400 ахмадад 100 мянган төгрөг нэмж олгоно
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.09.09

400 ахмадад 100 мянган төгрөг нэмж олгоно

МАХН-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг, Г.Дугаржав, О.Лхагвацэдэн нар оролцов.

 

УИХ-ын гишүүн  О.Баасанхүү хэлэхдээ “Өчигдөр Хууль зүйн байнгын хороон дээр МАХН улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлсэн хүмүүсээс, ар гэрийнхнээс нь уучлал гуй гэсэн. Тухайн үед МАХН нь төр нийгмийн чиг үүргийг давхар хариуцаж байсан. Харин одоо нам, төр хоёр тус тусдаа болсон.  Гэхдээ манай намын дарга өмнө нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний ар гэрээс уучлал гуйж байсан удаатай.

Хамгийн гол нь хилс хэргээр хэлмэгдсэн болон тэдний ар гэрт учирсан хор хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал яригддаг. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Л.Цог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэдийн нөхөн олговор болгон тэдний ар гэр, үр хүүхдэд нэг сая төгрөг өгөх хуулийн төсөл батлуулсан.

Тэгвэл манай намын зүгээс дахин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний хүүхэд гэгдсэн ч тухайн үеийнхний жишгээр овгоо солилгүй нийгмийн бүхий харилцаанд адлагдаж “Эсэргүүний хүүхэд” гэгдэж явсан өдгөө 78-92 насны 400 орчим ахмадад мөнгө олгох хуулийн төсөл санаачилж байна.

Эдгээр ахмадууд амьдралынхаа ихэнх үед эсэргүү хүний хүүхэд хэмээн хэлэгдэж, хамгийн муу ажил хөдөлмөрийг хийж ирсэн. Өнөөдөр тэтгэвэрийн мөнгө гэж 207 мянган төгрөг авдаг юм байна.  Тэдний тэтгэвэрийн мөнгөнд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгох тухай хуулийн төслийг маргааш өргөн барина.

Улсын төсөвт 400-500 сая төгрөг  нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Өөдрөгөөр асуудалд хандаж эдгээр ахмадууд 10 жил тэтгэвэр авна гэж  тооцоолсон. Гэхдээ биднийг энэ асуудлаар судалгаа хийх явцад 10 гаруй ахмад буурай бурхны оронд морилсон. Тийм болохоор улам л тоо нь цөөрч  байгаа тэдний асуудалд монголын төр хариуцлагатай хандаж, багахан цаг хугацаанд ч гэсэн мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна.

МАХН-ын санаачилсан энэ хуулийн талаар УИХ-ын даргад өнөөдөр дуулгасан. Нааштай хүлээж авахаа хэлсэн. Яагаад гэвэл Ардчилсан нам хэлмэгдүүлэлтийн эсрэг  байр суурьтай явж ирсэн” гэлээ.

Мөн тэрбээр “Орчин үеийн хэлмэгдүүлтийн талаар ч  хэлмээр байна. Тодруулбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр 305 иргэн өргөдөл ирүүлсэн. Тэд цөм улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн, намын харьяаллаар ажлаас халсан гэдгээ мэдэгдээд байна. Тиймээс эдгээр иргэдийн өргөдлийн дагуу ажиллаж байна. Төрийн албан хаагчдыг мэдлэг туршлага, боловсролоор нь үнэлэхгүй, үзэл бодлоор нь өөр намын хүн хэмээн халдаг асуудлыг таслан зогсооно” гэв.