Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг үү ?
Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд багаа илгээхээр зардлыг банкны хүүтэй зээл авчээ.
Энэ нь өнөөдөр гэмт хэрэг болов. Харин Л.Болд хүлээн зөвшөөрсөнгүй. Үнэндээ энхийг сахиулах ажиллагааг НҮБ өөрөө санхүүжүүлдэг. Энэ дагуу Монголын Засгийн газарт зохих төлбөрөө өгдөг ажээ. Л.Болд энэ эх үүсвэрээс банкны зээлийг хугацаанд нь эргүүлэн төлсөн. Ингэхдээ улсаас нэг ч төгрөг гаргуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, тэрээр ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хууль журмын хүрээнд хэрэгжүүлсэн байна.
Нөгөөтэйгүүр тэр үед зардал, мөнгийг нь шийдвэрлэх үүргээ Батлан хамгаалахын сайд Л.Болд хөсөрдүүлсэн бол Монгол Улс дахиад энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрхгүй болж, олон улсын тавцанд нэр нүүрээ хөөдөх байв.
Гэтэл одоо өнөөдөр энэ нь эсрэгээр эргэж Л.Болдыг буруутгах үндэслэл болж байгаа нь хачирхалтай.
НҮБ бол дэлхий нийтийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж, бие даасан гадаад, дотоод бодлоготой улс болохыг маань илтгэж байдаг томоохон байгууллага. Энэ утгаараа тус байгууллагатай хамтран ажиллах, өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэх нь бидний тусгаар тогтнолд хамаатай үйл хэрэг. Тиймээс энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн багаа санхүүжүүлэх шаардлага зүй ёсоор гарсан гэсэн үг. Гэтэл үүнийг хэрэгжүүлсэн арга хэлбэр, энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалах сувилал байгуулсан санаачлага зэргээсээ болж “эрүүгийн гэмт хэрэг” үйлдсэн мэтээр үзэл суртлын дарамтад ороод байгаагаа УИХ- ын гишүүн Л.Болд сая л ил тод хэлж байгаа нь энэ. Уг нь тэрээр нэлээн эртнээс энэ талаар Их хурлын танхимд байр сууриа илэрхийлж байсан ч өөр тийш нь мушгисаар ирсэн. Түүнийг бас яамны нэг албан хаагчдаа нэг өрөө 35 м.кв талбай бүхий орон сууц олгосныг гэмт хэрэг гэж байна. Аль ч байгууллага албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг жишигтэй.
Энэ мэтчилэн шалгаж байсан үндэслэл, асуудлаа АТГ нууцгүй ил болгосон учраас УИХ-ын гишүүн Л.Болд ч араас нь тайлбар хийх, ил тод ярих боломж энэ удаад бүрдэв бололтой. Тэрээр энэ бүхэнд бодит тайлбарыг хийгээд эхэлсэн. Ер нь авлигын эсрэг тэмцэл нь ардчилсан нийгмийн амин чухал асуудлуудын нэг хэдий ч үүгээр далимдуулан улстөрчдийн эсрэг үзэл суртал, зэвсэг болгон ашиглаж байгаа нь асар том гажуудал, бас эмгэнэл. Чухам ийм сануулгыг хэлж, ярих цаг нь болсон гэдгийг Өршөөлийн хуулийг дагасан олон баримт, үйл явдлууд харуулж байна.