Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойд
Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойд
2015.11.11

Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойд

Монгол Улсад статистикийн алба нь 1924 оны 11-р сарын 11-ний өдөр үүсгэн байгууллагдсанаас хойш эдүгээ 91 жилийн ойтойгоо золгож байна.

Энэ жилийн ойн өдөр нь НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоолоор 5 жил тутамд зохион байгуулдаг ‘Дэлхийн статистикийн өдөр"-тэй ойролцоо хугацаанд тохиож, дэлхий даяар статистикийн мэдээллийн хэрэглээг өргөжүүлж, олон нийтэд сурталчилсан ажил өрнүүлсэн жилтэй давхцаж буйгаараа онцлог Статистикийн мэдээлэл нь улс орнуудын хөгжлийн түвшнөөс үл хамааран түүх, соёлын ямар ч нөхцөлд баримт нотолгоонд тулгуурлан бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Монгол Улсын статистикийн алба нь олон улсын стандарт аргачлал, арга зүйгээр статистикийн тоо, мэдээллийг нэгтгэн. тооллого, судалгааг мэргэжлийн түвшинд явуулдаг төдийгүй 2011 оноос НҮБ-ын Статистикийн комиссын албан ёсны 24 гишүүний нэгээр сонгогдон ажиллаж, Ази, номхон далайн орнуудын статистикийн байгууллагуудын дунд нэр хүндтэй мэргэшсэн алба болж өссөн зэрэг амжилтаа төр засгаар үнэлүүлж, түүхт 90 жилийн ойгоороо Монгол Улсын төрийн дээд шагнал "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдсан билээ.

Үндэсний статистикийн алба нь 2015 онд Статистикийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулж, “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2015”-ыг зохион байгуулж буй ажлын амжилтаараа 91 дэх жилийн ойгоо угтаж байна.

Статистикийн тоон мэдээллийн бодит байдал, чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх нь ҮСХ-ны зорилго бөгөөд хамтран ажилладаг байгууллага, хэрэглэгчдээсээ статистикийн хэрэглээ, ач холбогдлын талаар ярилцлага авсныг толилуулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Статистикийн мэдээлэл бол үнэн зөв, харьцуулалт, цаг хугацааны давтамжтай судалгааны суурь мэдээлэл юм

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Статистикийн мэдээлэл бол анхан шатны нэгжээс цуглуулж, олон улсын аргачлалаар тооцсон үнэн зөв мэдээлэл бөгөөд цаг хугацаа, давтамж, харьцуулалтаараа удирдлагын шийдвэр гаргах, нийгэм эдийн засгийн бодлогыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Үнэн зөв, харьцуулалт, цаг хугацааны давтамжтай судалгааны суурь мэдээлэл болдгоороо зөвхөн удирдлагын түвшинд ч бус ШУ-ны байгууллага, судлаачид, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээнд ч эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байна.

Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар: ДНБ-ний нарийвчилсан тооцоо нь макро бодлогуудын эдийн засагт үзүүлэх нөлөөг богино хугацаанд харах, эдийн засгийн шинжилгээг нарийвчлан судлах боломж олгож байна

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд статистикийн байгууллага нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүдийг тооцооллын арга зүйдээ тусгах, шинэ тогтолцоонд тохируулан мэдээлэл цуглуулах хэлбэр, хамрах хүрээгээ өөрчлөх замаар статистик мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарч ирсэн. Үүний зэрэгцээ статистик мэдээллийг олон нийтэд тархаах арга, хэлбэр сүүлийн жилүүдэд шинэчлэгдэн, өргөжиж, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй болж байна.

Салбарын статистик мэдээллүүдийн арга зүй, хамрах хүрээг сайжруулан, ДНБ-нийг жилээр болон улирлаар тооцох аргачлалуудыг шинэчлэн боловсруулж, Үндэсний тооцооны систем 2008-д уялдуулах томоохон өөрчлөлтүүдийг сүүлийн жилүүдэд амжилттай хийсэн. Тухайлбал 2011 онд улирлын ДНБ-нийг үйлдвэрлэлийн аргаар оны үнээр, 2012 онд эцсийн ашиглалтын аргаар оны болон зэрэгцүүлэх шинээр тооцон, хэрэглэгчдэд хүргэсэн.

Энэ нь макро бодлогуудын эдийн засагт үзүүлэх нөлөөг богино хугацаанд харах, эдийн засгийн шинжилгээг нарийвчлан судлах, эдийн засгийн ирээдүйн төлөвийн төсөөллийг илүү дэлгэрэнгүй тооцоолох боломжийг бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачдад өгч, бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ зэрэгцүүлэх үнийн тооцоонд шаардагддаг аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индекс, барилгын өртгийн индекс зэргийг сүүлийн жилүүдэд шинээр тооцож, олон нийтэд тархаагаад байна.

Хэрэглээний үнийн статистик мэдээллийн хамрах хүрээ, давтамж өндөр байгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангадаг гэж бид үздэг. Тухайлбал хүнсний гол нэрийн бараа болон шатахууны үнийг 7 хоног тутам гаргаж байгаа нь бодлого боловсруулагчдаас гадна бизнес эрхлэгчдэд ч гэсэн нэн хэрэгцээтэй мэдээлэл болоод байна.

Эдийн засгийн салбар хоорондын хамаарлыг  харуулдаг Нөөц ашиглалтын хүснэгт, Салбар хоорондын балансыг 2000 оноос 4 удаа байгуулж, аргачлалыг шинэчлэн, далд эдийн засгийг тооцож оруулдаг болсон. Макроэдийн засгийн бодлогын нөлөөллийн шинжилгээний суурь өгөгдөл болдог энэхүү балансын үр дүнг эцсийн хэрэглэгчдэд түгээх зорилгоор сургалт, семинар зохион байгуулж, ном хэвлүүлсэн нь хэрэглээг илүү хялбар, хүртээмжтэй болгосныг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм.