Хамтын ажиллагааны талаар санал солилцов
ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.08.06

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

ХХАА-н сайд Р.Бурмаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатарыг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж байгааг онцлон тэмдэглээд, Төрийн тэргүүн нарын түвшинд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хийгдсэн яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулах шаардлага байгааг зөвшөөрч, ажил хэрэгч саналуудыг дэвшүүлэв.

Сайд Р.Бурмаа Өвөр Монголоос мах, сүүний чиглэлийн үржлийн ямааг импортлон, манай орны цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг хүслээ. Тэрээр цаашид Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон малыг ялган тэмдэглэх, гарал үүслийг тогтоох тогтолцоог бэхжүүлэх, дотоодын нөөц бололцоонд түшиглэн тэжээл үйлдвэрлэж сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний тэжээллэг чанар, гарцыг нэмэгдүүлэх мөн малын эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр техник арга зүйн туслалцаа авах, сургалт зохион байгуулах, хил дамнасан малын халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулж ажиллах зэрэг хамтын ажиллагааны тодорхой саналыг дэвшүүллээ.

Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол суманд байгуулах гэж буй хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд өндөр үржил, шимтэй үүлдрийн мал нутагшуулах, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахад Өвөр Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Газар тариалан таримлын үр, хүнсний ногоо, тэжээлийн ургамал болон усжуулалтын чиглэлээр хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, бизнес эрхлэгчдийг холбох, хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал жимс, хүнсний ногооны худалдаа эрхлэгчдийг хооронд нь холбож өгөх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах нөөц бололцоо байгааг талууд зөвшөөрч, анхаарч ажиллахаар боллоо.

Сайд Р.Бурмаа манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчин, фермерүүд, инжинерүүдийг Өвөр Монголд богино, дунд хугацааны сургалтанд тогтмол хамруулах, сургалтын болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг Баатар даргаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дарга Баатар манай талын тавьсан хамтын ажиллагааны саналуудыг нааштайгаар хүлээн авч, ойрын хугацаанд хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулахаа илэрхийллээ.