Эрүүл мэнд, спортын сайдын мэндчилгээ
Монголын тулгар төр үүсэн байгуулагдсаны 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрүүл мэнд, спортын салбарынхан болон бидний ажил үйлсийг дэмжин хамтран ажилладаг хүн бүхэнд Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс баярын мэндийг дэвшүүлж байна.
2015 онд манай салбарынхан хүн амынхаа эрүүл мэндийг дэмжин хамгаалах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд хамтдаа нэгэн зүрх сэтгэлээр олон ажил үйлсийг амжилттай хэрэгжүүлж ажиллаа.
Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тамирчин, дасгалжуулагч, үйлчилгээний болон бусад ажилтан, шат шатны удирдах ажилтан та бүгдийн хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр энэхүү амжилтад хүрлээ.
Тухайлбал эрүүл мэнд спортын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл ахуйн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Биеийн тамир, спортын тухай хуулиудыг боловсруулан үзэл баримтлалыг батлуулан Улсын Их хурал, Засгийн газарт өргөн барих ажлыг хийлээ.
Биеийн тамир спортын салбарын бие даасан байдлыг ханган улсын хэмжээнд болон орон нутагт ажиллах нэгж байгууллагыг сэргээн байгуулж, нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээг иргэдэд ойртуулснаар эрүүл зан үйл болох идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоо байнга өсөн нэмэгдэж байна.
Хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг албан тасалгааны бус, эмнэлгийн зориулалтаар ашиглах, Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн дутуу баригдсан барилгыг концессийн гэрээгээр дуусгаж ашиглалтад оруулах шийдвэрийг Засгийн газраар дэмжүүлэн гаргууллаа.Үүний зэрэгцээ Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймаг, нийслэл хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-хайрхан, Сүхбаатар дүүргийн спортын ордон, цогцолборыг 2016 онд багтаан дуусгах зорилготой ажлыг эхлүүллээ.
Эрхтэн шилжүүлэн суулгуулсан удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах эмгэгтэй болон хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх иргэдэд төрөөс төлбөрийг нь хариуцан олгодог эмийн төсвийг 1.445 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эдгээр иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс бид хамгаалж чадлаа. Олон улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд 2014 онд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарын Засгийн газрын мөнгөн шагналд 1.5 тэрбум төгрөгийг олголоо. Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг 11.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулснаар оношилгоо, эмчилгээний тасралтгүй байдлыг ханган баталгаажуулж, салбарт үүсээд байсан эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.
Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар эрүүл мэнд, спортын салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашинаар хангах, эмнэлгийн зарим барилгыг ашиглалтад оруулахад чиглэсэн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төслийг Засгийн газраар дэмжүүллээ.
Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалтыг батлуулан, 2015 оны 7 дугаар сарын 1-ээс Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх үйл ажиллагааг эхлүүллээ.
Эмийн бүртгэлийн журмыг шинэчилж, улмаар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа хепатитийн С вирүст халдварыг эмчлэх өндөр үр дүнтэй эмийг Монгол Улсад бүртгэн, дэлхийн зах зээлд борлогдож байгаагаас нэн хямдралтайгаар нийлүүлэх нөхцлийг бүрдүүллээ.
Цагдаагийн албаны болон Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулинд өөрчлөлт оруулж, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт хариуцуулснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэвийн явуулахад учирч байсан бэрхшээл, хүндрэлийг шийдвэрлэх нөхцлийг бүрдүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороог хуралдуулан “Рио-2016” зуны олимпийн XXXI наадамд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулан ажиллаж өнөөдрийн байдлаар буудлага, марафон, пара буудлага, пара пауэрлифтингийн төрөлд 5 тамирчин олимп, паралимпийн наадамд оролцох эрхээ авч, жудогийн тамирчид эрхийн оноогоо амжилттай цуглуулан Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид маань олимпийн эрхийн тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Эрүүл мэнд, спортын салбарынхаа нийт хамт олны өмнөөс сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА