Риогийн олимпийн салхийг урин дуудсан бага олимп үргэлжилж байна
“Баянхонгор бага олимп-2015"
2015.09.28

Риогийн олимпийн салхийг урин дуудсан бага олимп үргэлжилж байна

-“Баянхонгор бага олимп-2015” –ийн хэсгийн тоглолтууд өндөрлөлөө-

“Баянхонгор бага олимп-2015” энэ сарын 24-нд  ёслол төгөлдөр нээлтээ хийж, хонгор нутагт бага олимпийн бамбар бадамлан ассан билээ. Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж буй “Бага олимп” жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Энэ удаагийн олимп энэ сарын 24-29-ний өдрүүдэд Баянхонгор хот, Баянлиг, Бууцагаан зэрэг шинэ сумын төвүүдэд спортын 15 төрлөөр зохион байгуулагдаж байна. 

Х.Баттулга: Бага олимп нь залуусыг спорт, урлагт дууддаг хөдөлгөөн болж байгаа /УИХ-ын гишүүн/

“Баянхонгор бага олимп-2015”-ын бамбар асаах эрхэм хүндтэй үүргийг анх 2008 оны бага олимп зохиогдож байхад бяцхан хүүд өгч байжээ. Одоо 12 жилийн дараа гурав дахь удаагаа зохиогдоход хэдийнэ амжилтын эзэн болсон авьяаслаг залуу тамирчин болсон байна. Монгол Улсын нэрийн хуудас болоорой хэмээн хүндэт үүргийг түүнд хүлээлгэжээ. 

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат  2013 оны Өсвөрийн дэлхийн аваргын анхны Жүдо бөхийн хүрэл, 2014 оны Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын мөнгө, Өсвөрийн залуучуудын улсын таван удаагийн аварга, 2014, 2015 оны насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгө, хүрэл, Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар Баянхонгор хотын тэнгэрт Риогийн олимпийн салхийг урин дуудсан бага олимпийн бамбарыг асаасан юм.

Ер нь энэхүү бага олимп нь залуусыг спорт, урлагт дууддаг хөдөлгөөн болж байгаа.

Тус наадмын санаачлагч УИХ-ын гишүүн Монгол Улсын гаьяат тамирчин, Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Анх энэхүү олимпийг зохион байгуулах болсон шалтгаан нь олимпийн аваргатай болох л том зорилготой байлаа. Ер нь тамирчин байхдаа ч тэр, дараа нь ч тэр олимпийн аваргатай болох л хүсэл, мөрөөдөлтэй байсан.

Тиймээс 2008 онд Бээжинд олимп болох учир бүгд хүчээ нэгтгээд зүтгэе гэж шийдсэн. Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүний хувьд тус аймгаас олимпийн ирээдүйн аваргыг төрүүлэх хөдөлгөөнийг орон даяар дэмжиж явуулах болсон. Одоо бусад аймгууд ч бага олимпоо хийж эхэлсэн гэсэн таатай мэдээ байна. 

Тухайлбал, саяхан Ховд, Баян-Өлгий аймаг бага олимп хийсэн бол Эрдэнэт, Дархан  бага олимпоо тун удахгүй хийх гэж байгаа гэсэн. Ер нь энэхүү бага олимп нь залуусыг спорт, урлагт дууддаг хөдөлгөөн болж байгаа. Тиймээс энэ хөдөлгөөнийг бүгд дэмжээд хөгжүүлээсэй гэж бодож байна” гэлээ.

Н.Түвшинбаяр: Бага олимп шигшээ багийн тамирчдад маш том сэтгэлзүйн дэмжлэг болж байдаг

Үнэхээр ч Баянхонгорын бага олимп аль хэдийнэ нэр хүндтэй спортын томоохон наадам болж чаджээ. Учир нь бага олимпийн нээлтэд спортын олон “од” хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал, Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга хос медальт Э.Бэхбаяр, дэлхийн аваргын хүрэл медальт  Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, дэлхийн аварга  Г.Болдбаатар гээд олны танил аваргууд оролцож, тамирчдад амжилт хүслээ. Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр “2008 онд Монгол Улс маань олимпийн аваргатай болно гэсэн зорилготойгоор Бээжингийн олимпод оролцож байлаа. Энэхүү олимпийн өмнө Баянхонгор аймагт анхдугаар бага олимпийг зохион байгуулж байлаа. 

