Төр компаниудаар хийлгүүлсэн ажлынхаа хөлсийг вексель бичиж барагдуулахаар болжээ
Улсад хийж өгсөн ажлынхаа мөнгийг авч чадаагүй 286 компани ажилчдынхаа цалинг тавих, банкны зээлээ төлөх мөнгөтэй болох нь. Сангийн яам компаниудад үнэт цаас өгөхөөр болжээ.
Үнэт цаас буюу өрийн бичиг авсан компаниуд засагтай тохиролцсон арилжааны банкууд дээр очиж мөнгө авч, зээлээ төлөх боломжтой болох нь. Энэ мөнгийг нь Засгийн газар нэг жилийн дараа таван хувийн хүүтэйгээр банкуудад эргүүлж төлөх юм байна. Сангийн яамныхан энэ аргыг векселиэр санхүүжүүлэх гэж тодотгов.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр энэ сэдвээр хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрээр “Засгийн газар жилийн дараа арилжааны банкуудад таван хувийн хүүтэйгээр энэ мөнгийг эргүүлэн төлөх санхүүгийн ,боломжгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ векселийг арилжааны банкуудтай уян хатан байдлаар тохирсон. Засгийн газар өрөө төлж чадаагүй тохиолдолд цаашид хугацаа сунгах асуудал нээлттэй гэдэг байдлаар тохироо хийсэн.
Компаниудын хийсэн ажил бол цаасан дээр бичигдээгүй л болохоос Монгол Улсын өр” гэж ярьж байлаа. Компаниуд төрөөс зуугаас дээш саяын авлагатай байгаа гэнэ. Компаниуд хамгийн ихдээ улсад тавь орчим тэрбум төгрөгийн ажил хийж өгчээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид Сангийн сайдаас сонирхсон асуултдаа хариу авсан юм.
-Мөнгөө авахаар болсон компаниудын гүйцэтгэж байгаа царцаасан барилгууд шийдэгдчих л юм байна. Царцаасан барилгуудаас хэд нь ороогүй вэ?
-Бүгдийг нь оруулвал хүндрэлтэй. 300 гаруй аж ахуйн нэгж бий. 286 нь вексельд хамрагдах боломжтой гэхээр царцаасан барилгуудын асуудал тэр хүрээнд шийдэгдэнэ гэсэн үг.
-Векселиэр санхүүжих компаниуд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Сангийн яамны зүгээс наяас дээш хувийн гүйцэтгэлтэй гэсэн шаардлага тавьсан. Наяас дээш хувийн гүйцэтгэлтэй, ажлаа зуун хувь хүлээлгэж өгсөн бүх объектыг энэ үйл ажиллагаанд хамруулсан. Ийм аж ахуйн нэгжүүдэд л вексель бичиж байна. Аж ахуйн нэгжүүдэд Сангийн яамны зүгээс өөр ямар нэг шаардлага тавиагүй.
-Компаниудад хэрэгцээтэй санхүүжилтийг нь олгоход эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэнэ. Цалин мөнгөө тавьж чадахгүй байсан асуудлаасаа гарна. 286 аж ахуйн нэгжийн ард хэчнээн хүний амьдрал байгаа билээ. Иргэдийн амьдралд шууд утгаараа нөлөөлнө гэсэн үг. Банкуудад зээлээ төлөх боломж компаниудад нээгдэнэ. Зээл авсан арилжааны банкинд нь тухайн аж ахуйн нэгжийн векселийг бичиж өгсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь хэмжээ буурна. Ингэснээр том утгаараа Монгол Улсын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлнө.
-Хэчнээн арилжааны банкинд хүсэлт гаргасан бэ, хэд нь векселиэр санхүүжүүлэх засгийн саналд зөвшөөрсөн хариу өгсөн бол?
-Бүх арилжааны банкинд хүсэлт гаргасан. Сангийн яамнаас тавьж байгаа шаардлагыг хангах бололцоо байна уу гэж асуусан. Долоон арилжааны банк векселийн нөхцөл шаардлагыг хангах бүрэн боломжтой гэсэн хариу ирүүлээд байна. Засгийн газрын тогтоол 176 тэрбум төгрөгөөр гарсан. Гүйцэтгэл дээр нь дахин хяналт тавиад 160 тэрбум болгож танасан.
-Уул уурхайн том төслүүд хөдлөхгүй бол байдал эвгүйднэ гэж ярьцгааж байна. Ер нь өрийн хэмжээ хэр өсөхөөр байна. Оны сүүл рүү цалин мөнгө тавьж чадахгүй байдалд хүрнэ гэсэн яриа хэр ортой вэ?
