Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжуулаад баталвал сайн хэрэг
БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2015.11.11

Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжуулаад баталвал сайн хэрэг

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга, БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд ямар зүйл тусгагдсан бол?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэн нэг хүн, хэдэн гишүүд хэлэлцээд шийдээгүй. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярилцсан.  Улс төр нь улсынхаа хөгжилд саад болох асуудал байгааг хүмүүс ярьсан.  Энэ удаагийн парламент УИХ-ын нэг дэд даргаар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр жил шахуу хугацаанд ажиллаж байгаа. Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг үндэслээд хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг цаг хугацаа зарж, олон цагаар хуралдаж, харьцуулалт судалгаа явуулсан.

Хамгийн гол нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулъя. Парламентын засаглалын хуулийн хэлбэрийг илүү төгөлдөржүүлье. Ерөнхий сайдын чадавхийг Үндсэн хуулиар сайжруулъя. Танхимаа өөрөө томилдог болгоё гэх мэтчлэн өөрчлөлт оруулсан. Орон нутгийн Засаг дарга нарыг  аймаг, нийслэлийн ИТХ шууд томилдог байхаар, ИТХ-д намаас нь нэр дэвшүүлдэг, Үндсэн хуулийн зарим заалтыг улам боловсронгүй болгож өгсөн.

 -Цаг хугацааны хувьд өөрчлөлт оруулж амжих уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслийг боловсруулах үүрэг хүлээсэн. Боловсруулсан төслөө гишүүдэд танилцуулсан. УИХ-д маш олон гишүүд өргөн барьсан. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах эсэх нь парламентад суудалтай намуудын зөвшилцөл, бүлгүүдийн харилцан ойлголцол, хамтарч ажиллах чадвараас шалтгаална. Үүнийг хэн нэг гишүүн амжуулж чадна гэж хэлэх боломжгүй. Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг амжуулаад батлаад явбал сайн хэрэг. Ард нийтийн санал асуулга явуулах замаар өөрчлөлт оруулъя гэсэн.

 -Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Танай эвслийн бүлгээс дараагийн сайдад томилох хүнийг Засгийн газар санал болгоно. Энэ талаар бүлэг дээрээ ярилцсан уу?

 -Энэ талаар одоогоор яригдаагүй байна.