Бээжингийн олимпод явсан шигшээ багийн тамирчид бидэнд маш том сэтгэлзүйн дэмжлэг болж байсан. Одоо ч болсоор байна. Энэхүү бага олимпийн дараагаар би олимпийн аварга болсондоо баярлаж явдаг шүү гэдгийг хэлмээр байна. Ер нь бага олимп тухайн орон нутгийг ард иргэдийг спортоор амьсгалуулж, спортод хайртай болгодог. Тиймээс мэргэжлийн тамирчид бидний хувьд сэтгэл зүйн өндөр дэм болдгоороо маш их ач холбогдолтой байдаг” гэлээ. 

1500 гаруй тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөж байна

Олимпийн хос медальт Н.Түвшинбаяр “2008 онд Монгол Улс маань олимпийн аваргатай болно гэсэн зорилготойгоор Бээжингийн олимпод оролцож байлаа.

Баянхонгорын бага олимп анх спортын есөн төрлөөр явагдаж байсан. Харин энэ удаагийн олимп гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, хөлбөмбөг, жүдо, шатар зэрэг спортын 15 төрлөөр зохион байгуулагдаж байна. Бага олимп зохион байгуулагдах болсон нь хүүхдүүдэд маш их урам зориг хайрлаж, амжилт гаргахад нь маш сайн нөлөө үзүүлж байгааг “Баянхонгор бага олимп-2015”-ийн ерөнхий шүүгч н.Батсүрэн онцолж байлаа.

Тэрбээр “Манай Баянхонгор аймгийн өсвөрийн баг тамирчид маань Улсын аварга шалгаруулах тэмцээнээс жилдээ 3-30 медаль авдаг байсан. Харин өнгөрсөн онд 84, энэ онд 160 гаруй медаль авсан амжилт гаргаад байгаа нь бага олимпийн ач гавьяа гэж бодож байна” гэв. Энэ жилийн “Баянхонгор бага олимп”-ийн нэг онцлог нь төвийн, хангайн, говийн гэсэн гурван бүсэд хуваагдан болж буйгаараа өмнөх жилүүдийнхээс онцлог болж байна.

Бага олимпод Баянхонгор аймгийн 20 сумын баг, аймгийн төвийн ес, залуучуудын нэг баг нэмэгдээд 30 багийн 1500 гаруй тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тамирчид эдгээр өдрүүдэд шигшээ багийн тоглолтод оролцох эрхээ авахаар өрсөлдлөө. 

Говийн бүсийн шатрын тэмцээн өндөрлөлөө

Баянхонгор аймгийн төвөөс алслагдсан ч “Шинэ сум” төслийн хүрээнд бүрэн шинэчлэгдэж чадсан Баянлигийн буюу говийн бүсийн наадам явагдаж өндөрлөлөө. Тус суманд шатар, хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр шигшээ багуудыг шалгаруулах тэмцээнүүд явагдсан юм.

Энэ удаагийн наадмын шатрын тэмцээнд нийт 22 багийн 48 шатарчин оюун ухаанаараа өрсөлдсөн. Эрэгтэй шатарчдаас I багийн н.Одонгэрэл, VII багийн н.Бүрэндэлгэр, Алгоритм багийн н.Батбаатар,эмэгтэйгээс I багийн н.Норов, Баянцагаан багийн н.Цэцэгээ, Заг багийн тамирчин н.Мөнхзаяа нар шалгарлаа. Шатрын аваргуудын шагналыг энэ сарын 29-нд Баянхонгор аймагт болох бага олимпийн хаалтын ажиллагааны үеэр гардуулна. 

Н.Одонгэрэл: Амжилтаа ахиулан алтан медаль авсандаа баяртай байна

/Нэгдүгээр байрт шалгарсан I багийн тамирчин, спортын дэд мастер/ 

-“Баянхонгор бага олимп-2015” наадмын шатрын тэмцээнд түрүүллээ. Миний хувьд өмнөх хоёр удаагийн олимпод шатрын төрөлд тус бүр мөнгөн медаль авч байсан амжилттай. Энэ удаад амжилтаа ахиулан алтан медаль авсандаа баяртай байна. Энэ удаагийн шатрын тэмцээн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. 

Ш.Норов: Хүүхэд залуус маань спортод хайртай болж байгаа нь бага олимпийн ач гавьяа /I багийн тамирчин, спортын мастер/ 

-Би 64 настай хүн. Шатрыг тавдугаар ангид байхаасаа тоглож эхэлсэн. Тэгэхээр 59 жил шатар тоглосон байна. 5-10 дугаар ангид байхдаа сумын шатрын аварга, 9-10 дугаар ангидаа аймгийн аварга болж байлаа. Шатрын нэгдүгээр зэргийг 10 дугаар ангид байхдаа авч байсан. Өмнө нь зохион байгуулагдаж байсан бага олимпийн нэг алт, нэг мөнгөн медальтай.

