"Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл" үндэсний V чуулган
МЗЭХ-ноос санаачилан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн V дахь чуулга уулзалтыг “ШИНЖЛЭХ УХААН БА ҮЙЛДВЭРЛЭЛ” сэдвийн дор2015 оны 11 сарын 11-ний өдөр Төрийн ордоны Их танхимд зохион байгуулах юм.
Энэхүү “Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний чуулган”-ыг өндөр, дээд түвшинд зохион байгуулахаар БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-тай хамтран ажиллаж байна.
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү эдийн засагт хэрхэн хүрэх талаар олон санал санаачлагыг төрийн болон хувийн хэвшлийн түвшинд гаргасаар байна. Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгон улмаар улс орны эдийн засгийг өсөлтөд хөтлөх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх нь бидний эхний алхам юм.
Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийг баялаг болгох зорилгоор Инновацийн тухай хуулийг батлуулан хэрэгжүүлж эхлээд даруй 4 жил өнгөрлөө, гэсэн хэдий ч МУ-ын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий, инновацийн түвшин доогуур байсаар байна. Гэвч үүнийг нөгөө талаас нь авч үзвэл Монгол Улс мэдлэг, технологи бий болгох, нутагшуулах шилжилтийн идэвхтэй үедээ явж байгаа, энэ нь өөрөө улсыг хөгжилд хөтлөх таатай нөхцөл болж болох юм. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бий болгоод байна.
Эдгээр хүчин зүйлсүүд нь эрдэмтэн судлаачдыг мэдлэгээ баялаг болгох хангалттай нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй биднийг энэхүү үйл явцад идэвхтэй оролцохыг шаардаж байна. Тэгвэл, энэ бүхэнд бидний үндэсний хэмээх тодотголтой шинэ санаа, мэдлэг, технологи бэлэн үү, түүнийг үнэлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх баялаг бүтээгчид бэлэн үү, энэ бүхэнд хариулт авах, эдгээрийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Монголын залуу эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч нар нэгэн өдөр чуулах гэж байна.
Чуулганд залуу эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдуудын төлөөллүүд, баялаг бүтээгч үйлдвэрлэл эрхлэгч нар болох 500 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.
Чуулганы зорилго:
Монгол улсын үйлдвэрлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээ, боловсролын үйл ажиллагааны одоо байгаа чадавхийг уялдуулах, төрөөс зохицуулах замаар эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
Чуулганы зорилт:
1. Шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн орчинг танилцуулах,
2. Судалгаа хөгжил (R&D) ба мэдлэгийн арилжаанд эрдэмтэн судлаачдын оролцоог тодорхойлох,
3. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт ба венчур хөрөнгө оруулалтын орчинг үнэлэх,
4. Монгол улсын технологийн түвшин болон технологи нутагшуулалтанд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох,
5. Үндэсний шинжлэх ухаан, технологийн паркын бий болгоход тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох
6. Залуу судлаач, эрдэмтэн нарт инновацийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, гарааны компани бий болгох хүсэл эрмэлзлийг төрүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих.
Чуулганаас хүлээгдэж буй үр дүн:
• Чуулганы салбар хуралдаан бүрээс гарсан нэгдсэн зөвлөмж, үр дүнг танилцуулна,
• Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болгох гарцыг тодорхойлох,
• Сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог тодорхойлон, тэдгээрийн үр ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавих,
• Аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэл, цөм технологи, стратегийн бүтээгдэхүүнийг тодорхойлон кластериар хөгжүүлэх бололцоог тодорхойлох,
• Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, санхүүгийн институтын үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох,
• Шинжлэх ухаан, технологийн паркын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гарааны бизнес, венчур хөрөнгө оруулалтыг дэмжих экосистемийг хөгжүүлэх гэх мэт.