-Төсвийн орлогын тасалдалтай холбоотойгоор ийм мэдээлэл цацагдаж байгаа болов уу. Гэхдээ өнөөдрийн байдлаар орлогын төлөвлөгөө 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмж дээр хугацаа алдсан тохиолдол огт гараагүй. Цалин тэтгэвэр бол хамгийн эхний ээлжинд олгогддог зардал. Сангийн яамны зүгээс тогтоолын төсөл боловсруулсан. Энэ тогтоолын хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлыг хэмнэх шийдвэр гаргасан. Тасалдал энэ хэвээр үргэлжилвэл төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй. 2014 оны төсвийн тодотголыг хийхэд нэг бэрхшээл гарсан л даа.
Санхүүжилт нь гараад явсан зардлыг тодотгох хүнд байсан. Тэр утгаараа бодит бус тодотгол боллоо гэсэн шүүмжлэл хүлээсэн. Бодит тодотгол болгохын тулд урьдчилсан байдлаар Засгийн газрын тогтоол гаргаж тэвчиж болох зардлыг хойшлуулаад явж байна. Гэхдээ үүнд цалин тэтгэвэр гэх мэт нийгмийн халамжийн зардлууд хамрагдаагүй.
-Төсвийн тодотголыг хэзээ хийх бол?
-Төсвийн тодотголыг ямар нөхцөлд хүрсэн тохиолдолд хийх вэ гэдгийг хуульд заагаад өгчихсөн.
Төсвийн тодотгол хийхийн тулд төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалтай уялдуулж Засгийн газрын тогтоол гарсан гэж ойлгож болно.
-Өрийн хувь хэмжээ хязгаараасаа хэтэрлээ гэсэн шүүмжлэл байна. Энэ тал дээр танаас тодорхой тоо сонсъё?
-Сангийн яаман дээр Засгийн газрын өрийг бүртгэж явдаг. Улсын өр Монгол банкинд бүртгэгддэг. Улсын өрийн хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд он дамжихад 58.3 хувиа бариад гарах төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар улсын өр 50 орчим хувьтай байна.
-Олон улсын байгууллагуудын судалгаагаар Монгол өрийн босгоосоо давлаа гээд байгаа шүү дээ?
-Өрийн удирдлагын тухай хууль гарахдаа улсын өрийн тодорхойлолт өөрчлөгдсөн. Өмнө нь Засгийн газрын өр гэж байсан бол одоо улсын өр гэдэг болсон. Хуулиараа он дамжихад 58.3 хувь байна гэсэн заалттай. Өнөөдөр 50 хувьтай байгаа учраас босго даваагүй гэсэн үг. Өмнөх онд төсвийн зардлыг санхүүжүүлэх хэлбэрээр Засгийн газрын бондыг нэлээд хэмжээгээр гаргаж байсан.
Тэр хэмжээг нь 50 орчим хувиар бууруулсан. Өнөөдрийн тухайд хувийн аж ахуйн нэгжид гаргасан Засгийн газрын нэг ч төгрөгийн баталгаа байхгүй.
-Хэн нэг нь танай намын зургаан сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан талаарх мэдээлэл танд байна уу?
-Одоогоор тийм мэдээлэл надад алга.
-МАН-ын зургаан сайдыг огцруулна гэсэн асуудалд танай намын зүгээс ямар байр суурьтай байгаа бол?
-Би намын байр суурийг илэрхийлдэг хүн биш. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд хэрвээ МАН- аас томилогдсон зургаан сайд үнэхээр ажлаа хийж чадахгүй бол, эсвэл МАН байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа бол бид огцроход бэлэн.
-Зургаан сайд огцорлоо гэж бодоход та өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа юу гэж дүгнэх вэ?
-Эдийн засаг хүнд энэ үед хүндрэлээс гарахын тулд манай яамныхан нөөц бололцоогоо шавхаж ажилласан.
Монголыг хүндрэлтэй нөхцөл рүү оруулсан зүйл бол өр. Өрийн хэмжээ өндөр, төлөлтийнх нь хугацаа ойр байна. Тийм учраас Өрийн удирдлагын хуулийг батлуулсан. Өрийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Өрийн төлөлтийн хуваарилалтыг жигдлэх зорилгоор хэд хэдэн ажил хийлээ. Монгол Улс үндсэндээ уул уурхайн салбараас мөнгө олж байна. Энэ мөнгө тогтвортой орлогын эх үүсвэр биш.
Тэр утгаараа энэ салбараас олсон мөнгийг ирээдүйдээ зориулж хуримтлуулах учиртай. Хуримтлалыг бий болгох хууль батлагдсан. Хүмүүс Монголын гадаад өрийг их ярьдаг. Гэтэл өнөөдөр гадаад өрөөсөө илүү дотоод өртэй болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд бодлогын тодорхой арга хэмжээнүүд авч байна.