Гал унтраах автомашины сэлбэг хэрэгслийг нийлүүлнэ
Гал унтраах автомашины сэлбэг хэрэгслийг нийлүүлнэ
2016.01.19

Гал унтраах автомашины сэлбэг хэрэгслийг нийлүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Жайка)- ийн төлөөлөгчийн газрын зөвлөх, инженер Үзава Кожи, тус агентлагийн ажилтан Мицу Мараяма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд анх 2003 онд Нийслэлийн онцгой байдлын газарт 17 ширхэг гал унтраах автомашин хандивлаж байсан. Эдгээр автомашинуудын зарим тоног төхөөрөмжүүд энэ хугацаанд эвдэрч элэгдсэн, шинээр сэлбэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Уулзалтын үеэр гал унтраах автомашинуудын тоног төхөөрөмжийг Япон улсаас  нийлүүлэх дараагийн төслийн талаар ярилцлаа.

Японы талаас шинээр сэлбэх автомашин нэг бүрийг нягтлан үзэж судалгаа хийжээ. Эхний ээлжинд нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг энэ ондоо багтаан нийлүүлж дуусгах юм байна.

Мөн уг уулзалтаар “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх талаар хоёр тал тохиролцлоо.  Уг төслийг ОБЕГ-т хэрэгжүүлж, БХБЯ, БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ, МХЕГ хамтран оролцох юм.