Б.Бат-Эрдэнэ: Үг хэлснийх нь төлөө хавчин гадуурхдаг явдал хэдэн жилийн өмнө үгүй болсон
2012.03.21

Б.Бат-Эрдэнэ: Үг хэлснийх нь төлөө хавчин гадуурхдаг явдал хэдэн жилийн өмнө үгүй болсон

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа
-Та өнөөдөр (өчигдөр) "урт нэртэй" хуулийн хэрэгжилтийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа, өмнө нь ч тавьж байсан. Тухайн үеийн асуулгын үр дүн ямар байсан бэ. Энэ удаа чухам ямар дэвшил авчирна гэж бодож байна вэ?

-УИХ-ын гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавьдаг, Энэ хүрээнд л асуулга тавьж байгаа юм. Ер нь хэн нэгэн гишүүнийг асуулга тавихад хуулийн дагуу хариулт өгөх асуудал хамтарсан Засгийн газрын үед их суларсан. Бүр хэдэн сараар хоцроож байж хариу өгөх нь жирийн үзэгдэл байсан. Миний хувьд өмнө нь тавьж байсан асуулгын үр дүн тодорхой хэмжээгээр гарсан. Тухайлбал, хуулийн хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, сав, усан сан бүхий газар, нуур цөөрөм, булаг шанд, ойн сан бүхий газруудын хилийн заагийг тогтоосон. Энэ бол маш олон сая цэгийн солбилцлыг олж байж хийдэг зүйл. Энэ ажлыг Усны газар, Ойн газар, Газрын кадастр, зурагзүйн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар зэрэг маш олон газрууд хамтарч хийсэн. Ингэснээр тухайн газарт байгаа тусгай зөвшөөрлүүдийн тоог гаргаж, эдгээрээс хэд нь дээрх хилийн заагтай давхцаж байна гэдгийг нарийн тооцоолж гаргалаа.

Энэ хуулийг гаргасан дараагийн томоохон ач холбогдол нь олгогдоод байсан лицензүүдийг эргэн журамлахад байсан.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар Монгол орны газар нутгийг ямар ч хяналтгүйгээр маш олон хүнд лиценз хэлбэрээр хуваагаад өгчихсөн байсан юм. Одоо эдгээрийг хураахад маш төвөгтэй байна. Гэхдээ 2009 онд нийт газар нутгийн 25 хувийг олгочихсон байсан бол хууль гарснаар энэ тоо 14 хувь болтлоо буурлаа. Энэ нь хуулийн заалтууд цочроо өгснийг харуулж байгаа юм.

-Таны асуулгад хуулийн хоёр заалт хэрэгжээгүй гэж дурдсан байсан. Яг ямар заалтууд юм бэ?

-Хуулийн дөрөвдүгээр зүйлд хуулийн дагуу тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай заасан. Энэ заалт бүрэн хэмжээгээр хэрэгжихгүй байгаа юм. Засгийн газраас 254 тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа гэх боловч түүнийхээ наймыг үндсэн орд байна гээд цуцлаагүй байна. Гэтэл тэр үндсэн орд гэдгийг ямар шалгуураар авч үлдэж байна вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Учир нь стратегийн орд газрууд нь "урт нэртэй" хуульд хамаарахгүй гээд заачихсанд байгаа юм. Тэгэхээр дээрх найман орд нь стратегийн ордын жагсаалтад орж байж "урт нэртэй" хуульд хамрагдахгүй болно гэсэн үг. Энэ мэтчилэн тодорхой болгох асуудлууд олон байна.

-МАН-ын нэр бүхий гишүүд фракц байгуулж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа. Тэдний дунд таны нэр бий...

-Энэ талаар лав л надтай ярьсан зүйл байхгүй. Бид дөрвөн жил гаруйн өмнө хамтарсан Засгийн газрын тэргүүн буюу намын даргадаа дөрвөн зүйлийн асуудлыг тусгасан албан шаардлага хүргүүлж байсан. Өргөх бичиг ч өгч байлаа. Тэр бичгийн үндэслэл нь маш тодорхой байлаа. Өөрөөр хэлбэл, намын дотоод эв нэгдэл, байгалийн баялгийн тэгш хуваарилалт, ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийн асуудал, Оюу толгойн гэрээний шинэчлэл гэсэн дөрвөн асуудлаар шаардлага тавьж байв. Тэгэхээр сүүлийн үед яригдаад буй фракц, эвслийн тухай яригдсан зүйл огт байхгүй гэдгийг хэлэх байна. Би болон нэр нь дурдагдсан гишүүдийн хувьд улс орны нийтлэг эрх ашиг, намын дотоод ажилтай холбоотой асуудлаар өөрсдийн байр сууриа тодорхой илэрхийлдэг хүмүүс. Ер нь намынхаа үйл ажиллагааг сайжруулах, дотоод ардчиллыг хөгжүүлэх, болохгүй байгаа зүйлийг засч сайжруулах чиглэлээр ажилладаг бүлэг, фракц манай намд бий. Ардчилсан намд ч байдаг. Энэ бол зөвхөн Монголд бий болоод байгаа асуудал биш төдийгүй ардчилсан, олон намын тогтолцоотой улс орнуудад байдаг л жишиг шүү дээ. Тэгэхээр энэ бол эвэртэй туулай үзсэн юм шиг үргээд байх асуудал биш Гэхдээ энэ нь улс төрийн сонгууль дөхөж байгаа ийм үед фракц үүснэ гэж хэлж байгаа хэрэг биш.

