Энх цагийн дайны төсөв
Оросын агаарын цэрэг Сири дэх Исламын бүлгийн байршлуудыг бөмбөгдөж байна
2015.10.09

Энх цагийн дайны төсөв

Оросуудын Сири улсад явуулж буй цэргийн ажиллагаа зарлага гаргах биш, эсрэгээрээ орлого авчирна гэж тус улсын Засгийн газар үзэж байна.

Сирийн удирдагчид Москвад хандаж цэргийн тусламж хүсэх үед ажиглагчид Сирид хийх дайнд хичнээн мөнгө зарцуулагдахыг тооцож байв. Харин Сангийн сайд Антон Силуанов олон нийтэд хандаж энэ ажиллагаа Батлан хамгаалах яамны өнөөгийн төсөвт ямар нэгэн хүндрэл авчрахгүй гэж мэдэгдэв. Ижил төстэй мэдэгдлийг Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга, Дмитрий Песков, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар хийв. Харин 2016 онд юу болохыг хэлсэнгүй. Тэгэхээр ОХУ энхийн цагт ч гэсэн дайны ажиллагаанд мөнгө төсөвлөдөг болж таарч байна.

Муудсан зэр зэвсгийн устгал ба цэргийн сургуулилт

Магадгүй оросууд дэлхийн гуравдугаар дайнд бэлдэж Исламын улсыг дарах зуураа сургуулилт хийж байна гэж  хэлэх хүмүүс ч байна. Гэхдээ үүнд итгэхэд бэрх. Оросын хувьд ийм хэмжээний дайн хийх чадал одоохондоо байгаа. ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин Сирийн ажиллагааг Оросын нийт армийн сургуулилттай харьцуулахдаа  “Сирийн дайнд Дорнод Украйнд зарцуулсан мөнгөнөөс бага мөнгө орно” гэж хэлжээ.

Түүнээс гадна албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирид голдуу БЕТАБ-500, ФАБ250ТС, ФАБ500ТС зэргийн хугацаа нь дуусч байгаа бетон дэлбэлэгч хуучин бөмбөгнүүд ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл дайнаар сургуулилт хийхээс гадна хэрэггүй болсон зэвсгийн устгал явагдаж байна.

Өмнө нь америкчуудын Ойрхи Дорнодод хичнээн их мөнгийг дайнд зарцуулж байгааг шүүмжилж асан Оросын хэвлэлүүд энэ удаа өөрийнх нь арми Сирид цэргийн төсвийн хичнээн хувийг зарцуулж байгаа тухай мэдээлэхийг хүсэхгүй байна.

Зарлага биш орлого авчрах дайн

Сирийн ажиллагааны эхний шат нь нислэггүй бүс байгуулах. АНУ-ын цэргийнхний мэдэгдэж байгаагаар оросууд ийм бүсийг хэдийнэ байгуулсан аж. АНУ нислэггүй бүс байгуулахад 500 орчим сая доллар зарцуулна. Хэрэв газраас дэмжлэгтэй, гэхдээ өргөн хэмжээний хуурай замын цэргийн ажиллагаагүй бол ойролцоогоор 1 тэрбум доллар шаардагдах аж.

Америкчуудын хувьд дайнд гаргасан зардлаа Персийн булангаас нөхөөд авчихна. Харин Орос зардлаа хаанаас нөхөх вэ? Башар Асадаас л лав биш. Түүнд өгөх юу ч байхгүй. Тэгэхээр Оросуудын гаргах мөнгө 1,5 тэрбум доллар орчим.

Энэ их үү, бага уу? Улс төрийн аллагад өртсөн Борис Немцовын хэлж байснаар 2015 онд Оросын цэргийн төсөв хоёр дахин нэмэгдэж 3,3 их наяд рубль буюу 50 тэрбум доллар болсон аж.

Тэгэхээр эхний шатанд Сирийн ажиллагаанд 1,5 тэрбум доллар гаргахад асуудалгүй. Хэрэв Сирийн ажиллагаа амжилттай болж рублийн ханш өсвөл энэ зарлага энэ оны төгсгөл гэхэд хэд дахин нугалсан дүнгээр эргэн төлөгдөнө.

Сири нь Оросын зэвсгийн гол худалдан авагчдын нэг

Улс төрийн эрсдэл

Оросууд Сирид дайн эхлүүлсэн гол шалтгаануудын нэг нь Барууны орнуудын дипломат шахалтыг болиулах зорилт юм. Ямартаа ч эхний алхам амжилттай болсон. Гэхдээ Америктай учраа олсон ч бусад хэд хэдэн оронд, ялангуяа Францад таатай санагдсангүй.

Өнөөдөр Москвагийн хамгийн аюултай өрсөлдөгчид бол Саудын Араб болон түүний холбоотнууд. Тэд Сирийн сөрөг хүчинг цэрэг, санхүүгээр дэмжээд зогсохгүй, 2016 оны эхэн гэхэд нефть олборлолтоо улам нэмэгдүүлж үнийг нь цаашид унагаахаар сүрдүүлж байна. Нефть хямд хэвээрээ үлдэж, Сирийн ажиллагаа сунжирвал Оросод том асуудал тулгарна.