "Манай энэ  сургуулийг төгссөн хүнийг компаниуд булаацалдаад авдаг, гэхдээ бүр удирдах албан тушаалд шууд очих  хэмжээнд бэлтгэж  төгсгөдөг бол мөн ч сайхан даа"
Гэр бүлээ танилцуулбал? 

Эхнэр, хүү, охинтойгоо  дөрвүүлээ  амьдардаг. 

Академиа удирдахдаа таны баримталдаг гол зарчим юу вэ?

Аливаа шийдвэр гаргахдаа Монгол үндэстний эрх ашигт нийцүүлэх, ёс зүйн шалгуурт нийцүүлэн,  мөн хууль дүрэмтэй зөрчилдөхгүй байхыг хичээдэг.

Ярилцсанд баярлалаа.