-Гэхдээ Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарын гишүүд хэвлэлд өгсөн ярилцлагадаа фракц байгуулж байгаагаа мэдэгдчихсэн шүү дээ?

-Тийм үү. Би түүнийг олж үзээгүй юм байна. Миний хувьд тийм зүйл байхгүй ээ.

-Тэр ч бүү хэл намынхаа гишүүдийг фракц байгуулах гэж байгааг мэдсэн намын удирдлагууд та хэдэн гишүүнд сануулга өгсөн юм биш үү?

-Мэдэхгүй байна. Тийм зүйл болоогүй. Болоогүй, байхгүй болохоор ингэж л хэлэхээс өөр юу гэхэв.

-Хэрэв үнэхээр намын ёсзүйн хорооноос тийм бичигирүүлсэн бол Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болох уу. Хүний үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх нь хуулиар олгогдсон эрх биз дээ?

-Тийм зүйл байхгүй байх аа. Өнөөдөр бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ. Нийтийн жишгээр л явж байна. Тийм болохоор хүнийг үг хэлснийх нь төлөө шахдаг, хавчдаг, гадуурхдаг явдал хичнээн жилийн өмнө үгүй болсон.

- Сонгох, сонгогдох эрх ч гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрх. Та хэдэн гишүүнийг дуугүй байхгүй бол нэр дэвших тойрог өгөхгүй гэж хэлсэн гэсэн. Магадгүй энэ нь та нарын үндсэн эрх болох сонгогдох эрхэд саад хийж байгаа хэрэг биш үү?

-Би дээр хэлсэн шүү дээ, хүнийг үг хэлснийх нь төлөө шахаж, хавчиж болохгүй. Тийм цаг үе өнгөрсөн гэж. Түүнийг эргэж яриад, аль нэг улс төрийн хүчинд наах гээд байж болохгүй шүү дээ. Өнөөдөр ардчилсан зарчмаар амьдрах нь нийгмийн хэв-шил болсон.

-Фракц байгуулсан гишүүд МАН-ыг МАХН-тай холбох чиглэлээр ажиллана гэдгийг та бас л сонсоогүй юу?

-Хэвлэл өөрсдийнхөөрөө, санаан зоргоороо л бичиж байхгүй юу. Намаас гарна гэсэн зүйл миний хувьд огт байхгүй. Үүнийгээ ч олон хэлж байгаа. Би МАН гэсэн нэрийг сэргээх үйл явцыг эхнээс нь дэмжиж байсан. Одоо ч тэр л байр суурь дээрээ байна. Энэ нэр бол өвгөдийн маань ерөөлтэй үгс. Нэг улс төрийн нам гэхээсээ илүүтэйгээр Монголын ард түмний эх орон, тусгаар тогтнолыг зангидсан цаанаа учир утгатай нэр.

-Фракц байгуулах гэж байгаа гэх Д.Балдан-Очир, Н.Ганбямба нар Б.Бат-Эрдэнэ гишүүнийг байр сууриа илэрхийлсний дараа энэ талаар ярина гээд байгаа. Тэгэхээр таны ярианаас фракц байгуулагдахгүй нь гэж ойлголоо. Зов үү?

-Манай намын бүлгийн мөр зэрэгцэн яваа гишүүдээс гадна УИХ-д байгаа бусад нам, улс төрийн хүчний хүрээнд надад итгэдэг, намайг хардаг хүмүүс бий. Энэ талаас нь л хандаж байгаа болов уу гэж бодож байна. Түүнээс бус өөр асуудал байхгүй.

-Тэгвэл хэрэв фракц байгуулагдаад таныг нэгдэхийг хүсвэл нэгдэх үү?

-Цаг хугацааны хүчин зүйл гэж бий. Одоо хоёр сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль эхэллээ. Энэ хугацаанд юун фракц, жигүүр байгуулах манатай. Энэ чинь цаашдаа зөвхөн намын дотоод асуудал гэхээсээ илүүтэйгээр улс орны ирээдүйн тухай, улс төрийн хариуцлагын тухай асуудал шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.