Хүүхэд залуус маань спортод ийнхүү хайртай болж байгаа нь бага олимпийн ач гавьяа гэж боддог.

Одоо дахиад алтан медаль авч байгаадаа баяртай байна. Сүүлийн үед манай аймагт шатрын спорт их хөгжиж байгаа. Оролцогчид улам залуужиж байгаа нь тэмцээний оролцогчдоос харагдаж байна. Хүүхэд залуус маань спортод ийнхүү хайртай болж байгаа нь бага олимпийн ач гавьяа гэж боддог.

Шатрын спорт маш хэрэгтэй спорт. Учир нь шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд ухаантай, тэвчээртэй, маш эмх цэгцтэй болдог гээд сайн тал их бий. Тиймээс ч би ач, зээ нартаа шатар зааж өгч, багаас нь хамтдаа тоглодог юм. Үнэхээр баянхонгорчууд спортод хайртай, дуртай болж байгаагийн нэг илрэл нь жил ирэх тусам олимпод оролцож байгаа тамирчдын тооны өсөлт, улсын чанартай тэмцээн, наадмаас авч байгаа медалийн чанараас харж болохоор байна. Нутгийн тамирчид ч улсын чанартай тэмцээн наадмаас олон олон медаль авч байгааг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан олимпийг нээж, хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

Т.Дагвадорж: Бага олимпод шатрын төрлийг багтааж өгсөн нь сайн хэрэг 
/Говийн бүсийн шатрын тэмцээний ерөнхий шүүгч/

-Сумдууд орон нутаг дээрээ олимпийн өмнөх тэмцээнийг зохион байгуулаад аваргуудаа шалгаруулаад ирсэн. Тиймээс ч бага олимпод оролцож байгаа шатарчид маань эн тэнцүүхэн өрсөлдөцгөөж байна. Нэг онцлог нь өмнөх олимпуудыг бодвол Швейцарь системээр буюу хожсон тамирчин нь хожсонтойгоо тоглож байгаа болохоор нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. Ер нь сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд шатар сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Тухайлбал, сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд гэхэд л 200-300, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 600-700 хүүхэд оролцдог болсон. 

Дээр нь сумдууд шигшээ багтай байгаа. Тиймээс бүсийн тэмцээнүүдэд тогтмол оролцож амжилт гаргадаг болоод байна. Тодруулбал, Өвөрхангай, Архангай аймагт болдог бүсийн тэмцээнүүдэд тогтмол багийн төрлөөр 2-3 байрт ордог. Хувийн төрөлд 1-2 дугаар байр эзэлдэг хүүхдүүд ч байна. Тиймээс ч аймгийн шатрын холбооноос сар бүр тэмцээн зохион байгуулдаг болоод байгаа. Энэ нь бага олимпод шатрын төрлийг багтааж өгсөнтэй шууд холбоотой гэж боддог. 

Хагас шигшээд тоглох багууд тодорлоо 

Говийн бүсийн тэмцээний хагас шигшээд тоглох волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн багууд эдгээр өдрүүдэд тодорлоо. Тэмцээний эхний өдөр хөлбөмбөгийн шигшээ багууд тодорсон юм. Шигшээ багийн эрхээ Шинэжинст, 6 дугаар баг, Жаргалант, 8 дугаар баг, Эрдэнэцогт гэсэн багуудыг авсан юм. Харин волейболын хагас шигшээд орох багууд тодруулах говийн бүсийн тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр найман багийн 21 тоглолт явагдлаа. Улмаар Баянхонгор аймагийн төв болсон шигшээ тоглолтод эмэгтэй А хэсгээс 6-дугаар баг, Баянлиг, В хэсгээс Эрдэнэцогт, Шаргалжуут багууд, эрэгтэй А хэсгээс Баянлиг, Хүрээмарал, В хэсгээс Эрдэнэцогт, Шинэжинст багууд тус тус оролцох эрхээ авлаа.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр сагсан бөмбөгийн тэмцээн болж багууд хагас шигшээд орох эрхээ авлаа. Баянлиг суманд болсон сагсан бөмбөгийн тэмцээнд нийт эрэгтэй найм, эмэгтэй найман баг оролцож, хурд хүч, авьяас чадвараараа өрсөлдсөн юм. Улмаар эргтэй А хэсгээс Гэгээн шавь VI баг, Угалз IV баг, В хэсгээс Шинэжинст, Эрдэнэцогт, эмэгтэй А хэсгээс Угалз IV баг, Гэгээн шавь IV баг, В хэсгээс Шаргалжуут, Баянлиг багууд тус тус шалгарлаа.