“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих үйлчилгээний төв" нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн Газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон ажил хийж байгаа. Тухайлбал: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С. Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг” өргөн барилаа.
Тус хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг энгийн хүмүүс, хамт олныхоо дунд хамран сурч боловсорч, ажиллаж, хөдөлмөр эрхлэх, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх төрийн бүх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох боломжийг бүрдүүлэхэд хуулийн гол зохицуулалт чиглэж байгаа юм.
Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сэдэвт сарын аяныг ХАХНХЯамнаас санаачлан зохион байгуулж дүнгээ гаргаж байгаа бол Хүүхдийн Төлөө Үндэсний Газар Чингэлтэй дүүргийн захын гэр хорооллын тусгай хэрэгцээт хүүхдийг дэмжих “ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг нээж байна.
Чингэлтэй дүүрэгт нийт 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 17,18-р хороонд 80 гаруй тусгай хэрэгцээт хүүхэд амьдарч байна.
Энэ төв нь үндсэн зорилго, зорилтынхоо хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүл, эцэг эхийг чадваржуулж ахуй, гэр бүлд суурилсан дэмжих үйлчилгээ үзүүлэх замаар нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илрүүлэх, үйлчилгээнд хамруулах, тэдний талаархи олон нийтийн хандлагад нөлөөлөх чиглэлээр сургалт, өдөрлөг, нийгмийн ажлын цогц үйлчилгээг хүргэж шинэ менежментээр ажиллана.
Эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэг:
Тус төвийг шинээр засварлан нээж ажлуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн санаачлага, оролцоо, манлайлал их байлаа. Эцэг эхчүүд төвийн байрны засал чимэглэл, цэвэрлэгээ үйлчилгээг өөрсдийн мөнгө, санхүүгийн нөөц боломжид тулгуурлан хийлээ. Мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст салбараас дэмжлэг үзүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс санаачлага, манлайлалтай ажиллаж, хүүхдийн сайн сайны төлөө хүч хөдөлмөр, сэтгэлээ зориулсан ээж М. Сарантуяа, ээж Я. Бямбасүрэн нарыг Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын Сайн үйлс, Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнан урамшууллаа.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР